Pantone институт 2023 оны гол өнгийг нэрлэлээ

Гэгээлэг ирээдүй, эерэг хандлагыг илэрхийлэх “Viva Magenta” өнгө

Pantone өнгөний институт жил бүрийн арванхоёрдугаар сард ирэх оны гол өнгийг нэрлэдэг уламжлалтай билээ. Тэгвэл тэд 2023 онд зориулж түүхэндээ анх удаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ өнгөө танилцууллаа. Тодруулбал, Pantone-ий мэргэжилтнүүд эхлээд өнгөө сонгосны дараа тэрхүү өнгийг тодорхойлох үгнүүдийг Midjourney гэх программ дээр оруулж “Viva Magenta” өнгийг илэрхийлсэн зургуудыг гаргаж авчээ. Ингэснээр Pantone институт хүний ​​бүтээлч сэтгэлгээ технологийн дэвшилттэй зэрэгцэн оршин тогтнож буйг харуулахыг зорьсон гэнэ. 

2023 оны гол өнгөөр тодорсон 18-1750 кодтой “Viva Magenta” нь ягаан туяатай улаан өнгийг санагдуулна. “Технологийн эрин үед амьдарч байгаа бид байгалиас буюу бодит зүйлээс урам зориг, сэдэл авахыг эрмэлзэж байна. 'Viva Magenta' өнгийг бүтээхдээ байгалийн будагч бодис болох кошениль тод улаан өнгөнөөс сэдэл авсан юм” хэмээн Pantone институтийн гүйцэтгэх захирал Леатрис Эйсман хуваалцсан юм. Pantone мөн энэ нь өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх өнгө хэмээн тодорхойллоо. 

Pantone институт 2000 оноос хойш жил бүрийн онцлох өнгийг тодорхойлсоор ирсэн ба сонгосон өнгө нь тухайн жилдээ хувцас загвар, урлаг, дизайн гээд бараг бүхий л салбарт онцгой байр суурь эзэлдэг уламжлалтай. 2022 оны гол өнгөөр “Very Peri” хэмээх нил ягаан өнгө нэрлэгдсэн билээ. 

Buro.Mongolia

2022-12-05, 08:45