James Dyson Award шагналын эзэд
Хонг Конгийн их сургуулийг төгссөн Сум Мин Вонг ба Кин Понг Ли нар өөрийгөө цэвэрлэж, халдваргүйжүүлдэг хаалганы бариул зохион бүтээсэн байна. Залуу дизайнерууд энэхүү бүтээлээрээ James Dyson Award шагналыг хүртжээ. Тус шагнал нь бодит амьдрал дээр тулгардаг асуудлуудыг үйлдвэрлэлийн дизайн, инженерчлэлээр шийдвэрлэж чадсан залуусыг дэмждэг билээ.
Орчин үеийн, цэмцгэр дизайнтай энэхүү хаалганы бариул нь шил болон хөнгөн цагаан материалаар бүтээгджээ. Бариулын гадаргуу нь титаны диоксид нунтгаар бүрхэгдсэн бөгөөд уг бодис нь хэт ягаан туяаны нөлөөнд гадаргуу дээрх бүх нянг устгадаг байна.
Харин бариулын дотор хаалга нээгдэж, хаагдах үед ялгардаг кинетик энергийг гэрлийн энерги болгон хувиргадаг генератор суурилуулж өгсөн бөгөөд үүний тусламжтай хэт ягаан туяа тасралтгүй ялгардаг байна.
Сум Мин Вонг ба Кин Понг Ли нар 2000-аад онд Хятад болон Хонг Конгод тархаж 700 хүний аминд хүрсэн SARS өвчнөөс сэдэл аван хаалганы бариулыг зохион бүтээсэн гэдгээ хуваалцжээ. Түүнчлэн тэд олон нийтийн газар, тэр дундаа ресторан, зоогийн газрууд, нийтийн ариун цэврийн өрөөний хаалганы бариул халдварт өвчин тараах гол эх үүсвэр болдог хэмээн онцолсон юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт