Хөгжмийн наадмын үеэр болсон эмх замбараагүй байдал олон нийтийг цочроогоод байна
Арваннэгдүгээр сарын 5-нд Техасын Хьюстон хотод рэппер Трэвис Скоттын жил бүр зохион байгуулдаг Astroworld хөгжмийн наадамд оролцохоор ойролцоогоор 50,000 хүн цугларсан байна. CNN вебсайтын мэдэгдсэнээр Трэвисын тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, үзэгчид бие биенээ түлхэж, үүний улмаас харамсалтайгаар найман хүн амь насаа алдаж, 300 орчим хүн бэртсэн хэрэг гарсан билээ. Variety сэтгүүлийн дамжуулснаар таалал төгссөн хүмүүсийн дунд насанд хүрээгүй буюу 14 болон 16 настай хоёр үзэгч байжээ.
Трэвисыг дуунуудаа толилуулахаар гарч ирэхэд үзэгчид тайз руу улам ойртож улмаар бөөгнөрөл үүссэн бөгөөд зарим үзэгчид тэнцвэрээ алдаж, газар унаж эхэлцгээсэн байна. Хьюстон хотын захиргааны албан ёсны мэдэгдэлд 17 үзэгч хүнд бэртэлтэй эмнэлэгт хүргэгдэж, тэдний 11 нь зүрхний шигдээсний асуудалтай тулгарчээ. Мөн зарим хэвлэлүүдийн мэдэгдсэнээр Трэвис бөөгнөрөл үүссэнийг хараад хэд, хэдэн удаа тоглолтоо зогсоосон бөгөөд хамгаалалтын албаны хүмүүсийг үзэгчдэд туслалцаа үзүүлэхийг хүссэн гэнэ.
Эцэст нь рэппер тоглолтыг зогсоож, наадмын хоёр дах өдрийн тоглолтуудыг ч мөн цуцлах шаардлагад хүрсэн юм.
Трэвис уг үйл явдал болсны дараагийн өдөр өөрийн Twitter хуудаснаа “Өнгөрсөн орой болсон үйл явдалд би үнэхээр шаналж байна. Би наадамд болсон үйл явдалд өртсөн хүмүүс болон тэдний гэр бүлийн төлөө залбирч байна. Энэхүү хүний амь насыг авч явсан эмгэнэлт хэргийг судалж буй Хьюстоны цагдаагийн байгууллагатай би бүрэн хамтран ажиллах болно” хэмээжээ.
Billboard-ын дамжуулснаар Мануэль Соуза хэмээх наадмын үеэр байсан үзэгч Трэвис болон наадмыг зохион байгуулсан ScoreMore, Live Nation Entertainment зэрэг компаниудыг шүүхэд өгсөн байна. Мануэлийн хэлж буйгаар тоглолтын үеэр үүссэн эмх замбараагүй байдал нь хүчирхийллийг дэмжсэн, мөн ашиг орлогын төлөө хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг гаргууд нь хаясан зохион байгуулагчдаас болсон гэнэ. Түүнчлэн Трэвис Скоттоос гадна мөн дуучин Дрейкийг нэгэн үзэгч шүүхэд өгсөн талаар CBS бичсэн байна. Шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэлд дурдсанаар наадамд уригдсан дуучин Дрейк гэнэт тайзнаа гарч ирснээр үзэгчдийн дунд улам хөдөлгөөн үүсгэж, үймээн дэгдэхэд нөлөөлжээ. Харин тоглолтын үеэр төмөр тасалгааны дэргэд зогсож байсан, мөн шүүхэд гомдол хүргүүлсэн Кристиан Паредесын хэлснээр Трэвис тайзан дээр гарч ирэхэд хүмүүс бие биенээ хүчтэй түлхэж эхэлсэн бөгөөд тэр даруй олны дунд үймээн дэгдсэн байна. Тэрээр нэхэмжлэлдээ “Олон хүн Live Nation Entertainment-ийн хөлсөлсөн хамгаалагчдаас тусламж гуйсан боловч тэд үзэгчдийг үл тоомсорлосон” хэмээн дурджээ.
Одоогийн байдлаар Трэвис, Дрейк хоёр болон зохион байгуулагч компаниуд шүүхэд хүргүүлсэн гомдолд хариу мэдэгдэл хийгээгүй байна. Гэсэн хэдий ч NME вебсайтын дамжуулж буйгаар Трэвис Astroworld наадмыг үзсэн бүх хүмүүст тасалбарын мөнгийг нь буцаан олгоно гэсэн байна. Мөн Трэвис удахгүй Лас-Вегаст тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч уг тоглолтоо мөн цуцлахаар шийджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт