АНУ дахь зах зээлийн судалгаа
Coresight Research судалгааны компанийн АНУ-д хийсэн зах зээлийн судалгаанд үнэт эдлэлийн худалдан авалтын талаар нэгэн сонирхолтой баримт дэлгэжээ. Эмэгтэйчүүд одоо эрчүүдийг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд зэрэг онцгой тохиолдлуудад үнэт эдлэл бэлэглэхийг нь хүлээхийн оронд өөрсдөө хүссэн зүйлээ худалдан авдаг болсон байна. Энэ үзэгдлээс болж Америкийн үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн баярын өмнөх борлуулалт харьцангуй буурсан гэжээ.
Тодруулбал баярын өмнөх сарууд буюу 11, 12 саруудад жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компаниудын борлуулалт багассан байна. Тэр дундаа үнэт эдлэлийн дэлгүүрүүд хамгийн их хохирлыг амсаж байгаа аж. Жишээ дурдахад тэд 1998 онд баярын үеэр жилийнхээ борлуулалтын 33,4% хийдэг байсан бол энэ тоо 2018 онд 26,7% болтлоо буурчээ.
Баярын өдрүүдэд борлуулалт буурах болсон шалтгааныг судалгааны компани интернет худалдан авалттай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс одоо бүтэн жилийн турш, долоо хоногийн хүссэн үедээ, хүссэн цагтаа худалдан авалт хийх боломжтой болсон нь дээрх тоонд нөлөөлөх шалтгаан болсон гэжээ. Гэхдээ үнэт эдлэлийн зах зээлд өөр нэгэн хүчил зүйл нөлөөлж байгаа гэнэ.
1980-аад оны дундуур үнэт эдлэлийн ихэнх хувийг эрчүүд бэлэг болгон худалдан авдаг байсан бол сүүлийн 10-15 жилийн хугацаанд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна. Одоо эмэгтэйчүүд илүү их мөнгө олдог болсноор өөрсдөө үнэт эдлэлээ худалдан авдаг болжээ.
The Wall Street Journal-ын мэдэгдсэнээр 2011 онд үнэт чулууны орцтой үнэт металлаар хийгдсэн гоёл чимэглэлийн гуравны хоёр нь баярын өдрүүдэд зарагдаж, дийлэнх хувийг нь эрчүүд худалдан авдаг байсан бол Lyst платформын мэдээллэснээр 2018 онд үнэт эдлэлийн 78% эмэгтэйчүүд худалдан авдаг болсон гэжээ. Түүнчлэн саяхан жилийн 75,000 ам.доллар ба түүнээс дээш орлоготой эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний талаас дээш хувь нь өөрсдөө үнэт эдлэлээ худалдан авдаг болохоо дурдсан байна. Мөн Yoox Net-a-Porter группийн 2,600 эмэгтэй худалдан авагчдын дунд хийсэн санал асуулгаар бүсгүйчүүдийн 60% нь хэн нэгэн тэдэнд бэлэг өгөхийг хүлээхийн оронд өөрсдийн хүссэн үнэт эдлэлээ худалдан авахыг илүүд үздэг гэж хариулжээ.
Үүнээс гадна одоо бүсгүйчүүд том хэмжээтэй үнэт чулуу ба өндөр үнэтэй эдлэлийг хүсэмжлэхийн оронд өөрийн стилийг илтгэж өгсөн үнэт эдлэл сонгохыг илүүд үздэг бөгөөд үүний тулд жижиг брэнд сонгох нь олширсон гэнэ.
Нөгөөтээгүүр тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд үнэт эдлэл одоо ч хурдацтай өсөж буй сегментэд тооцогдож байна. Жишээ дурдахад менежментийн зөвлөгөө өгдөг Bain & Company компанийн мэдэгдсэнээр өнгөрсөн жил үнэт эдлэлийн зах зээл 7% өсөлттэй гарсан бөгөөд нийт борлуулалт нь 19,8 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт