Maison Matisse
Францын суут уран бүтээлч Анри Матиссын үр удам болох Анна-Максанс ба Жан-Матье Матисс нар элэнц эцгийнхээ уран бүтээлээс сэдэвлэсэн гэр ахуйн эдлэлийн брэнд үүсгэн байгуулсан байна. Maison Matisse нэртэй тус компани нь алдарт уран зураачийн мэндэлсний 150 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болжээ.
Тэд Матиссын хосгүй уран бүтээлүүдийг гэр ахуйн эдлэлүүдэд амилуулахын тулд контемпорари дизайнеруудтай хамтран ажиллаж байгаа гэдгээ The New York Times сонинд хуваалцсан байна. Одоогийн байдлаар тус брэнд нь Францын ах дүү дизайнер Ронан ба Эрван Буруллек, Испанийн уран бүтээлч Жеми Хайон болон Италийн архитектор Алессандро Мендини нартай хамтарч ваарын цуглуулга худалдаанд гаргаад амжжээ. Энэхүү цуглуулгад орсон ваар бүр ердөө 12 ширхэг л бүтээгдсэн бөгөөд үнийн хувьд $7,810-$13,390 хооронд хэлбэлзэж байгаа юм.
Maison Matisse брэнд цаашид жилд гурван удаа илүү хямд үнэтэй гэр ахуйн цуглуулга худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ дурджээ. Энэ ажлын хүрээнд тэд Матиссын 1939 онд зурсан "La Musique" уран зургаас сэдэвлэсэн цуглуулгыг (15 ширхэг эд зүйлсээс бүрдсэн) 2020 оны нэгдүгээр сард танилцуулах болсноо мэдэгдсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт