Тав тухтай “Хюгге” амьдралын хэв маяг гэж юу вэ?

Хэрхэн үүнийг хэрэгжүүлэх вэ?

Скандинавын амьдрах урлагт дэлхий нийтээрээ суралцахыг хүсч байна. Тэгэхээр "Хюгге" гэх үгээр хүмүүс юуг илэрхийлж, яагаад түүн рүү тэгтлээ их татагдаж байгааг эндээс уншицгаая

"Хюгге" гэдэг үг 2016 оны Оксфордын толины хамгийн түгээмэл үгнүүдийн жагсаалтанд багтжээ. Өнгөрсөн онд л гэхэд энэ сэдвээр арван ном хэвлэгдэн гарсан байна. Эдгээрээс хамгийн алдартай нь Ану Партенаны "The Nordic Theory of Everything: In Search of a Better Life" ном юм. Энэ номыг Опра Уинфри хүртэл санал болгосон байдаг.

"Хюгге" гэдэг үгийг энгийнээр орчуулбал "Тав тух" гэсэн утгатай юм. Энэ нь хойд зүгийн орнуудын тайван, эв нэгдэлтэй, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн амьдралын хэв маягийг илтгэдэг. Ингээд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын ололтыг өөрсдийн өдөр тутмын амьдралдаа тусгаж, хэрхэн "хюгге" амьдрах талаар дэлгэж байна.

Ямар утгатай вэ?

Яг нарийн орчуулга байдаггүй ч "Тав тух" гэсэн үгтэй хамгийн ойролцоо утгатай болно. Энэхүү үг нь Норвеги хэлнээс гаралтай бөгөөд "Энх амгалан" гэсэн утгыг агуулж байдаг.
"Хюгге" бол халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ойр дотны хүмүүстэйгээ амьдралын аз жаргалтай мөчүүдийг мэдрэхтэй адил юм. Энэхүү үгний утга учрыг жинхэнэ утгаар нь мэдрэхийн тулд хайртай хүмүүстэйгээ, маш тав тухтай, хувийн орон зайд цаг хугацааг өнгөрөөх хэрэгтэй.

Сонирхуулахад Голланд, Швед, Герман хэлэнд "gezellig", "gemytlig", "gemütlich" зэрэг "хюгге"-тэй ижил утгатай үгнүүд байдаг.

Юуг "хюгге" гэж нэрлэх вэ?

Гэр бүлийн баяр, найзуудын хүрээнд оройн зоог барих, ном унших, халуун ваннд орох, нэхмэл цамц өмсөж, хөвсгөр хивсэн дээр тухлах, зөөлөн шаахай углах, халуун шоколад уух, дулаан халаат нөмрөх, сайхан үнэртэй лаа асаах, ноосон бүтээлэг дэлгэх, шар айраг шимэх, глёг (улаан дарсаар хийсэн скандинавын халуун ундаа) балгах, камин зуух ширтэх, модон байшинд амьдрах, зөөлөн даавуу мэдрэх, шанзтай нарийн боов амтлах зэрэг олон зүйлсийг "хюгге" гэж хэлж болно.

Өвөл тэр дундаа Зул сарын ба Шинэ жилийн баяр хамгийн "хюгге" улиралд тооцогддог. Учир нь энэ үеэр хүмүүс гэр бүлээрээ цугларч, амттай хоол хийж, дулаан хувцаслаж, лаа худалдан авч, гэрээ чимэглэн тохижуулж тав тухтай байдлыг бүрдүүлдэг. Тэгэхдээ "хюгге" амьдралын хэв маягийг аль ч улиралд, ямар ч цагт хэрэгжүүлж болно. Жишээ нь ойр дотны хүмүүстэйгээ зугаалгаар явж, найзуудтайгаа хөгжмийн наадамд оролцож, зүгээр л гэр бүлийн үдэш зохион байгуулах гээд хүссэн цагтаа "хюгге" хэв маягаар амьдарч болох юм.

"Хюгге" амьдралын хэв маягийн талаар өөр хаанаас олж мэдэх вэ?

Өнгөрсөн жилийн хугацаанд энэхүү үзэгдлийн талаар англи хэл дээр олон арван ном хэвлэгдэн гарсан байгаа. Мөн Instagram олон нийтийн сүлжээнд "хюгге" дизайнд зориулсан олон хуудаснууд байдаг.

Хэрхэн амьдралаа илүү "хюгге" болгох вэ?

"Хюгге" амьдралын хэв маягийг бүрдүүлдэг гол зүйлс нь нягт холбоо, дотно харилцаа, уучлах чадвар, амар тайван, тав тухтай байдал юм. Тиймээс амьдралаа илүү тав тухтай, жижиг аз жаргалуудаар дүүрэн болгохын тулд эдгээр элементүүдийг анхааралдаа аваарай.

Юуны өмнө дэр, бүтээлэг, зөөлөн хивс, зураг, ном, лаа, ургамал, ширээний чийдэн эсвэл хэлхээ чимэглэл зэрэг аль болох олон деталиудыг интерьертээ нэмэх хэрэгтэй. Мөн дулаан, гэрэл, гэгээтэй байх тусмаа илүү тав тухтай харагдана.

Харин дараа нь өөрийн гараар ямар нэг зүйл хийж сураарай. Энэ нь оригами, шавар ваар, зураг, нэхмэл цамц, хулсан сав гээд юу ч байж болно. Гол нь сэтгэл зүрхээ шингээж хийсэн байх ёстой.

Үүнээс гадна, бялуу, жигнэмэг зэрэг амттай зүйлсийг гэртээ заавал байлгах хэрэгтэй шүү. Эдгээр амттан заавал үзэмжтэй, төгс харагдах албагүй. Харин ч илүү "гэрийн" байвал давуу тал болно.

Бас дотны хүмүүс рүүгээ ойр, ойрхон утсаар ярьж, гэртээ урьж, найзууд, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Гол нууц нь яаралгүй, аль болох эргэн тойрныхоо хүмүүст талархлаа илэрхийж байх нь чухал.

Дэлхий асар хурдацтай хөгжиж мөн амар тайван бус нөхцөл байдалд байгаа энэ үед олон хүмүүс тав тухтай орчинд амьдарч, "хюгге" үзэгдлийг сонирхох болсон нь хэвийн зүйл юм. Мэдээж дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх нь хэцүү. Тиймээс дэлхийг аврах зуураа амьдралын жижиг зүйлсээс баяр баясал, аз жаргалыг мэдрэх нь чухал юм.

Buro.Mongolia

2017-03-16, 09:00

  • Зураг: