Өвөл ирж байна!
Өдөр ирэх тусам гадаа сэрүүсч, улам л бүрэнхий болж, өвлийн улирал хаяанд иржээ. Тиймээс одооноос эхлэн амин дэм, антиоксидант, “зөв” тослогтой хүнсний бүтээгдэхүүн идэж, дархлаагаа дэмжиж бие организмаа өвлийн хүйтнээс авраарай!
Хэрэв та энэ зунжингаа салат, жигнэсэн ногоо, тахианы цээж махаар хооллосон бол одоо энэ арга барил тань хүйтний улиралд үйлчлэхгүй. Харин ч эсрэгээрээ та хамрын ханиад хүрч, үргэлж бээрч, хөрөх болно. Тиймээс одоо амин дэм, антиоксидантаар баялаг, тослог ихтэй хүнсээр хөргөгчөө дүүргээрэй! Ингээд Бюро 24/7 дархлаа дэмжиж, таныг "мөхөөлдөс" болохоос аврах хүнснүүд санал болгож байна.
Мах, мах, бас дахиад мах!
Юуны өмнө манай улс Европ, Америкийн бусад орноос огт өөр цаг агаартай гэдгийг сануулах хэрэггүй биз ээ. Мэдээж хэрэг жимс, ногоогоор баялаг цагаан хооллолт нь бидний эрүүл мэндэд тустай хэдий ч Монгол орны цаг агаарын онцлогоос болж махыг хүнсэндээ хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь ялангуяа өвлийн улиралд бүр ч их хамаатай. Улаан маханд маш их хэмжээний уураг болон төмөр агуулагдаж байдаг. Мөн эрүүл тэнцвэртэй хоолны дэглэмд улаан мах маш том үүрэгтэй байдаг гэж Их Британийн Telegraph сонинд бичсэн байна. Тухайлбал D, B аминдэм болон цайр, селен, амин хүчлүүд зэрэг хүний биед хэрэгтэй асар их шим тэжээлийг махнаас авч болно. Мөн хүний биед зайлшгүй шаардлагатай өөх тосыг бид махнаас л хамгийн сайн чанартайгаар авдаг. The American Journal of Clinical Nutrition сэтгүүлийн 2012 онд хийсэн судалгаанд үхрийн мах идэх нь цусан дахь холестирины түвшинг бууруулж, зүрх судасны эмгэгээс сэргийлдэг гэж тогтоосон байна. Тиймээс одооноос эхлээд үхэр, хонины махыг хоолны цэсэндээ тодорхой хэмжээгээр оруулж өгөөрэй! Та шарсан стейк эсвэл шинэ хонины махтай шөл гээд төрөл бүрийн амттай хоол хийж болно шүү. Гол нь хэмжээг нь л тааруулах нь чухал юм.
Жирийн төмсийг амтат төмсөөр солиорой
Амтат төмс нь жирийн төмсийг бодвол хамаагүй шим тэжээлтэй ба цардуул багатай. Энэхүү супер хүнс нь C аминдэм, тиамин, кали, манган зэрэг нэн шаардлагатай шим тэжээлийг агуулдаг. Амтат төмсөнд хамгийн их хэмжээгээр агуулагддаг зүйл бол C аминдэм юм. "Бидний өдрийн хэрэгцээнд шаардлагатай C аминдэмийн 70% нь нэг том амтат төмсөнд байдаг" гэж эрүүл хооллолтоороо алдартай Их Британийн тогооч Жейми Оливерын вебсайт дээрээ бичжээ. Тиймээс хэрэв та дархлаагаа дэмжихийг хүсвэл өдөр тутмын хоолондоо амтат төмс оруулаарай. Амтат төмсийг шарж, жигнэж, зууханд болгож, нухаж, яг л энгийн шар төмсийг хэрэглэдэг шиг хүссэнээрээ идэх боломжтой. Хэрэв та шарсан төмсөнд дуртай бол амтат төмсөөр "french fries" хийгээд үзээрэй. Түргэн хоолны шарсан төмснөөс хамаагүй амттай бөгөөд эрүүл мэндэд тустай зууш болно шүү.
Яргай загаснаас татгалзах хэрэггүй
Бид D аминдэмийг байгалийн жамаар нарнаас голчлон авдаг ч өвлийн улиралд энэ нь асуудалтай болж ирдэг. Birmingham City University их сургуулийн мэргэжилтэн Мэл Уэйкманы хэлснээр бол 11:00-15:00 цагийн хооронд дор хаяж 20-30 минут гадаа наранд гарч D аминдэм авах боломжтой гэжээ. Гэвч өвлийн улиралд энэ нь бараг л боломжгүй тул бид идэж буй хүнснээсээ D аминдэмийг нөхөх хэрэгтэй юм. Жишээ нь яргай ба туна загас, өндөг, бяслаг, мөөг, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь D аминдэмээр баялаг байдаг. Эдгээр хүнснээс яргай загас нь хамгийн их хэмжээгээр D аминдэм агуулдаг гэжээ. Ясгүй яргай загасны гол махны тал нь л бидний өдөрт хэрэгцээтэй D аминдэмийг хангалттай агуулдаг байна.
Ханиадны эсрэг аньсыг ашиглаарай
Яг одоо хүнсний захуудаар худалдаалж байгаа аньснаас аваад хөлдөөж нөөцлөөрэй. Энэхүү супер жимс нь өвлийн улиралд таныг ханиад томуунаас аврах болно. "Аньс нь C аминдэм, антиоксидант, полифенолоор баялаг тул дархлаа болон зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг" гэж Medical News Today вебсайт тодорхойлсон байна. Тийм учраас та аньсыг буцалгаж, шүүсийг нь ууснаар өөрийгөө ханиад, томуунаас сэргийлж чадна.
Амттанг ч орхигдуулахгүй
Одоо шоколаднаас татгалзах хэрэггүй боллоо. Гэхдээ мэдээж бид хар шоколадны талаар ярьж байгаа. Тэр тусмаа тослог ба какаоны агууламж өндөртэй шоколад нь таны дархлааг дэмжинэ гэж Их Британийн Nutrition сэтгүүл үзэж байна. Какао нь дархлааны Т-лимфоцит эсийн өсөлтийг нэмэгдүүлдэг. Тиймээс хар шоколадыг дангаар нь идэж эсвэл халуун сүүнд хайлуулж ууж болно шүү. Ханиадны эсрэг амттай аргаар яагаад тэмцэж болохгүй гэж?
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт