Лиз МакДэниел яагаад заримдаа “тийм” гэж хэлэхийн оронд түр хүлээх хэрэгтэй гэдгийг хэллээ
Америкийн Diane von Furstenberg брэндийн харилцаа холбоо хариуцсан захирал ба зохиолч Лиз МакДэниел яагаад 20 насандаа гэрлэх хэрэггүйг Vogue сэтгүүлд ярьсан байна. Лиз 25 настай ээлжит танил нь ядам хуруундаа очир-эрдэнийн шигтгээтэй бөгж зүүсэн байхыг хараад нууцхан харамсах сэтгэл төрдөг хэдий ч сүй тавьсанд нь баяр хүргэдэг гэдгээ хэлжээ. Учир нь тэрээр Нью-Йорк хотоос гаралтай бөгөөд Нью-Йоркчууд хэзээ ч 25 насандаа гэрлэдэггүй тул түүнд ийнхүү харамсах сэтгэл төрдөг байна.
"Ихэвчлэн бүсгүй ханхүүтэй гэрлэснээр үлгэр төгсдөг шүү дээ. Харин миний хувьд гэрлэлт төгссөнөөр үлгэр эхэлсэн" гэх дизайнер Диана фон Фюрстенбергийн хэлсэн үгийг (Диана фон Фюрстенберг 22 насандаа хунтайж Эгон фон Фюрстэнбергтэй гэрлэж байсан түүхтэй) иш татсанаар Лиз МакДэниел өөрийн дурлалын түүхээсээ хуваалцсан юм.
Лиз МакДэниел 24 настайдаа сүй тавьсан ч, хожим нь буюу 33 настайдаа л гэрлэж байжээ. Учир нь энэхүү есөн жил түүний амьдралд маш чухал үүргийг гүйцэтгэсэн гэнэ. Тэрээр дөнгөж 20 гаруй насандаа ямар нэг карьергүй байсан бөгөөд сүйт залуугийнхаа эцэг эхийн өгсөн мөнгөөр амьдарч, хааяа нэг орон нутгийн сонины "Гэр ба цэцэрлэг" буланд зориулж нийтлэл бичдэг байсан аж.
Лиз МакДэниелийн хэлснээр хосууд Флоренц хотоор аялж байх үед найз залуу нь түүнд гэрлэх санал тавьж байжээ. Хэдийгээр Лиз "үгүй" гэж хэлэх ёстой байсан ч шууд л "тийм" гэсэн хариулт өгсөн байна. Тухайн үед залуу бүсгүй гэрлэлтэнд огт бэлэн биш байсан тул тийм ч сайн сүйт бүсгүй байж чадаагүй гэдгээ хуваалцсан юм. Ингээд ч зогсохгүй тэрээр өөрийн мөрөөдлөө биелүүлж зохиолч болохын оронд үл хөдлөх хөрөнгийн зууч болохоор суралцаж эхэлсэн байна. Харин нэгэн удаа Лизийн хамгийн сайн найз Нью-Йорк хотын Соход болсон үдэшлэгийн талаар түүнд ярихад бүсгүй хэзээ ч уулзаж чадаагүй хүмүүс, гаргаж чадаагүй алдаанууд, өөрийнхөө хэзээ ч хүрч чадаагүй байр суурь гээд хуримын дараа түүний бүх мөрөөдөл алга болох юм шиг санагдаж байжээ. Төд удалгүй ням гарагийн нэгэн үдэш сүйт залуу нь түүнд гэрлэх шийдвэрээ хэт яарч гаргасан болохыг мөн ер нь л тэд амьдралаас огт өөр зүйлс хүсдэг тухай хэлсэн гэнэ. Хэдийгээр үүний дараа Лиз МакДэниел шархалсан зүрхтэй хоцорсон ч эрх чөлөөтэй байсан гэдгээ дурдсан юм.
Ер нь хүмүүс 20 насандаа эрх чөлөө ба тогтвортой байдал, хайр дурлал ба бие даасан байдлын хооронд эргэлзэж байдаг гэж Лиз боддог аж. Мөн энэ насанд хүмүүс гэрлэлтийг алдагдсан боломжууд ба хязгаарууд хэмээн харах нь элбэг гэжээ. Гэхдээ мэдээж хэрэг цаг хугацаа өнгөрөхөд гэрлэлтийн талаарх хүмүүсийн үзэл бодол өөрчлөгддөг гэдгийг МакДэниел нэмж дурдсан байна.
Харин одоо тэр гэрлэлтийг ололт хэмээн хардаг аж. Жишээ нь Лизийн хувьд түүний нөхөр нь хамтрагч, дурлалт залуу, сайн найз, бороотой үед хаалганы бариулд үргэлж шүхэр өлгөж үлдээдэг онцгой хүн байж чаддаг гэнэ. Мөн 10 жилийн хугацаа түүнд маш их өөрчлөлтүүдийг авчирсан байна. Тухайлбал одоо тэрээр айдас ба итгэлтэй байдал, буруу хүн ба зөв хүн, ямар нэг зүйлийн төгсгөл ба эхлэлийн ялгааг мэддэг болсон гэдгээ эцэст нь хэлсэн юм. Тиймээс эрт гэрлэх гэж яарахын оронд мөрөөдлөө биелүүлж, тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй гэдгийг Лиз МакДэниелийн дурлалын түүх бидэнд харуулж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт