Эрнестина гэдэг 80 настай эмэгтэй бодибилдингийн од болж байна

Гиннессийн номонд бичигдлээ

Эрнестина Шепард залуу насандаа хэзээ ч фитнессээр хичээллэж байгаагүй. Тэрбээр сургуульд байхдаа гэмтэл авч биеийн тамирын хичээллээс чөлөөлөгдсөн бөгөөд амттай, шарсан, хуурсан зүйлээс татгалздаггүй байжээ. Харин Эрнестина эрүүл амьдралын хэв маягийн тухай 50 настайдаа л бодож эхэлсэн юм.

Тэрбээр анх хэт булчинлаг болохыг хүсээгүй тул хөнгөн аеробикаар хичээллэдэг байсан гэнэ. Төд удалгүй төмөр өргөх нь түүний биеийг улам бүр хөгжүүлж байгааг олж мэдсэн байна.

Одоо Эрнестина өдөрт дөрвөөс илүүгүй цаг унтаж, ихэвчлэн 02:30 цагт сэрэн, 16 км алхдаг. Тэрбээр 07:30-11:30 хооронд дасгалжуулагчтай фитнессээр хичээллэдэг бөгөөд өдөрт бага хэмжээгээр 5-6 удаа хооллож, маш хатуу дэглэм барьдаг байна. Эрнестинагийн өглөөний цай овьёос, хушга, хан боргоцойноос бүрддэг бол өдрийн хоолондоо тахианы мах, аспарагус, жигнэсэн төмс иддэг. Харин оройн зоогонд цацагт хяруулын мах, шош, бууцай болон туна загас сонгодог байна. Үүнээс гадна тэр өдөрт хагас литр өндөгний цагаан ба найман аяга ус уудаг.

"Хэрэв танд ямар нэг эрүүл мэндийн шалтгаан байхгүй л бол хэдэн настай ч бай спорт зааланд хичээллэж эхлэх өдрөө хойшлуулах хэрэггүй" гэж Эрнестина үзэж байна. Эмч танд спортоор хичээллэхийг хориглоогүй л бол өглөө эсвэл оройдоо удаан хугацаагаар алхаж байх хэрэгтэй гэж тэр нэмж зөвлөжээ. Мэдээж хэрэг шууд л 16 км туулж эхлэхгүй ч аажим, аажмаар ахиц гаргах хэрэгтэй. Үүний дараагаар спорт зааланд, хөнгөн жин ашиглан хичээллэж эхлэх ёстой ба фитнессийн мэдлэгтэй хүнээс тусламж хүсээрэй гэж Шепард хэлсэн юм. Мэргэжлийн хүмүүс дасгал хийж зөв техникийг заааж өгөх болно. Эс бөгөөс амархан гэмтэл авах болзошгүй.

Одоо 80 настай Эрнестин өөрийн гэсэн фитнесс хөтөлбөртэй дасгалжуулагч болоод зогсохгүй хамгийн өндөр настай бодибилдингийн тамирчин болж Гиннессийн номонд орж дээд амжилт тогтоожээ. "Надад эрч хүч, тамир тэнхээ, өдөр бүр амьдрах хүслийг минь өгдөг Бурханд би талархдаг" гэж Эрнестина бодлоо хуваалцсан байна.

Buro.Mongolia

2017-03-18, 13:26

  • Зураг: