Lantern - Улаанбаатарын шинэ тансаг зэрэглэлийн ресторан
Олон төрлийн нэрийн хоолнууд, амтат коктейлууд, урлагийн бүтээл мэт харагдах декорууд, контемпорари интерьер дизайн гээд шинэлэг бүхнийг цогцлоосон энэхүү орчин зайг яагаад зорих хэрэгтэй вэ?
Аливаа нэгэн ресторанаар үйлчлүүлэхдээ бид хоолны сонголт болон амт чанарт төдийгүй сэтгэлд нийцэх үйлчилгээ, ая тухтай уур амьсгал бүрдүүлэх гоёмсог орчин, мөн цаашлаад хоолны үзэмжтэй байдал, ашиглаж буй хэрэгслүүд гээд жижиг хэр нь басхүү чухал сэтгэгдэл төрүүлж чаддаг деталиудад анхаарлаа хандуулан тухайн газрын талаар дүгнэлтээ хийдэг. Тэр тусмаа орчин үеийн завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүс үйлчлүүлэх ресторанаа сонгохдоо өндөр шаардлага тавьж, тав тухтай орчинд амттай зоог барингаа дотнын хүмүүстэйгээ цагийг таатай өнгөрүүлэхэд, эсвэл чухал бизнес уулзалтууд товлоход тохиромжтой газруудыг илүүд үзэх болсон билээ. Тэгвэл гуравхан сарын өмнө үүд хаалгаа нээсэн Lantern хэмээх нэртэй ресторан хоолны цэс, найрсаг үйлчилгээ, таатай орчин, гоёмсог интерьер дизайнаараа онцгойрон, Монголдоо олон улсад баримтлагддаг рестораны соёлыг хөгжүүлэхийг зорьж байна.
Энхтайвны гүүрний зүүн урд талд сүндэрлэх Режис Плэйс барилгын долоон давхарт байрлаж буй цэлгэр саруулхан орон зайтай Lantern ресторанаар зочилбол өндөр гоо зүйн мэдрэмж шингэсэн контемпорари стилийн дотоод засалд нь хар бараан өнгөнүүд түлхүү давамгайлах ба сонирхол татам декорууд нь шууд л нүдэнд тусна. Мөн рестораны зүрхэнд байрлах ил гал тогоо анхаарал татаж, хоол бүтэх үйл явц ямар орчинд, хэрхэн явагдаж байгааг ажиглах боломжийг өгч буй нь сонирхолтой. Яг байгалиараа, үл ялиг өө сэвтэй мэт харагдах атлаа онцгой нэгэн мэдрэмж төрүүлэх чулуу, мод гээд байгалиас сорчилсон материалууд нь рестораны интерьерийг тодорхойлох гол элементүүд юм. Түүнчлэн хойд жигүүрийн ханыг бүхэлд нь бүрхсэн Буддагийн нүүрний дүрс, KAWS-ийн хүүхэлдэйн баатруудыг санагдуулам баримлууд, Qeeboo брэндийн анаашны дүрстэй гэрэлтүүлгүүд, төрөл бүрийн амьд цэцэгс болон ургамлууд, цэвэр чулуун материалаар урлагдсан том дэнлүүнүүд орчныг чимнэ. Үүний хажуугаар орчин үеийн хэмнэлтэй хөгжим болон сонгодог аялгуунууд ресторанд бүрдсэн уур амьсгалтай сүлэлдэн тааламжтай хоршил үүсгэж, тав тухыг бүрдүүлнэ.
Харин арай чимээгүй орчинд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдсэн оройн зоог барихдаа, найз нөхдөөрөө цуглан тусгай баярт мөчүүдийг тэмдэглэх үед, аль эсвэл чухал уулзалт хийх шаардлагатай тохиолдолд Lantern рестораны 12-14 хүний багтаамжтай VIP өрөөнүүдийг сонгохыг зөвлөж байна. Нийт хоёр төрлийн өрөө байдгаас энгийн VIP өрөөнд үйлчлүүлэгчдийг бүхий л төрлийн тав тух, тансаг тохижуулалт угтах бол VVIP өрөөнд гаднын хүн нэвтрэх боломжгүй ба зөвхөн тусгай картаар онгойх юм. Ерөнхийдөө lantern буюу дэнлүү гэж орчуулагдах уг нэр нь өөрөө гэрэл цацруулж орчин тойрноо гэрэлтүүлж байдаг тул рестораны өвөрмөц концепцтой төгс зохицож чаджээ. Интерьер дизайныг Amaze design студийн дизайнер Билгүүнтэй хамтран гаргасан ба нийт найман сарын хугацаанд засвар ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Үйлчлүүлэгч ресторанд дор хаяж 1-2 цагийг өнгөрүүлдэг тул тав тухтай, чанартай хийцийн тавилгууд маш чухал байдаг. Иймд рестораны дотоод засалтай нь төгс уусах илүү дутуу детальгүй хэр нь гоёмсог хийцтэй тавилгуудаар орчныг тохижуулсан байна. Арьс, илэг, хамба хил зэрэг тансаг материалуудыг хослуулан, контемпорари хэв маягийг шингээж өгсөн тавилгууд нь ширээний ард сууж буй хүний хувцаслалт, гадаад төрхийг тодруулж, зургаа даруулахад тохиромжтой харагдах болно.
Lantern рестораны өөр нэгэн онцлох хэрэгтэй хэсэг бол их хотыг тольдоход зориулагдсан гайхалтай үзэгдэх орчинтой цэлгэр террас билээ. Нар жаргах мөч, үдшийн бүрэнхийд л ажиглагддаг онцгой дүр зургийг Lantern рестораны террас дээрээс мэдрэх боломжтой. Мөн рестораны зохион байгуулалт нь ямар ч төрлийн арга хэмжээ, хүлээн авалт хийх боломжийг олгодог нь том давуу тал юм. Жишээ дурдахад, энд Velin загварын сэтгүүлийн нээлт, 168, Bekatrina, 290 зэрэг орчин үеийн уран бүтээлчдийг хамруулсан үдэш, Meat Stack - Barbecue & Seafood гэх шинэ хоолны төрлүүдтэй танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.
“Бид зочдынхоо хүсэл сонирхлыг маш сайн мэдэж, тэднийг сэтгэл ханамжтай байлгахын тулд шаргуу ажилладаг. Үйлчлүүлэгчдийн хувийн орон зайд нэвтрэлгүйгээр тэдэнд хамгийн сайнаар үйлчлэх тал дээр их анхаардаг” - Lantern рестораны ерөнхий захирал А.Халиунаа.
Lantern рестораны хоолны цэсийг 15 жилийн мэргэжлийн туршлагатай ерөнхийн тогооч Л.Хүрэлбат өөрөө боловсруулан гаргажээ. Тэрээр хоолны амтанд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлс бол бүтээгдэхүүний чанар болон хоол боловсруулж буй арга барил гэсэн юм. Иймээс рестораны хамт олон чанарын стандарт хангасан, амт чанараараа онцгойрох бяслаг, стейкны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргийг Япон, Турк, Өмнөд Солонгосоос онгоцоор тусгайлан шинээр нь авчирдаг гэнэ.
Рестораны үндсэн цэсэнд үхэр, хонь, тахиа, гахай, загасны махтай олон төрлийн нэрийн хоолнууд багтдаг. Lantern-ы тогооч нар бүтээгдэхүүний яг өөрийн давтагдашгүй амтыг нь гаргаж ирэхийн тулд сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар хоолнуудаа бэлтгэдэг байна. Тодруулбал, нэг төрлийн хоолонд орох махыг гурван өөр төрлийн аргаар бэлтгэдэг гэнэ. Жишээ нь, үйлчлүүлэгчдийн хамгийн их захиалдаг Lamb plate буюу хонины цуглуулгыг бэлтгэхийн тулд хонины хавиргыг грилл дээр шарж, нурууны хэсгийг дээрээс нь шарж болгодог төхөөрөмж ашигладаг бол цоройн хэсгийг өөрийнх нь шүүсэнд шарах арга хэрэглэдэг байна. Түүнчлэн бусад зоогуудаа бэлтгэхдээ мөн л махны өөр өөр хэсгүүдээс нь сонгож, өмнө нь дурдсан аргуудыг ашигладаг нь бидний сонирхлыг ихэд татсан юм. Ерөнхийдөө Lantern ресторан хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг алдагдуулалгүйгээр зөв аргаар боловсруулахад чухал ач холбогдол өгч, мах болон ногооны яг өөрийн амтыг нь зочдод мэдрүүлэхийн тулд олон төрлийн амтлагч болон сүмс ашигладаггүй билээ. Мөн Lantern цаашид улам сайжрах үүднээс илүү орчин үеийн, шинэлэг хоол боловсруулах технологи нэвтрүүлэхээр бэлдэж буйгаа хуваалцлаа. Хэрэв үйлчлүүлэгч махтай хоолонд сонирхолгүй бол өөрийн хүслээр хоолоо сонгон захиалах боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй юм.
Lantern-ы өөр нэгэн дурдвал зохистой онцлог бол хоолнуудын харагдах үзэмж билээ. Ерөнхий тогооч Л.Хүрэлбат “Хоолны харагдах үзэмж маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Идэж буй хоол нь зөвхөн амт төдийгүй харагдах байдлаараа таатай мэдрэмж төрүүлбэл тэр өдрийн сэтгэл ханамж өндөр байх болно” хэмээн бидэнтэй хуваалцсан юм. Харин Lantern ресторанаар анх зочилж байгаа үйлчлүүлэгчдэд ямар хоол захиалахыг санал болгох талаар асуухад, тэрээр туна загасны тартар болон шарсан ногооны салат эсвэл хавчны махтай салат захиалж, үндсэн хоолондоо тахианы махтай хоол зооглохыг зөвлөсөн юм. Мөн хоолны дараа дессерт идэхийг хүсвэл рестораны санал болгох Leo Patisserie-ийн бялуунуудаас сонголтоо хийх боломжтой.
Ийнхүү Lantern ресторан Монголд тэр бүр олддоггүй бөгөөд зах зээлд байгаа хамгийн сайн чанарын хүнс, бүтэгдэхүүн ашиглаж, тусгай хоол боловсруулах аргуудыг хэрэгжүүлээд зогсохгүй олон улсад тогтсон хоолны соёл, стандартыг түгээхээр зорьж байгаа юм. Рестораны ерөнхий захирал А.Халиунаагийн хуваалцсанаар тэд үйлчлүүлэгчдээс эерэг, сөрөг гээд олон төрлийн санал хүсэлт авдаг бөгөөд тэдгээрийг зүгээр сонсоод өнгөрөөх биш, харин анхааралдаа аван үйл ажиллагаагаа сайжруулан ажиллахыг зорьдог гэнэ. Тэрээр “Үйлчлүүлэгчид маань манай ресторанаар дахин үйлчлүүлж, ойр дотнын хүмүүстээ Lantern-г санал болгодог нь бидний хувьд хамгийн том амжилт гэж боддог” хэмээсэн юм.
Lantern рестораны бартендерүүд дийлэнх коктейлуудаа мөн л өөрсдөө зохиосон байна. Тэд Монголд маш ховорхон олддог, зах зээлдээ тэргүүлэгч ликёр, текила, жин, виски ашигладаг ба амтат коктейль найруулахад шаардлагатай сироп, жимс, иддэг цэцэгсийг мөн гадаадаас захин авчирдаг аж. Коктейлийн цэс улирлаас хамааран тогтмол өөрчлөгддөг ба тэд аль болох монголчуудын бие организмд тохирсон онцгой жорууд боловсруулдаг гэнэ. Үйлчлүүлэгч зөвхөн өөрт нь зориулагдсан тусгай жорын коктейль амтлахыг хүсвэл бартендэрүүд таны тухайн үеийн сэтгэл санааны байдалд зохицох уух зүйл бэлтгэж өгөх юм.
Хаяг: ХУД, 120 мянгат, Режис Плэйс, 7 давхар
Холбогдох утас: 75077676
Facebook: Lantern Restaurant
Instagram: @lantern.restaurantub
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт