Селена Гомес хэрхэн биеийн галбираа хадгалдаг вэ?

Түүний хувийн дасгалжуулагч ба хоолны мэргэжилтэн ярьж байна

Дуучин, жүжигчин Селена Гомес Холливүүдийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Instagram-ын хатан хаан гэгддэг Селена Гомес сайхан харагдахын тулд ямар дасгал хийдэг мөн хэрхэн хооллодог талаар түүний хувийн дасгалжуулагч Эми Розофф Дэвис Cosmopolitan сэтгүүлд ярьжээ. Өмнө нь бид загвар өмсөгч Эмили Ратаковскийн биеийн галбирын нууцыг дэлгэж байсан бол одоо Селена Гомесын баримталдаг дүрмүүдийг та бүхэнд хүргэж байна.

Хооллолт

Алдартнуудын хувийн дасгалжуулагч (Жүжигчин Эмма Робертс ба бусад алдартнуудыг дасгалжуулдаг), хоолны мэргэжилтэн Эми Розофф Дэвисийн хэлснээр Селена хэзээ ч хоолоо сойж, өөрийгөө зовоодоггүй гэнэ. Тэрээр "Би түүний жинг хэзээ ч үзэж байгаагүй. Сайхан харагдах нь жин дээр гарч байгаа тоотой хамааралгүй гэж би бодож байна. Селена түргэн хоолонд дуртай тул би түүнийг хэзээ ч хорьж байгаагүй. Бид нэг л амьдрах учир амттай хоолноос бүр мөсөн татгалзах нь утгагүй хэрэг шүү дээ. Гэхдээ би түүнийг эрүүл хооллож мөн бүх зүйл дээр хэмжээг нь тохируулах зуршилтай болгохыг хичээсэн" гэж ярьжээ.

Жишээлбэл Селена хөнгөн зууш идэхдээ чипс болон шарсан төмсийг хумус эсвэл луувангаар орлуулдаг аж. Харин өглөөний цайндаа өндөг, авокадо, будаа, шош, эсвэл грек йогурт иддэг байна. Өдрийн хоолны цэсэнд цацагт хяруулын мах, шош ба авокадотай салат ордог. Тэрээр салатыг оливын тос, цуу, гич эсвэл энгийн нимбэгний шүүсээр амталдаг аж. Оройн хоолны хувьд гэвэл дуучин бүсгүй жигнэсэн яргай загас, авокадотай терияки тахиа, будаа, өргөст хэмх зооглодог гэжээ.

Дасгал

Оддын дасгалжуулагч Эми Розофф Дэвис олон төрлийн дасгалыг хооронд нь хослуулж хийвэл хамгийн үр дүнтэй байдаг гэж хэлсэн юм. Тухайлбал Селена Гомес кардио, пилатес, йога, спорт алхаагаар хичээллэж биеийн галбираа хадгалдаг байна. Мөн өдөр бүр сунгалтын дасгал хийж, аялан тоглолтын давчуу хуваарьтай үед хотын гудамжаар алхдаг гэнэ. Алхах нь зөвхөн кардио дасгал болоод зогсохгүй алжаал тайлдаг болохыг Эми онцолсон юм.

 

 

Г.Тэмүүлэн

2017-07-20, 10:00

  • Зураг: