Франц улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй 33 дахь удаагийн Зуны олимпын наадам 11 дэх өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Нийт 206 орны 10,000 гаруй тамирчид оролцож буй энэ удаагийн наадамд АНУ хамгийн их буюу 637 тамирчнаа илгээсэн бол Белиз, Лихтенштайн, Науру, Сомали зэрэг улсуудаас тус бүр нэг тамирчин Олимпын наадамд оролцож буй. Харин нийт найман төрөлд 32 тамирчнаа илгээсэн манай улсын хувьд одоогоор эмэгтэйчүүдийн жүдогийн -48 килограммын жинд мөнгөн медаль хүртэж, медалийн хүснэгтийг 51-р байранд жагсаад байна. Ингээд уншигчдадаа Олимпын наадмын эргэн тойрон дахь чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Олимп дуустал бидний анхааралдаа авах спортын төрлүүд бол чөлөөт бөх, хүндийн өргөлт, хөнгөн атлетик болон бокс. Дараах тамирчид Монгол улсыг төлөөлөн наймдугаар сарын 5-11-ний өдрүүдэд медалийн төлөө өрсөлдөх болно.
Чөлөөт бөх
Хөнгөн атлетик
Хүндийн өргөлт
Бокс
Зураг: Олимпын хорооны албан ёсны хуудас
Кэти Ледеки
АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Кэти Ледеки “Парис-2024” зуны олимпын наадмаас найм дахь алтан медалиа хүртсэнээр тус улсын түүхэнд хамгийн олон алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин болж түүх бүтээлээ. Мөн түүнчлэн тэрээр эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 1,500 метрийн зайг 15 минут 30.02 секундэд туулж Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.
Анхны aзи тамирчин
21 настай БНХАУ-ын тамирчин Жэнь Чин Вэн теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж чадсан анхны ази тамирчин боллоо. Хамгийн анхны Олимпын наадамдаа оролцож буй тэрээр Хорватын теннисчин Донна Векичийг буулган авснаар ийнхүү аваргын алтан медалийг хүртээд байна.
Леброн Жеймс
Өнөөдрийн байдлаар нийт 71 медальтайгаар АНУ медалийн хүснэгтийг тэргүүлж байна. Тэгвэл NBA-ийн супер од 39 настай Леброн Жеймс тус улсын туг баригчаар тодорсон анхны эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчин болсноос гадна өөрийн хүчээр тэрбумтан болсон олимпын анхны тамирчин болж түүхэнд бичигдсэн юм.
Ахмад аварга
Гурван цаг орчим үргэлжилсэн теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлийн финалын тоглолтод Сербийн алдарт теннисчин Новак Жокович Карлос Алькаразаг буулган авч, Олимпын анхны алтан медалиа хүртсэн юм. Өдгөө 37 настай тэрээр Олимпын наадмын эрэгтэй ганцаарчилсан төрөлд аварга болсон хамгийн ахмад тамирчин болсон билээ.
Мөн тэрээр Их дуулга-ын бүх тэмцээнд түрүүлж, Олимпын аварга болсноор Алтан дуулга-ын тав дахь эзэн болж түүх бүтээгээд байгаа юм.
Хамгийн ахмад болон залуу тамирчин
БНХАУ-ын түүхэнд тус улсыг төлөөлөн Олимпын наадамд оролцож буй хамгийн залуу тамирчин, мөн “Парис-2024” зуны олимпын наадмын хамгийн залуу оролцогчоор 11 настай скейтбордчин Жэн Хао Хао тодорсон юм. Харин нөгөө талд энэ удаагийн наадмын хамгийн ахмад тамирчнаар 65 настай Испанийн морин спортын тамирчин Хуан Антонио Хименес Кобо тодроод байна.
160 сая ам.долларын хөрөнгө оруулалт
Бүтэн жил орчим үргэлжилсэн гэрээ хэлцлийн үр дүнд Францын алдарт тансаг зэрэглэлийн LVMH групп энэ удаагийн Зуны олимпын наадамд 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ LVMH группийн харьяанд багтдаг Céline, Louis Vuitton, Loewe, Tiffany & Co., TAG Heuer, Dom Perignon зэрэг брэндүүдээс хөрөнгө босгосон бөгөөд группийн ерөнхийлөгч Бернар Арно нэгэн ярилцлагын үеэр “Бид Франц улсын хүч чадлыг дэлхийд харуулж байна” хэмээсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт