Онцлох Instagram: Эрүүл орцтой, идэхээс ч хайран харагдах амттанууд хийдэг @nomuyeru
Дагаад хийхэд хялбар жортой бичлэгүүд оруулдаг бүтээлч хуудас
Энэ удаагийн онцлох Instagram булангаараа 21 настай Е.Номударийн хөтлөн явуулдаг @nomuyeru гэх төрөл бүрийн амттан болон хоолны жорууд оруулдаг нэгэн бүтээлч хуудсыг онцолж байна. Уг хуудсаар зочилбол Номударь нь бялуу, жигнэмэг, талх гээд түлхүү амттанууд хийх дуртай нь шууд л мэдэгдэнэ. Тэрээр хоёрдугаар зэргийн тогооч ба энэ оны эхээр блогоо идэвхтэй хөтөлж эхэлсэн бөгөөд ингэхдээ дэлгэрэнгүй жортой богино хэмжээний бичлэгүүд оруулж эхэлсэн юм. Дагаад хийхэд илүү хялбар, ойлгомжтой байлгах үүднээс ийнхүү жоруудаа бичлэг хэлбэрээр оруулж эхэлсэн ба тэрээр угаас бичлэг авах, янзлах хоббитой болохоор энэ нь ч түүнд хэцүү санагддаггүй гэнэ. Тэрээр өнөөг хүртэл 40 орчим сонирхолтой жоруудаас хуваалцаад амжсан байна.
Нарийн боовны тогоочоор ажиллаж байсан туршлагатай Номударь өөрийн хуудсаараа дамжуулан хүмүүст эрүүл орц ашиглан биед сөрөг нөлөөгүй, харин ч эсрэгээрээ шим тэжээл өгөх амттанууд хийх боломжтой гэдгийг ойлгуулахыг хүсдэг гэнэ. Ерөнхийдөө хүмүүсийн хоолны талаарх ойлголтыг илүү сайжруулах хүсэл тэмүүлэлтэй гэдгээ онцолсон юм. Тэрээр "Хүмүүс эрүүл хооллоно гэхээр өндөр өртөгтэй гэж боддог. Яг үнэндээ бол тийм биш. Мөн хүмүүс нарийн боовыг сөргөөр хүлээж авах нь элбэг тохиож байна. Гурилан бүтээгдэхүүн болохоор эрүүл мэндэд хортой, таргалуулдаг гэх мэт яриа өргөн тархсаар. Гэвч гурилан бүтэгдэхүүнийг, мөн төрөл бүрийн амттануудыг эрүүл орцоор хийж болдог. Жишээ нь, цагаан талхыг нойтон хөрөнгөөр хийх юм бол энэ нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй байдаг. Би өөрийн хуудсандаа иймэрхүү эрүүл жоруудыг их оруулдаг" хэмээсэн билээ.
Та магадгүй саяхан Instagram-р монгол төдийгүй гадаад хүмүүсийн зүгээс маш их хандалт авсан монгол битүү шөлийн жортой нэгэн бичлэгийг харсан л байх. Тэр бичлэгийг @nomuyeru хийсэн ба энэ нь түүний хамгийн их хандалт авсан постоор тодорчээ.
Тэрээр ямар нэгэн жор нийтлэхээсээ өмнө хоёроос гурван удаа хийж, туршиж үздэг. Тэгж байж өөрт таалагдсан хувилбарыг олсноор бусадтай хуваалцдаг гэнэ. Тэгэхлээр нэг бичлэг хийхэд гурваас долоо хоног зарцуулдаг байна. Дагагчдадаа зориулж хийж байгаа учир хүн бүр хийж чадахаар жор оруулдаг. Мөн олдоц сайтай материал ашиглан жороо оруулах нь түүний хувьд маш чухал гэнэ. Суурь мэдлэг, онол сайтай болохоор өөрөө ургуулан сэтгэж, төрөл бүрийн жор зохиох дуртай гэнэ. Бэлэн байдаг жорууд ашиглах биш, харин өөрөө туршиж үзсэн жоруудаас хуваалцдаг нь уг хуудсыг бусдаас онцгойруулдаг өөр нэгэн чанар юм. “Ер нь сэтгэл шингээгүй, зүгээр л контентын төлөө хийсэн зүйл шууд л мэдэгддэг”.
Сонирхуулахад, тэрээр саяхан бялуу хийж сурах онлайн сургалт зарласан ба хүмүүс маш идэвхтэй хамрагджээ. Бялуу хийж сурах хүсэлтэй хүмүүс түүн рүү тогтмол бичдэг байсан тул тэрээр сургалт эхлүүлэхээр шийдсэн байна. Хэсэг хугацааны дараа зөвхөн эрүүл амттанууд болон эрүүл орцтой бялуу хийхийг заах онлайн сургалт эхлүүлэх сонирхолтой байгаа гэнэ.
Ингээд амттай, мөн хамгийн гол нь эрүүл амттануудын жоруудтай танилцацгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт