Gift Guide: Загвар, гоо сайхан, технологийн хорхойтнуудад таалагдах шинэ жилийн бэлгүүд

Шинэ жилийн баяр бол гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамтдаа халуун дулаан уур амьсгалаар бялхаж, тэднийгээ урьд урьдынхаас ч илүү хайрлаж халамжлах хамгийн тохиромжтой цаг юм. Ялангуяа хүн бүрд таалагдах бэлэг өгч чин сэтгэлээсээ баярлахыг нь харан тэдэндээ талархлаа илэрхийлнэ гэдэг сэтгэлд юутай ч зүйрлэшгүй баяр баясгаланг мэдрүүлдэг билээ. Тэгвэл жил бүрийн шинэ жилээр бид хүн, хүний сонирхолд нийцэх, чанартай бэлгүүдийг агуулсан хөтөч гаргадаг уламжлалтай. Энэ жил супер бэлгийн санаа олоход уран сэтгэмж нь дутсан, аль эсвэл олон янзын дэлгүүр хэсэх хүч тэнхээ үлдээгүй хүмүүст зориулаад гоо сайхан, загвар, технологи гэхчлэн өөр, өөр сонирхолтой хүмүүст таалагдах, хэрэгцээтэй бэлгүүдийг нэгтгэлээ. Бидний бэлдсэн хөтчид яг одоо дэлхийн  IT охидын дурлаж буй цүнх, яг л Керри Брэдшоугийн шүүгээнээс гаргаад ирсэн мэт загварлаг гутал, сайн чанарын оргилуун дарс, зурхай сонирхогчдод гарцаагүй таалагдах аксесуар гэхчлэн бусад олон сонирхолтой эд зүйлс багтсан болно. 


MAC COSMETICS 24K ADVENT CALENDAR ХУАНЛИ

MAC COSMETICS 24K ADVENT CALENDAR ХУАНЛИ

Ид шидэд итгүүлж, сэтгэл догдлуулдаг арванхоёрдугаар сарыг хэрхэн улам бүр гайхалтай болгох вэ? Мэдээж хэрэг өдөр бүр өөр, өөр бэлэг агуулсан advent calendar буюу дотроо бэлэгтэй баярын хуанли авах. Тэр тусмаа алдарт MAC Cosmetics брэндийн баярын хуанли ямар ч бүсгүйн сэтгэлийг эзэмдэж чадна. Нийт 24 өдрийн, 24 өөр бэлэг агуулсан энэхүү хуанли нь дотроо брэндийн бестселлерүүд болон цоо шинэ бүтээгдэхүүнийг агуулжээ. Жишээ нь брэндийн нэрийн хуудас болсон тогтоц сайтай, чийгшүүлэгчтэй алдарт уруулын будгуудаас эхлээд төрөл бүрийн өнгийн нүдний тень, бөөгнөрүүлдэггүй сормуусны будаг, хөмсөгний хэлбэржүүлэгч гель гэхчлэн маш олон төрлийн косметик бүтээгдэхүүнүүд багтсан байна. Мөн энэ жилийн хуанлид тав тухтай нойрсоход туслах limited edition нүдний маск багтсанаараа онцлог.

Хаанаас авах вэ: MAC Cosmetics


ACNE STUDIOS MULTIPOCKET ЦҮНХ

ACNE STUDIOS MULTIPOCKET ЦҮНХ

Яг одоо загварын ертөнцийнхөн олон халаастай, карго загварын цүнхэнд дурлаж байгаа бөгөөд Хейли Биберээс эхлээд street style одод хүртэл уг загварт хөрөнгө оруулж байна. Шведийн алдарт Acne Studios энэхүү чиг хандлагыг тогтоогчдын нэг юм. Тэдний олон халаастай Multipocket цүнх нь энэ өвлийн гол трендүүдийн нэг болох гялтгар, үрчийсэн мэт арьсаар урлагдсанаас гадна багтаамж сайтай гэдгээрээ “IT” охидын гол аксесуарын нэгээр тодроод байна. Загварлаг болон практикал чанараараа гайхагдаж буй энэхүү цүнх нь улирлын чанартай тренд биш бөгөөд харин загварын салбарт байр сууриа олон жилийн турш хадгалах сонгодог бүтээлүүдийн нэгт багтана гэдэгт итгэлтэй байна.

Хаанаас авах вэ: Ono Multi-Brand Store


ГОВЬ БРЭНДИЙН БАРЛАСАН ШААЛЬ

ГОВЬ БРЭНДИЙН БАРЛАСАН ШААЛЬ

Гараг ертөнц, од эрхсийн байрлал олон мянган жилийн тэртээгээс хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар ирсэн ба бид амьдралынхаа олон талбарт үүнээс урам зориг, сэдэл авдаг билээ. ГОВЬ брэнд ч мөн адил астрологиос урам зориг аван “Огторгуйн од эрхэс” нэртэй шаалийг шинээр танилцуулжээ. Энэхүү загварыг Италийн уламжлалт гар аргаар, “барлах” технологи ашиглан нарийн хийц болон тансаг чанарыг хослуулан урласан юм. Төрөл бүрээр загварчлах боломжтой уг аксесуар зурхай сонирхогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хаанаас авах вэ: GOBI Cashmere Mongolia


LAURENT PERRIER LA CUVEE BRUT ОРГИЛУУН ДАРС

LAURENT PERRIER LA CUVEE BRUT ОРГИЛУУН ДАРС

Шинэ жилийг амтат оргилуун дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. 1812 онд үүсгэн байгуулагдсан Францын Laurent Perrier нь дэлхийн тансаг зэрэглэлийн оргилуун дарсны тэргүүлэгч брэндүүдийн нэг. Шинэхэн усан үзмийн амтаараа олонд таашаагдсан тус брэндийн нэрийн бүтээгдэхүүн болох Laurent Perrier La Cuvee Brut оргилуун дарс нь шардоне сортын усан үзмийн агууламж (55%) өндөртэй, шинэхэн жимсний амт болон цитрус, цагаан цэцэгсийн үнэрийг хослуулсан гэдгээрээ онцлогтой. Энэхүү дарс нь шилэндээ хамгийн багадаа дөрвөн жил исгэгддэг учир баялаг хэр нь зөөлөн амттай болдог байна.

Хаанаас авах вэ: Khalifa Mongolia


ACNE STUDIOS FLUFFY MITTENS БЭЭЛИЙ

ACNE STUDIOS FLUFFY MITTENS БЭЭЛИЙ

Өвлийн хүйтэнд дулаахан байхын тулд заавал эв хавгүй хувцаслах ёстой гэсэн дүрэм байхгүй. Acne Studios-ийн энэхүү хөвсгөр бээлий нь гар дааруулахгүйн зэрэгцээ шик харагдахад тань тусална. Үүнээс гадна, хамгийн чухал нь байгаль дэлхийд ээлтэй байдлаар буюу хиймэл үс ашиглаж урлагдсанаараа онцлогтой.

Хаанаас авах вэ: Ono Multi-Brand Store


SENNHEISER MOMENTUM TRUE WIRELESS ЧИХЭВЧ

SENNHEISER MOMENTUM TRUE WIRELESS ЧИХЭВЧ

Германы алдарт Sennheiser брэнд 79 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл дэлхийн аудио технологийн салбарт чанар, инновацын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Тэдний үйлдвэрлэсэн чихэвч, микрофон, спикер болон бусад аудио системүүд нь чанараараа олон улс даяар гайхагддаг билээ. Тус брэндийн өндөр түвшний дуугаралт, Adaptive Noise Cancelation дуу тусгаарлах технологи, 28 цагийн турш цэнэгээ барих чадвар, тав тухтай загварын хослол болсон Momentum True Wireless чихэвч нь дуу хөгжимд дурлагсдад хамгийн сайхан бэлэг болно.

Хаанаас авах вэ: Sennheiser Mongolia


MM6 MAISON MARGIELA ОРООЛТ

MM6 MAISON MARGIELA ОРООЛТ

Тав тух хангаж, дулаан байлгадаг хэр нь загварлаг харагддаг аксесуар хайж байгаа хүмүүст Францын алдарт MM6 Maison Margiela брэндийн намар-өвөл 2024 улирлын цуглуулгад багтсан энэхүү ороолтыг санал болгож байна. Яг л дулаахан тэврэлт мэт мэдрэгдэх эл загвар нь ямар ч хувцаслалтыг хормын зуур загварлаг төрх болгон хувиргах чадвартай.

Хаанаас авах вэ: Ono Multi-Brand Store


ГОВЬ БРЭНДИЙН ЛАА

ГОВЬ БРЭНДИЙН ЛАА

Анхилам үнэртэй лаа аливаа орчинд дулаахан, тухтай уур амьсгалыг бэлэглэж, сэтгэл сэргээх шидтэй билээ. ГОВЬ брэндийн шинээр танилцуулагдсан лаа нь хоёр төрлийн үнэрийн сонголттой, лаа тус бүрдээ гурван төрлийн үнэр агуулсан давхаргуудтай бөгөөд давхарга бүр нь мод, ургамал, цэцэгсийн анхилам охь, баялаг орцоос бүтсэн. Хэт хурц биш хэр нь мод, цэцэгсийн баялаг үнэрээр орчныг цэнэглэх увдистай.

Хаанаас авах вэ: GOBI Cashmere Mongolia


AMI PARIS POINTED TOE LACE-UP ГУТАЛ

AMI PARIS POINTED TOE LACE-UP ГУТАЛ

Улирал дамнан, бүх цаг үед эрэлттэй хэвээр байдаг загвар бол хагас түрийтэй гутал юм. Архив сөхвөл дунд зэргийн өсгийтэй үдээстэй түрийтэй гутал нь Виктория хатны эрин үеэс ирсэн загвар. Харин энэ удаад яг л “Sex and the City” цувралын Керри Брэдшоугийн өмсдөг шиг тус загварын шөвгөр хоншоортой, бүдүүн өсгийтэй хувилбар тренд болж байна. Ami Paris брэндийн энэхүү шагай хүрсэн түрийтэй, үдээстэй, арьсан гутал нь төрөл бүрийн өмд, юбка, даашинз гэхчлэн ямар ч хувцастай төгс зохицохын сацуу хэт өндөр биш, бүдүүн өсгийтэй тул өдөржин алхсан ч хөлд эвтэйхэн байх болно.

Хаанаас авах вэ: Ono Multi-Brand Store


ГОВЬ БРЭНДИЙН НООЛУУРАН КЕТ

ГОВЬ БРЭНДИЙН НООЛУУРАН КЕТ

Тансаг ноолуураар хийсэн, минимал загвартай энэхүү гутал нь өдөр тутамд өмсөхөд тун тохиромжтой. Дулаахан, эвтэйхэн бас олон төрлийн хувцаслалттай зохицдог универсал чанартай гэхчлэн давуу тал олонтой. Мөн хамгийн чухал нь байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй, хүний биед харшлахгүй байдлаар буюу бүхэлдээ байгальд ээлтэй, эко материалаар хийгдсэнээрээ онцлог юм.

Хаанаас авах вэ: GOBI Cashmere Mongolia


AMI PARIS TOILETRY POUCH АРЬСАН ЦҮНХ

AMI PARIS TOILETRY POUCH АРЬСАН ЦҮНХ

Францын Ami Paris брэнд минимал гоо зүй болон сонгодог парис стилийн нарийн хийцтэй загварууд урладгаараа алдаршсан. Энэхүү арьсан цүнх нь ус нэвтэрдэггүй, элдэв чимэглэлгүй ба багтаамж сайтай. Хэрвээ та гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон бусад хувийн эд зүйлсээ хийх цэмцгэр дизайнтай, практикал цүнх хайж байвал анхааралдаа аваарай.

Хаанаас авах вэ: Ono Multi-Brand Store


ГОВЬ БРЭНДИЙН НЭХМЭЛ ОРООЛТ

ГОВЬ БРЭНДИЙН НЭХМЭЛ ОРООЛТ

Зөөлөн, дулаан ноолууран ороолт бол хүйтний улиралд юугаар ч орлошгүй хэрэгцээтэй аксесуар гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Хөх, бор, цагаан шаргал гэхчлэн сонгодог өнгөнүүдээс эхлээд пастель ягаан, дарсны улаан хүртэлх олон янзын өнгийн сонголттой ГОВЬ брэндийн нэхмэл ороолтууд нь дулаахан хэр нь загварлаг харагдахад тусална. Мөн брэндийн зүгээс 4+1 урамшуулал зарласан байгаа аж.

Хаанаас авах вэ: GOBI Cashmere Mongolia


DAMIANI БРЭНДИЙН MIMOSA БУГУЙВЧ

DAMIANI БРЭНДИЙН MIMOSA БУГУЙВЧ

Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн ертөнцөд хийц, загвар, чанараараа тэргүүлдэг цөөн брэндүүдийн нэг бол Италийн алдарт DAMIANI юм. Одоогоос яг 100 жилийн өмнө байгуулагдсан, баялаг түүхтэй тус брэндийн хосгүй бүтээлүүдээр үеэс үед Шэрон Стоун, Жессика Честейн, Рита Ора гэхчлэн A зэрэглэлийн одод кино наадмууд болон бусад чухал арга хэмжээний үеэр гоёж хүн бүхний харааг булаан тодоос тод гялалзаж байсан юм. DAMIANI-гийн Mimosa цуглуулгад багтсан энэхүү бугуйвчийг цагаан алт, очир-эрдэнэ хослуулсан урласан бөгөөд гамба цэцгийн гоо үзэсгэлэн, туяхан чанараас урам авч бүтээжээ. Урлагийн бүтээл мэт хийцтэй, үнэ цэнтэй энэхүү загвар ямар ч эмэгтэйн сэтгэлийг анхны харцаар булаана гэдэгт итгэлтэй байна.

Хаанаас авах вэ: DAMIANI Mongolia


ҮЛЭМЖ КЛИНИК БОЛОН ҮЛЭМЖ ГРИЙС САЛОНЫ БЭЛГИЙН КАРТ

ҮЛЭМЖ КЛИНИК БОЛОН ҮЛЭМЖ ГРИЙС САЛОНЫ БЭЛГИЙН КАРТ

Бүх цаг үеийн хамгийн хэрэгцээтэй бэлгийн нэг бол гоо сайхны салоноор үйлчлүүлэх эрх байдгийг бүсгүйчүүд сайн мэднэ. Иймд бид энэ удаагийн хөтчидөө дэлхийн жишигт нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлдэг, олон жилийн арвин туршлагатай Үлэмж Клиник болон Үлэмж Грийс салоноор үйлчлүүлэх 100.000₮, 200.000₮, 300.000₮, 500.000₮, 1.000.000₮ үнийн дүн бүхий, эсвэл хүссэн дүнгээрээ цэнэглүүлэх боломжтой Премиум картыг онцолж байна. Уг картын давуу тал нь тодорхой үйлчилгээ заахгүй бөгөөд үнийн дүнгээс хамааран өөрийн хүссэн үйлчилгээнд орох, бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл маникюр, педикюрээс эхлээд төрөл бүрийн лазер эмчилгээнүүд, алжаал тайлах иллэг гэхчлэн тэдний үзүүлдэг бусад бүх үйлчилгээнүүдийг авч, гоо сайхандаа анхаарах боломжийг хайртай, дотнын хүндээ олгох нь хэзээ ч буруудахгүй сайхан санаа байх болно.

Хаанаас авах вэ: Үлэмж Грийс


Г.Тэмүүлэн

2024-12-19, 17:29