Эрдэмтэд: Цагаан хоолтнуудтай харьцуулахад мах иддэг хүмүүс сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой

Статистик

Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудтай харьцуулахад сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдгийг Critical Reviews in Food Science and Nutrition нэртэй шинжлэх ухааны сэтгүүлийн шинэ судалгаанд дурджээ. Судалгааны явцад махнаас бүр мөсөн татгалзсан хүмүүсийн хувьд түгшүүр, сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдгийг олж тогтоосон байна.

"Бидний идэж буй зүйлс, хэрхэн идэж байгаа нь хувь хүнтэй салшгүй холбоотой бөгөөд нийгэм, сэтгэл зүй, бие физиологид шууд нөлөөлдөг" гэж судалгааны багийн ахлагч, Өмнөд Индианагийн их сургуулийн багш Урска Доберсек мэдэгджээ.

Эрдэмтэд махны хэрэглээ болон сэтгэл гутрал, түгшүүр, стресс, өөрийгөө гэмтээх эмгэг зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын холбооны талаар хийсэн 18 судалгааг харьцуулж дүгнэлт хийсэн байна. Уг судалгаануудад нийт 149,550 махан хоолтон болон 8,584 цагаан хоолтон оролцжээ.

Судалгааны үр дүнд эрдэмтэд махыг бүр мөсөн цэсээсээ хассан цагаан хоолтнууд бусад хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутрал, түгшүүр, өөрийгөө гэмтээх магадлал өндөр байсныг олж тогтоосон байна. Үүний зэрэгцээ тэд эдгээрийн хоорондын уялдаа холбоог олж тогтоож чадаагүй байна.

Гэсэн ч тэд судалгааны үр дүнг хэд, хэдэн шалтгаантай байх магадлалтай хэмээн тайлбарлажээ. Тухайлбал сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өөрсдийгөө эмчилсний дараа хоолны дэглэмээ өөрчлөх; шим тэжээлийн дутагдалтай хатуу веган дэглэмүүд нь сэтгэцийн эмгэгт хүргэх магадлалыг ихэсгэдэг; хоолны дуршил өөрчлөгдөх эмгэгтэй хүмүүс өвчнөө нуухын тулд веган болдог; амьтан зовохыг тэвчдэггүй, хэт эмзэг хүмүүс махнаас бүр мөсөн татгалзаж, сэтгэл гутралд орох магадлалтай байдаг гэх зэрэг таамгуудыг дэвшүүлсэн байна.

Buro.Mongolia

2020-05-07, 17:32

  • Зураг: