Намхан нуруутай хүмүүст хөгжмийн наадам үзэхэд нь туслах нүдний шил зохион бүтээжээ

"One Foot Taller"

Намхан нуруутай хүмүүс олон нийтэд зориулсан тоглолт, наадам үзэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Жишээ нь тэд хамгийн урд зогсож эсвэл өндөрлөг дээр гарахгүй л бол дуртай уран бүтээлчийнхээ зөвхөн хоолойг л сонсож, бусад хүмүүсийн дагзыг харж, тоглолтоо дуусгадаг. Тэгвэл энэ байдлыг шийдвэрлэхээр Лондонгийн дизайнер Доминик Уилкокс перископ хэлбэрийн нүдний шил зохион бүтээсэн байна. "One Foot Taller" нэртэй уг нүдний шил нь ердийн харааны түвшнээс 30,5 см дээр байрлах зүйлсийг харуулах чадвартай. Зохион бүтээгч том ба жижиг хоёр толийг 45 хэмийн өнцөг үүсгэн өөд, өөдөөс нь харуулан байршуулснаар ийм үр дүнд хүрчээ.

Дизайнер энэхүү шилийг түүнд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэжээ. Тэрээр нэгэн хөгжмийн наадамд оролцох үедээ намхан нуруутай эмэгтэй тайзыг харах гэж хамаг чадлаараа хичээж байхыг анзаарсан бөгөөд энэ тохиолдол түүнд шинэ бүтээл зохион бүтээх санааг өгсөн аж. "Жижиг биетэй эмэгтэй бүжиглэж байсан ч өмнө нь зогссон өндөр нуруутай хүмүүс тайзыг халхалж байсан тул тэр уран бүтээлчдийг харж чадаагүй" гэж Уилкокс тайлбарласан юм.

Одоогоор түүний шинэ бүтээл худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байна.

Buro.Mongolia

2019-06-11, 17:30