Gucci Флоренц хотод шинэ ресторан болон концепци дэлгүүр нээлээ

Мишлений одтой тогоочийн гарын хоол зооглож, брэндийн ховор эд зүйлсийг сонирхох боломж

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Gucci загварын ордон Флоренц хотод зохиогдох Pitti Uomo олон улсын үзэсгэлэнгийн үеэр нэгэн сонирхолтой шинэ төсөл танилцуулахаа мэдэгдсэн билээ.

Тодруулбал брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле Флоренц хотын Синьория талбайд байрлах Palazzo della Mercanzi гэх түүхэн дурсгалт барилга дотор Gucci Garden нэртэй шинэ концепци дэлгүүр нээсэн байна. Энэхүү шинэ концепци дэлгүүр нь 2018 оны нэгдүгээр сарын 10-аас эхлэн Gucci брэндийн музейн хамт олон нийтэд нээлттэй болох юм. Энд төрөл бүрийн видео инсталляци, урлагийн бүтээл, хувцас, аксесуар, үе удам дамжсан эд зүйлс дэлгэгдэж байгаа аж. Gucci Garden руу нэвтрэхэд ойролцоогоор найман евро төлөн тасалбар худалдаж авах хэрэг гарна. Харин тасалбараас олсон орлогын тал хувийг Gucci брэнд Флоренц хотын түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах төслүүдэд хандивлах болно.

Түүнчлэн Palazzo della Mercanzi барилга дотор Gucci Osteria нэртэй цоо шинэ ресторан нээгдсэн байгаа. Ресторанд Мишлений гурван одтой, өөрийн ресторанаараа 2016 оны дэлхийн хамгийн шилдэг 50 рестораны жагсаалтанд багтсан Массимо Боттура ахлах тогоочоор ажиллаж байна. Сонирхуулахад Боттура Болонья мужийн баруун хойд хэсэгт байрладаг Модена гэх хотод "Osteria Francescana" нэртэй ресторан эзэмшдэг юм. Gucci Osteria ресторанд Италийн уламжлалт зоогуудаас гадна, контемпорари өнгө аястай төрөл бүрийн зоогуудыг бэлтгэдэг онцлогтой. Жишээ нь гахайн махан хавчуурга, тортеллини, мөөгтэй ризоттог эндээс амталж болох юм.

Buro.Mongolia

2018-01-10, 10:00

  • Зураг: