Дэлгэцээ шинэчилцгээе: Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулж

3D зураг

Богд хаант Монгол улсаа тунхаглан зарлаж, Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улсыг дахин сэргээн мандуулсан түүхэн өдөрт зориулж бид та бүхэнд Төрийн Есөн хөлт цагаан туг, Хараа ихт хар сүлдний зураг болон энэ өдрийн тухай товч мэдээлэл хүргэж байна

Монгол төрийн оршихуйн бэлгэ тэмдэг болсон Төрийн Есөн хөлт цагаан туг, Хараа ихт хар сүлдийг дүрсэлсэн 3D зураг бүтээгджээ. Компьютерын дэлгэцэнд зориулсан ханын зураг байдлаар хийсэн энэхүү бүтээлийг дижитал уран бүтээлч Ё.Ганбаяр урласан бөгөөд анх долоодугаар сард Наадмаар хийж эхлээд өчигдөр дуусгажээ. Одоо харин бид танд Төрийн Есөн хөлт цагаан туг болон Үндэсний эрх чөлөөний өдөр хоёр юугаараа холбоотой болох талаар товч мэдээлэл хүргэе.

Анх Чингис хаан 1206 онд эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол улсыг үүсгэхдээ Есөн хөлт цагаан туг байгуулж, хаан сууринд заларсан түүхтэй. Тэр цагаас хойш Есөн хөлт цагаан туг нь Монгол туургатны эрхэм шүтээн, эцэг өвгөдийн сүлд, энхжингийн бэлгэдэл болж ирсэн юм. Монголчууд дэлхий дамнасан Юань гүрэн, Алтан ордын улс, Цагаадайн улс, Ил хаадын улс гэх дөрвөн их гүрэн байгуулсан ч түүхийн уртад сарнин бутарсаар, 1691 онд Манж Чин улсын эзэн харьяатыг хүлээн зөвшөөрч, тусгаар тогтнолоо алдсан билээ.

Харин 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хаан тэргүүтэй Монголын алтан ургийн язгууртнууд тусгаар тогтнолоо зарлаж, Чингис хааны байгуулсан Монгол улсын голомтыг дахин эрх чөлөөт, бүрэн эрхэт улс болох үйл хэргийг эхлүүлсэн. Энэ тухай доктор Д.Бум-Очир, "Монголын тусгаар тогтнолын түүх 1911 онд эхэлж, хамгийн сүүлд 1987 онд АНУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнөөр бүрэн баталгаажсан" хэмээн Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл бидний өнөөдрийн эрх чөлөөтэй, ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс байгуулах замнал маш урт удаан хугацаа, түүхийн олон хэцүү хүнд үеийг туулжээ. Монголчууд 1911-1990 он хүртэлх хугацаанд Орос, Хятад, Япон, Англи зэрэг дэлхийн томоохон улсуудын гео-улстөрийн зөрчил, тэмцэл дээр стратегийн зөв тоглолт хийж байж амжилтанд хүрсэн байдаг. (Энэ тухай МҮОНТВ-ийн бүтээсэн "Монголын тагнуулын байгууллагын түүх" баримтат киноноос илүү дэлгэрэнгүй үзэх боломжтой.)

Хамгийн сүүлд 1990 онд Монгол улс ЗХУ-ын нөлөөллөөс гарч, 1992 онд Үндсэн хуулиа шинээр баталсан бөгөөд үүнд, "Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн" гэж тунхаглажээ. Улмаар манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр Төрийн Есөн хөлт тугийг бүтээжээ. Харин Хараа их хар сүлдийн түүх нь хоёр мянган жилээс дээш хугацаагаар хэмжигдэх ба та дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Батлан Хамгаалах Яам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж гаргасан "Догшин хар сүлдний учир" баримтат киноноос үзэх боломжтой. 

Тэгэхээр та Монгол төрийн оршихуйн бэлгэ тэмдэг Төрийн Есөн хөлт цагаан тугаараа компьютероо чимэхийг хүсвэл энд дарж чанартай, том зургийг татаж аваарай. 

 

Ж.Чинбат

2016-12-29, 08:00