Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж бидний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс амьдрал дээр биеллээ олсоор л байна. Өнгөрсөн хугацаанд бид улс төр, нийгэм, шинжлэх ухаан, техник технологи, эрүүл мэнд зэрэг олон салбаруудад ололт амжилт болоод харуусал гунигаар дүүрэн он цагийг туулсан билээ. Тухайлбал, дэлхий дахиныг цочролд оруулсан цар тахал, хүчирхэг гүрнүүдийн ширүүхэн дайн, хүн төрөлхтөн сарны өмнөд туйлд анх удаа өөрсдийн аппаратыг буулгасан зэрэг түүхэн үйл явдлууд болж өнгөрсөн. Тэгвэл ирэх жилүүдэд ямар чухал үйл явдлууд болж өнгөрөх бол? Олон жилийн судалгаа шинжилгээ, тоон статистик дуур суурилан гаргасан чухал таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
НҮБ-ын Дэлхийн хүн амын хэтийн төлөвийн тайланд 2034 он гэхэд хүн амын дундаж наслалт 75.2 болж өснө хэмээн мэдээлжээ. Энэхүү тооцооллыг дэлхийн хүн амын дундаж наслалтын суурь судалгаа, ард иргэдийн амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйлс дээр тулгуурлан гаргасан ба улс орнуудад ядуурлын түвшин мэдэгдэхүйц буурч эхэлж байгаа нь томоохон нөлөө үзүүлсэн байна. 1950 онд дэлхийн хүн амын дундаж наслалт ердөө 46.5 байсан бөгөөд энэ цагаас хойш эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, хүнд хэлбэрийн өвчин эмгэгийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлснээс гадна хүн амын эрүүл мэндийн боловсрол эрс сайжирсан нь ийнхүү 100 хүрэхгүй жилийн дотор дундаж наслалт хурдацтай нэмэгдэх гол шалтгаан болсон гэж хэлж болно. Харин манай улсын хувьд 2023 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.62, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.85 байгааг Үндэсний Статистикийн хороо мэдээлсэн. Техник технологи, шинжлэх ухааны салбарын эрчимтэй хөгжлийн үр дүнд дундаж наслалт цаашид ч улам өсөх магадлал өндөр байгаа хэдий ч үүнийгээ дагаад хоол хүнс, хог хаягдал, эрчим хүчний хэт их хэрэглээ зэрэг олон асуудлууд давхар яригдах нь гарцаагүй.
BCI буюу тархи-компьютерын интерфейс нь тархинд үүссэн нейроны дохиоллыг тайлж боловсруулахад хиймэл оюун ухааныг ашигладаг технологи буюу бодлын хүчээр компьютерыг удирдах боломжтой тархины суулгац юм. Одоогоор зөвхөн эрүүл мэндийн салбарт, саажилт зэрэг хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс ашиглаж буй тархины суулгацыг ирэх жилүүдэд энгийн хүмүүс ч өөрийнхөө илүү ухаалаг, илүү хурдан хувилбарыг бий болгохын тулд хэрэглэж эхлэх магадлал өндөр байна. Precision, Neuralink зэрэг энэ салбарт үйл ажиллагаа явуулж, чип үйлдвэрлэдэг олон компаниуд хүн төрөлхтний чадавхыг шинэ түвшинд хүргэх хэтийн зорилготой буйгаа илэрхийлээд байгаа юм.
48 улсын 300 орчим мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгаар ирэх 10 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинаа хамгийн санаа зовоосон асуудал хэвээр байна гэж хариулжээ. Дэлхийн дулаарлын гол шалтгаан болдог хүлэмжийн хийн ялгарал нь хурдацтай хотжилт, томоохон үйлдвэрлэлүүдээс гадна ард иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, хэрэглээ, дадал зуршилтай салшгүй холбоотой. Олон улсын судалгааны компаниудын тооцоолж буйгаар бид дорвитой өөрчлөлт авахгүй явсаар байвал ойрын жилүүдэд хүлэмжийн хийн ялгарал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэжээ. Мөн түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2030 он гэхэд 130 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлээд буйг ч дурдсан юм. Монгол улсын хувьд хөдөө аж ахуйн салбар болон түүхий нүүрсний хэрэглээ хүлэмжийн хийн ялгаруулалтад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйлс болдог ба сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.25 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр тоо юм.
Ердөө хоёр жилийн өмнө НҮБ-аас эх орноосоо дүрвэсэн иргэдийн тоо түүхэнд анх удаа 100 саяыг давлаа хэмээн мэдээлж байлаа. Үүнээс хойш томоохон улс гүрнүүдийн дунд үүссэн дайн, шашны мөргөлдөөн, байгалийн давтагдашгүй хүчин зүйлсээс үүдэж дүрвэгсдийн тоо тогтмол өссөөр 114 саяд хүрсэн байна. Нийт дүрвэгсдийн дийлэнх хувийг Сири, Украйн, Венесуэл, Афганистан, Судан гэсэн таван орны иргэд бүрдүүлж буй бөгөөд улс оронд нь үүсээд буй үймээн самуунаас үүдэж тэд ердөө амьд үлдэхийн тулд л эх орноо орхин явах сонголтыг хийж буй нь харамсалтай. Харин дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болсон ган, зуд зэрэг байгалийн хүчин зүйлс Өмнөд Африк тивийг орхин явах гол шалтгаан болж байна. НҮБ-ын мэдээлснээр өмнөх 10 жилийн хугацаанд улс доторх болоод улс хоорондын шилжилт хөдөлгөөн үлэмж нэмэгдсэн бөгөөд дараагийн 10 жилд энэ тоо даруй 70 гаруй хувиар нэмэгдэж 200 саяыг давах магадлал өндөр байна хэмээжээ.
Хиймэл оюун ухааны салбар дахь инновац нь хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох чухал хэмжүүр болоод байна. Эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, тээвэр, банк санхүү зэрэг чухал салбаруудад хиймэл оюун ухааны эрэлт нэмэгдэж, маш олон ажлын байр бүрэн автоматжиж эхлэх нь цаг хугацааны л асуудал болоод буй. 2023 онд хийгдсэн судалгаагаар дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй салбар, байгууллагуудын 38% нь хиймэл оюун ухааныг өөрсдийн ажлын үйл явцдаа нэвтрүүлсэн бол 40% нь тун удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Жишээлбэл, автомат жолоодлого бүхий тээврийн хэрэгсэл сүүлийн таван жилийн хугацаанд маш олон туршилтыг амжилттай хийж, улам боловсронгуй болсоор байгаа нь жолоочгүй такси, ачааны машин цаашид бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох эхлэл юм. Мөн түүнчлэн хиймэл оюун ухааны том хэмжээний дата өгөгдөлд богино хугацаанд дүн шинжилгээ хийх чадварын ачаар эрүүл мэндийн салбар аливаа өвчнийг богино хугацаанд оношилж эхэлсэн бөгөөд ирэх арван жилийн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилан бүтээсэн робот мэс засалч, асрагч гэх мэт ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байгаа билээ.
Эрчим хүчгүйгээр бид хүн төрөлхтний хөгжил дэвшлийг төсөөлж үл чадна. Тэгвэл байгальд их хэмжээний хүлэмжийн хий, хорт бодис ялгаруулдаг байгалийн эрдэс баялгаас бус нар, салхи зэргээс гарган авдаг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ашиглалт дэлхий дахинд улам нэмэгдсээр буй сайн мэдээ бидэнд бий. Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон эрчим хүчний станцуудын талаас илүү хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлтийн дийлэнх хувийг эзэлдэг нүүрс болон газрын тосыг орлох нүүрстөрөгчийн агууламж багатай байгалийн хийн эрэлт, нийлүүлэлт ойрын жилүүдэд улам ч өсөх хандлага ихтэй байгаа нь хүн төрөлхтөнд өөрчлөлтийн салхийг сэвэлзүүлж байх шиг. Ард иргэдийн хувьд ч эрчим хүчний хэрэглээндээ хариуцлагатай хандах шаардлагатай цаг үе ирсэн бөгөөд өдөр тутамдаа цахилгаан хэрэгслээ эрчим хүч бага зарцуулах тохиргоо дээр тавих, хэрэгцээгүй үед гэрэл асаахгүй байх зэргийг хэвшил болгохыг уриалж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт