Шүүмжлэлийг хэрхэн хүлээн авах вэ?

Бусдын үзэл бодлыг сонсох нь үргэлж тааламжтай байдаггүй ч үүнийг заавал хийж сурах хэрэгтэй

Өнөөдөр мэргэжилтнүүдээс эхлээд "буйдан дээрх шүүмжлэгчид" хүртэл бусдын бүтээл, ажил мэргэжил, хувийн амьдрал гээд бүхнийг шүүмжилдэг болжээ. Тэр тусмаа интернет, блог, олон нийтийн сүлжээний эрин үед бид шүүмжлэлээс болж стресст автах нь ихэссэн гэж хэлж болно.

Австралийн Vogue сэтгүүл мэргэжлийн шүүмжлэгчид, сэтгэл зүйчид болон дизайнер, зохиолч зэрэг ажил мэргэжлийн хувьд цаг үргэлж шүүмжлэлтэй тулгарч байдаг хүмүүстэй уулзаж, хэзээ ч төгсөшгүй сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн даван туулах талаар тэднээс зөвлөгөө авчээ.

Хамгийн түрүүнд бусдын үзэл бодлыг хувийн мэдрэмжээсээ тусгаарлах хэрэгтэй гэдгийг тэд онцоллоо. Хэн нэгэн танаас өөр үзэл бодолтой байх эрхтэй. Үүнтэй адил танд ч гэсэн мөн өөрийн үзэл бодлыг хамгаалах эрх бий.

Дараа нь шүүмжилж буй хүн ямар зорилгоор үүнийг хийж байгааг олж тунгаах хэрэгтэй. Жишээ нь хэн нэгэн таны ажлын талаар ямар нэг шүүмж хэлсэн гээд төсөөлөөд үзэцгээе. Тэгвэл тэр таныг илүү сайн ажлаа хийж чадахыг мэдээд шүүмжилсэн үү, эсвэл нэр хүндэд тань нөлөөлөхийг оролдов уу? Энэ талаар дахин нэг эргэцүүлээд үзээрэй. Улмаар зөв шүүмжлэлийг хэт хүндээр хүлээн авалгүй, харин ч эсрэгээрээ үүнийг өөрийнхөө чадварыг сайжруулж, алдаа дутагдлаа засахад ашиглаж болно гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Buro.Mongolia

2018-12-24, 15:00

  • Зураг: