#BuroCrush: Натали Портманы төгс дүр

Холливүүдын хамгийн дур булаам цагаан хоолтон

Бюро 24/7 сэтгүүл Оскарын наадмын долоо хоногт зориулж Холливүүдын шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг, продюсер, шинэ найруулагч, Натали Портманыг #BuroCrush буландаа онцолж байна

Оскарын 89 дэх удаагийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэ жилийн Оскарын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал асар өрсөлдөөнтэй болж байна. Үнэн хэрэгтээ Натали Портман, Эмма Стоун нарын дунд жинхэнэ өрсөлдөөн явагдаж буйг хүн бүр дотроо мэдэж байгаа байх. Тэгэхээр хэрэв Натали Портман энэ удаад ялбал "Dior-ын бүсгүй" хоёр дах удаагаа Оскарын шагнал хүртэх болно. АНУ-ын тэргүүн хатагтай байсан Жаклин Кеннедигийн дүрийг тэр дэндүү чадварлаг харуулсан нь мэргэжилтнүүд Натали Портманыг өөрийн карьерын хамгийн төгс дүрүүдийн нэгийг бүтээсэн гэсэн дүгнэлтэнд хүргэжээ.

Натали Портман Иерусалим хотод 1981 онд төрсөн бөгөөд түүний эцэг эх бага байхад нь АНУ-руу цагаачилсан юм. Түүнийг нэгэн пиццаны газар явж байхад нь (тухайн үед 11 настай байсан) моделийн агентлагийн төлөөлөгч олж нээжээ. Гэхдээ Портманд загварын ертөнц хэт энгийн санагдсан учраас тэр жүжигчний карьерыг сонгох болсон байна. Энэ цагаас эхлээд бид Натали Портманы гайхалтай дүрүүдийг олж харсаар байгаа. Бид Натали Портманыг бага насны хөлсний алуурчин (Leon: The Professional), тайчигч (Closer), сансрын хатан (Star Wars), мэргэжлийн балетчин (Black Swan) зэрэг олон төрлийн дүрээр харж байсан бол одоо түүнд тэргүүн хатагтай Жеки Кеннедигийн дүрээр (Jackie) дахин нэг удаа Оскарын шагнал авах боломж олдож байна. Натали Портман 2011 онд Даррен Аранофскийн "Black Swan" киноны дүрд тоглохын тулд бараг 10 кг жин хасч, бүжгийн маш хүнд бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Тэгвэл Пабло Ларрайны бүтээсэн "Jackie" кинонд тэрээр АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн эхнэр, тэргүүн хатагтай Жаклин буюу Жеки Кеннедигийн дүрийг гаргахын тулд зөвхөн түүний өвөрмөц аялга, хоолойны өнгийг чадварлагаар бүтээгээд зогсохгүй, хувь хүний сэтгэлзүйн хөргийг өөртөө үүсгэж чаджээ.

Харвардын их сургуулийн сэтгэл судлалын ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн тэрээр зөвхөн жүжигчин биш, продюсер, найруулагчийн хувиар ажилладаг. Түүний найруулсан "A Tale of Love and Darkness" нэртэй израйлийн зохиолч, сэтгүүлч Амос Озын хүүхэд насыг харуулсан намтарчилсан кино 2015 оны Каннын кино наадам дээр танилцуулагдаж, шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан нь Натали Портманы олон талын авьяасыг харуулсан юм.

Тэрээр зөвхөн кино урлагийн салбар төдийгүй нийгмийг чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Натали Портман цагаан хоолтон бөгөөд NextGen Climate, PETA зэрэг байгаль орчин, амьтны эрхийг хамгаалдаг байгууллагуудыг дэмжиж ирсэн юм. Натали Портман арьсан эдлэл огт хэрэглэдэггүй учраас Dior загварын ордон Miss Dior брэндийн сурталчилгааны үеэр зөвхөн түүнд зориулсан тусгай гутлуудыг хүртэл урлаж байсан удаатай.

Одоо бие давхар байгаа жүжигчин бүсгүй энэ жил Оскарын шагнал хүртвэл түүх давтагдах болно. Өмнө нь тэрээр 2011 онд "Black Swan" киногоороо шилдэг эмэгтэй жүжигчин болоход мөн л бие давхар байсан юм. Тэгэхдээ хэрэв тэр энэ удаад Оскарын шагнал авахгүй байсан ч түүний ур чадварыг аль хэдийнэ үзэгчид ч, шүүмжлэгчид ч үнэлж, хүлээн зөвшөөрсөн байгаа.

Г.Тэмүүлэн

2017-02-21, 17:00