Бүх ажлаа хаяад, чемоданаа аваад мөрөөдлийн аялалдаа гарах боломж хүн бүхэнд байдаггүй. Ингэх боломжтой хүмүүс ч эрт, орой хэзээ нэгэн цагт орхигдуулсан ажлаа хийхээр эргэн ирэх хэрэг гардаг. Азаар чөлөөт ажилтнууд болон алсын зайнаас ажиллах боломжтой хүмүүст ажлаа хийх зуураа аялах ховор боломж олддог. Quartz вебсайтын мэргэжилтнүүд ийм амьдралын хэв маягийг өөрсдийн бие дээр туршиж үзсэний эцэст хэрхэн ажлаа хийх зуураа аялах талаар үнэтэй зөвлөгөнүүдийг бидэнтэй хуваалцаж байна.
Юу хийх вэ?
Хамгийн түрүүнд таны очих гэж буй газарт интернет сүлжээнд саадгүй нэвтрэх боломж хэр их байгааг олж мэдэх хэрэгтэй. Аялалд гарахаасаа өмнө аль цэгүүдэд интернет холболт тогтвортой байдгийг шалгаарай. Энэ нь таныг ажлаа бүрэн гүйцэд хийх боломжийг олгоно.
Өөрийн өдрийн хуваарийг нутгийн оршин суугчдын онцлогтой нийцүүлэн өөрчлөхийг хичээгээрэй. Та нэгэн хэвийн амьдралын хэмнэлээ өөрчилснөөр энгийн зүйлсийг огт өөр өнцгөөс харж эсвэл бүр урам зориг авах болно.
Ажил хийхэд тохиромжтой газрыг сонгох хэрэгтэй. Зарим хотуудад та хүссэн кафед орж, зөөврийн компьютер дээрээ ажлаа хийх боломжтой байдаг бол дэлхийн өнцөг бүрт ийм боломж байдаг гэж ойлгож болохгүй. Харин та "coworking" орон зай буюу дундын оффис хайж байгаа бол браузертаа "digital nomad café + хотын нэр" гэж бичээд хайгаарай. Эцэст нь хэлэхэд зочид буудлын үүдний өрөө ч таныг дуртайяа хүлээн авах болно.
Хамгийн гол нь дарга болон харилцагчиддаа өөрийн нөхцөл байдлыг тайлбарлаарай. Таны ажлын бүтээмж аяллаас болж буурах ёсгүй. Тиймээс ажлаасаа зугтсан хүн шиг харагдахгүйн тулд бүгдэд нь тухайн улсын цагийн зөрүү, нислэгийн цаг гэх мэт чухал зүйлсээ хэлж, сануулаарай.
Юу хийх хэрэггүй вэ?
Юуны түрүүнд яасан ч ганцаардаж болохгүй. Насанд хүрсэн хүмүүс шинээр найз нөхөдтэй болоход хэцүү байдаг ч шинэ танилууд таны аяллыг илүү сонирхолтой болгоно. Хамт ажиллагсад болон дотны хүмүүсээсээ хилийн чанадад таньдаг хүн байдаг эсэхийг нь асууж лавлаарай. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээнд оролцохоосоо эмээх хэрэггүй.
Цаг үргэлж ажлаа хийх нь утгагүй гэдгийг санаарай. Цагийн зөрүүнээс болж ажлын цагаа тодорхойгүй хугацаанд сунгах хүсэл танд мэдээж төрөх болно. Гэхдээ энэ нь маш буруу гэдгийг анхаарах хэрэгтэй. Танд өөртөө болон бусад зүйлсэд зориулах цаг хугацаа үлдэхээр ажлын цагаа төлөвлөөрэй. Эс бөгөөс анхнаасаа аялалд гарах ямар хэрэг байх билээ?
Аялалд гарахдаа хэт их ачаа, олон эд хогшил авч явах хэрэггүй. Хэт их зүйлстэй аялах нь таныг түүртүүлж, тав тухгүй болгоно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт