Далайд мэдрэх амт: Мальдивын Ithaa ресторан

Дэлхийн анхны далайн гүн дэх ресторан

Тэнгисийн мандлыг гэрэлтүүлэх нар толгой дээр гийж, дэргэдүүр олон өнгийн далайн амьтад хөвж байх орчинд хооллоно гэдэг гайхалтай биш гэж үү? Ийм ер бусын газар та очихийг хүсвэл Мальдивын Ithaa рестораныг анхааралдаа аваарай

Далайн мандлаас таван метрийн гүнд байдаг Ithaa ресторан анх 2005 онд нээгдсэн бөгөөд ийм төрлөөр нээгдсэн дэлхийн анхны ресторан гэдгээрээ онцлогтой. Энэхүү рестораны дээвэр болон хана бүхэлдээ шилээр хийгдсэн тул ирсэн зочдод яг л далайн гүнд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.

Ithaa гэдэг үгийг орчуулбал сувд гэсэн утгатай юм. Ресторанд зочлон орох хаалга нь маш нууцлаг уур амьсгалтай бөгөөд танхимын төгсгөлд орших мушгирсан шатнууд нь ер бусын сэтгэгдэл төрүүлдэг. Тус рестораны интерьер дизайн болон барилгын ажлыг Шинэ Зеландын M.J.Murphy компани хийж, гүйцэтгэсэн бөгөөд үүнийг хийхэд амаргүй гэдэг нь харахад л мэдрэгдэнэ. Тиймээс тэд нийт 175 тонн жинтэй барилгыг эхлээд Сингапурт бүтээж, дараа нь усан онгоцоор Рангали арал руу зөөсөн байна.

Ithaa ресторан нь есөн м урт ба таван м өргөнтэй жижиг хэмжээний шилэн орон зай юм. Ресторан нэгэн зэрэг 14 хүнд үйлчлэх багтаамжтай. Энэхүү орон зай багатай байдал нь харин ч тус рестораны өөр нэгэн давуу тал болсон гэлтэй. Ресторанд ирэх зочид энд маш тухтай, хувийн орон зайг мэдрэх бөгөөд, чимээгүй орчинд хооллох болно. 

Мэдээж энэхүү зоогийн газрын интьерьер болон далайн орчин нь гол онцлог нь ч гэлээ рестораны цэс ч бас таны сэтгэлийг хөдөлгөх болно. Ithaa ресторанд ерөнхийдөө Европ хоолоор үйлчилдэг. Хэдийгээр Мальдив бараг бүх хүнсний бүтээгдэхүүнээ импороор авдаг ч гэлээ нутгийн загас нь гайхалтай сайхан амттай тул амсаад үзэхээс битгий татгалзаарай. Тухайлбал, нимбэгний шүүсээр амталж, ил гал дээр болгосон алгана загасыг заавал туршиж үзэх хэрэгтэй шүү.

Buro.Mongolia

2016-05-17, 12:00

  • Зураг: