Одууд Instagram-аас хэр их мөнгө олдог вэ?

Бейонсе, Селена Гомес, Кардашьян-Женнерийн гэр бүл

D’Marie Analytics судалгааны компани одуудын Instagram сурталчилгааны талаар маш сонорхолтой статистик дэлгэлээ

Одууд ба алдартай блогеруудын хувьд Instagram олон нийтийн сүлжээ нь сурталчилгаа хийж мөнгө олдог талбар болоод удаж байгаа билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээгээр дагнасан D'Marie Analytics судалгааны компани нэгэн сонирхолтой статистик гаргалаа.

Тэдний хийсэн судалгаагаар дуучин Бейонсегийн Instagram дахь нэг сурталчилгааны нийтлэл сая доллараар үнэлэгддэг гэнэ. Хэдийгээр дуучин Селена Гомес Instagram-д хамгийн олон дагагчтай (116 сая) боловч түүний нэг Instagram сурталчилгаа 775 мянган доллар хүрдэг байна. Учир нь D'Marie Analytics компанийн мэдээллэж буйгаар сурталчилгааны үнэ зөвхөн дагагчийн тоогоор бус харин хандалт, уншигчдын тоо, хүртээмжтэй байдал ба тухайн хүн олон нийтийн сүлжээнд хэр идэвхтэй байдгаас шалтгаалдаг гэжээ. Селена Гомесын хувьд олон нийтийн сүлжээнээс өөрийгөө аль болох тусгаарлахаар шийдсэн гэдгээ саяхан зарласан нь ийнхүү Бейонсегийн ард жагсах шалтгаан болсон байна. Гэхдээ Бейонсе, Селена Гомес нар маш ховор тохиолдолд л Instagram сурталчилгаа хийдэг гэдгийг дурдах хэрэгтэй.

Бейонсе, Селена Гомес нартай харьцуулахад Кардашьян-Женнерийн гэр бүл өөрсдийн Instagram хуудсаараа дамжуулж бараа, бүтээгдэхүүн идэвхтэй сурталчилдаг. Мэдээж тэднээс Ким Кардашьян хамгийн өндөр үнэлгээтэй. Тэрээр ямар нэг бараа бүтээгдэхүүн Instagram хуудсаараа сурталчлахад ойролцоогоор 500,000 доллар авдаг гэж дижитал маркетингийн Talent Resources компанийн захирал Майкл Хеллер мэдэгджээ. Кимийн араас Кендалл ба Кайли (350-400 мянган доллар) нар орсон бол, Кортни, Клоуи нар нэг сурталчилгааны нийтлэлийг ойролцоогоор 250 мянган доллараар өөрсдийн Instagram хуудсандаа байршуулдаг гэнэ.

Г.Тэмүүлэн

2017-04-06, 16:00

  • Зураг: