Өнгөний сонголт худалдан авагчдын зан байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг харуулсан маш олон судалгаа бий. Жишээ нь улаан, шар, улбар шар зэрэг дулаан өнгөнүүд худалдан авагчдыг өдөөдөг тул тэд сэргэж, улмаар яарч сандардаг байна. Хэрэв хувцасны дэлгүүрт энэхүү өнгөнүүд нь муугаар нөлөөлдөг бол түргэн хоолны салбарт харин ч эсрэгээрээ ашигтайгаар эргэдэг аж (McDonald's, Wendy's, Burger King, In-N-Out зэрэг сүлжээнүүдийн өнгийг санахад л хангалттай).
Харин хөх, цэнхэр гэх мэт хүйтэн өнгөнүүд хүмүүсийг тайвшруулснаар худалдан авагчид дэлгүүрт удаан хугацаанд саатаж, тооцоолсноос илүү их худалдан авалт хийдэг гэдгийг Fast Company онцоллоо.
Тэгвэл хэсэг бүлэг судлаачид алтлаг өнгө бидний мөнгө үрэх зуршилд хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохоор шийджээ. Тэд туршилтад зориулан рестораны үйлчлүүлэгчдэд алтлаг ба хар гэсэн хоёр янзын өнгөтэй тооцооны хавтас өгсөн байна. Үр дүнд нь алтлаг өнгийн хавтастай тооцооны хуудас хүлээн авсан үйлчлүүлэгчид илүү их цайны мөнгө үлдээж байсан аж. Үүний дараа судлаачид өөр өнгийн хавтаснуудыг туршиж үзсэн ч алтлаг өнгө үр дүнгээрээ тэргүүлж байжээ.
Харин дараа нь судлаачид арай өөр аргаар туршилт хийхээр зорьж, рестораны ширээнүүдийг алтлаг өнгийн бүтээлгээр чимэглэсэн байна. Энэ удаад ч мөн эдгээр ширээнүүдэд суусан үйлчлүүлэгчид бусад ширээнүүдээс хамаагүй илүү цайны мөнгө өгчээ. Судлаачдын үзэж буйгаар алтлаг өнгө нь хүмүүст бусдаас онцгой, давуу мэдрэмж өгдөг гэнэ. Тиймээс хүмүүс дотоод ухамсартаа алтлаг чимэглэлтэй рестораныг нэр хүндтэй, байр суурьтай хүмүүсийн үйлчлүүлдэг газар хэмээн тооцож, илүү их цайны мөнгө үлдээх хандлагатай байдаг байна. Гэхдээ мэдээж хэрэг ямар ч алтлаг өнгө муу үйлчилгээтэй, амтгүй хоолтой газрыг аварч чадахгүй гэдгийг санаарай!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт