#BuroCrush: Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчин Фан Бинбин

Хятадын кино ертөнцийн IT girl

Фан Бинбин бол Хятадын хамгийн амжилттай жүжигчдийн нэг бөгөөд Холливүүд ба олон улсын кино салбарт орж чадсан нэгэн. Тэрээр 2011 онд "Stretch" гэдэг франц кинонд тоглосон бол тэр жилдээ "My Way" гэх Солонгосын хамгийн өндөр үнэтэй бүтсэн кинонуудын нэгт дүр бүтээсэн юм. Үүний дараа, 2014 онд "X-Men: Days of Future Past" блокбастер кинонд тоглосноор олон улсад танигдаж эхэлсэн. Гэхдээ бид түүнийг бүр 1998 онд гарч байсан "My Fair Princess" буюу "Хуанжу Гэг" цуврал киноны Жин Суогийн дүрээр сайн мэднэ. Энэхүү цуврал нь Фан Бинбиний амжилттай кино карьерын эхлэлийг тавьж өгсөн гэж хэлж болно. Энэ цаг үеээс түүний жүжигчний карьер огцом өссөн билээ.

Өнгөрсөн наймдугаар сард тэр Хонг Конг ба Америк уран бүтээлчдийн хийсэн "Skiptrace" кинонд Жеки Чан ба Жонни Ноксвил нартай хамтран тоглосон бөгөөд энэхүү кино нь Хятадын box office-ыг тэргүүлж, хит болсон. Мөн саяхан Хятадын алдарт найруулагч Фэн Сяоганы найруулж, Торонтогийн олон улсын кино наадам дээр танилцуулагдсан "I Am Not Madame Bovary"киноны гол дүрийг бүтээж, Сан-Себастьяны олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд "Silver Shell" шагналыг хүртжээ.

Энэ жил Forbes сэтгүүл түүнийг Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн рейтингийн тавдугаар байранд (17 сая доллар) жагсаажээ.

"X-Men: Days of Future Past" кинонд

Фан Бинбин зөвхөн кино жүжигчин төдийгүй поп дуучин ба өөрийн нэрийн студитэй телевизийн продюсер юм. Гэхдээ түүний хөгжмийн ба продюсерын карьераас илүү Фан Бинбиний өвөрмөц загварын мэдрэмж хүмүүсийн анхаарлыг их татдаг. Түүний жил бүрийн Канны кино наадамд өмсч ирдэг тансаг гоёлууд олон улсын загварын шүүмжлэгчдийн хараанд өртөхөд нь нөлөөлжээ. Vanity Fair сэтгүүлийн "International Best Dressed" жагсаалтанд Фан Бинбин үргэлж дээгүүр байранд бичигддэг нь нэгийг илтгэнэ.

Met Gala 2015 "China: Through The Looking Glass"

Мөн тэр Chopard, L'Oreal Paris ба Louis Vuitton брэндүүдийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэр ч бүү хэл францын загварын ордон түүний 2013 оны Канны кино наадмын нээлтэнд зориулж даашинз хийж байсан нь Louis Vuitton брэнд Ази жүжигчинд тусгайлан зориулж даашинз урласан анхны тохиолдол болсон юм. Парисын загварын долоо хоног үргэлжилж байгаа энэ үед Vogue зэрэг загварын томоохон сэтгүүлүүд түүний загварын шоунд өмсөж ирсэн гоёлууд ба street style хувцаснуудыг онцолж байна.

Louis Vuitton China, намар-өвөл 2013 сурталчилгаанд

Фан Бинбиний хэлснээр бол тэр дахин X-Men киноны дөрвөн шинэ ангид Блинк хэмээх телепорт (цаг хугацаа ба орон зайн шилжилт) хийх чадвартай мутантын дүрд тоглох гэрээтэй юм байна. Мөн түүний Пирс Броснантай хамт тоглосон "The King's Daughter" нэртэй уран зөгнөлт адал явдалт кино 2017 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Тэгэхээр бид ирээдүйд Фан Бинбинг хятад кинонуудаас гадна, Холливүүдаас олон дахин харах өндөр магадлалтай байна.

Г.Тэмүүлэн

2016-10-04, 09:25