Энэ зун таны ширээг өвөрмөц, гоёмсог байдлаараа чимэх төрөл бүрийн цэцэгстэй жигнэмэгийг гэртээ хийж туршихыг бид зөвлөж байна. Магадгүй таны зочдын харсан хамгийн үзэсгэлэнтэй амттан байх болно. Энэхүү тренд нь Скандинав улсын нарийн боовч нар болон блогеруудын ачаар хүчээ авч эхэлсэн билээ. Тэд урин дулаан зуны улирал ирмэгц хүнсэндээ хэрэглэж болох лаванда, голт бор, нил цэцэг, балжингарам, багваахай зэрэг цэцэгсээр амттанаа чимэглэж эхэлдэг байна. Ийм төрлийн жигнэмэг хийхдээ зөвхөн улирлын чанартай ургамал төдийгүй цэцгийн дэлбээ эсвэл жижиг сарнай цэцгийг ашиглаж болох юм.
Эдгээр гоёмсог цэцэгсээр бүх төрлийн жигнэмэгийг чимэглэж болох тул та өөрийн бүтээлч байдлаа ашиглан бусдыг гайхшруулаарай. Түүнчлэн эдгээр амттанууд таны Instagram хуудсыг чимэглээд зогсохгүй маш тааламжтай бэлэг болох юм шүү. Өөрийн гараар хийсэн бөгөөд сэтгэл тань шингэсэн эдгээр цэцэгстэй жигнэмэгүүд хэнийг ч уярааж чадна.
Орц:
- 200 г улаан буудайн гурил
- 150 г хүйтэн цөцгийн тос
- 100 г элсэн чихэр
- 1 ш өндөг
- дурийн хэмжээгээр ванилийн ханд
- 1 ц.х. давс
- 2 х.х цэвэр ус
- 30 ш дурийн хүнсэнд хэрэглэж болох цэцэгс
Хийх жор:
- Юуны өмнө цэцэгсийг бага зэрэг хатаах хэрэгтэй. Үүний тулд та нэг өдрийн өмнө бүх цэцгүүдээ номын хуудсан дунд хийгээд дээрээс нь хүнд зүйлээр дараад орхиорой. Хамгийн гол нь хоёр хоногоос дээш хугацаанд хатааж болохгүй гэдгийг санах хэрэгтэй шүү. Эс тэгвээс тэд өнгөө алдаж, таны жигнэмэгүүд үзэмжгүй харагдах болно. Ердөө 12 цаг хатаахад л болох юм.
- Эхлээд өндөгний цагаан болон шарыг ялгана. Зуурмаг бэлтгэхийн тулд өндөгний шар, жижиг дөрвөлжин хэсгүүдэд хуваасан цөцгийн тос, элсэн чихэр, ванилийн ханд болон давсаа гурилан дээрээ нэмнэ. Сайтар хольж зуурсан зуурмагаа дугуй хэлбэртэй болгоод 30 минут хөргөгчид амраана. Тэр хооронд шарах шүүгээгээ 180 хэмд тохируулан асаана. Зуурмагаа гаргаж ирээд 3-4 мм орчим нимгэн болтол нь гурил цацсан гадаргуу дээр илдэнэ. Дараа нь өөрийн хүссэн хэлбэр, дүрснүүддээ оруулаад хуудсан дээр тавин долоон минут шарх шүүгээнд жигнэнэ.
- Бэлэн болохоор нь жигнэмэгүүдээ гаргаад бага зэрэг хөргөх хэрэгтэй. Харин дараа нь өндөгний цагааныг хоёр хоолны халбага устай холиод жигнэмэг дээрээ зөөлөн байдлаар түрхэнэ. Жигнэмэг бүрийн дээр цэцэгсээ сайтар наалдуулж тавиад дахиад устай өндөгний цагааныг дээрээс нь түрхэнэ.
- Дараагаар нь 10 минутын турш цэцэгстэй жигнэмэгүүдийг шарх шүүгээнд жигнэнэ. Гаргасныхаа дараа хэсэг хугацаанд хөргөж таглаатай гоёмсог тавганд хадгалаарай.