Вера Ванг ба Ladurée нар хамтран амттаны цуглуулга гаргалаа

Наргил модны самартай макарон ба бялуу

Гоёмсог хуримын даашинзуудаараа алдартай дизайнер Вера Ванг Францын тансаг зэрэглэлийн амттаны брэнд болох Ladurée-тэй хамтран амттаны шинэ цуглуулга гаргажээ.

"Vera Wang Pour Ladurée" нэртэй энэхүү цуглуулгад хоёр төрлийн амттан багтсан байна. Тэд наргил модны самраар хийсэн кремтэй макарон мөн манго болон мөн л наргил модны самартай таван давхар бялууг урлажээ. Сонирхуулахад таван давхар бялууг Вера Вангийн урласан даашинзны хормойг дуурайн бүтээсэн байна.

"Миний Парисын тухай хамгийн тод сэтгэгдлүүд үргэлж Ladurée-тэй холбоотой байсаар ирсэн. Жишээ нь би тэнд хачиртай талх идэн, цай ууж, ээжтэйгээ хамт ямар нэг зүйл худалдан авч эсвэл охидтойгоо хамт өдрийн хоол зооглож байснаа дурсдаг" гэж Вера ярьсан юм.

Дашрамд дурдахад хуримын бялууг зөвхөн захиалгаар хийх бол макароныг Нью-Йорк хотын Ladurée брэндийн дэлгүүрүүдэд нэгдүгээр сарын 26-н хүртэл амтлах боломжтой.

Buro.Mongolia

2018-01-15, 10:00

  • Зураг: