Евро-2024: Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд

Хөлбөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг Европ тивийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Долоодугаар сарын 14-ний өдрийг хүртэл бүтэн сарын турш үргэлжилж, нийт 51 тоглолт явагдах энэ удаагийн тэмцээн хэрхэн өрнөж байна вэ?


Нээлтийн тоглолт

Мюнхен хотын Allianz Arena цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн тоглолтод талбайн эзэн Германы шигшээ баг Шотландын шигшээ багийг 5:1-ийн харьцаатайгаар буулган авч ялалт байгууллаа. Энэ нь Европ тивийн эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт дахь хамгийн олон гоолын зөрүү болж түүхэнд бичигдсэн бөгөөд Германы шигшээ багийн залуу довтлогч, 21 настай Флориан Вирц тоглолт эхэлснээс ердөө 10 минутын дараа эхний гоолыг оруулж салхийг хагалсан юм.


Гүржийн шигшээ багийн анхны тэмцээн

17 дахь удаагийн Европ тивийн эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 24 улсын шигшээ баг өрсөлдөж байна. Энэ дундаас 3.7 сая хүн амтай, 69,700 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Гүржийн шигшээ баг анх удаа оролцож буйгаараа онцлог юм. Тэд хэсгийн шатны анхны тоглолтоо маргааш буюу зургаадугаар сарын 19-ний 00:00 цагт Турк улсын эсрэг хийхээр болжээ.


Шинэ түүхүүд бичигдэв

Тэмцээн эхлээд удаагүй байгаа ч шинэ түүхүүд ар араасаа бичигдсээр байна. Зургаадугаар сарын 16-ны өдөр Итали болон Албани улсын хооронд явагдсан тоглолт дээр Албанийн шигшээ багийн довтлогч 25 настай Недим Бажрами 22 дахь секундэд эсрэг багийнхаа хаалганд гоол оруулсан нь тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоол болж тэмдэглэгдэв. Мөн түүнчлэн Испанийн шигшээ багийн залуу од, баруун жигүүрийн довтлогч Ламин Яамал Еврогийн талбайд гарсан түүхэн дэх хамгийн залуу тоглогчоор тодроод байна. 2007 оны долоодугаар сарын 13-нд төрсөн тэрээр Барселона клубт харьяалагддаг.

Недим Бажрами
Ламин Яамал

Байгальд ээлтэй тэмцээн

Европын хөлбөмбөгийн холбоо, Герман улсын хөлбөмбөгийн холбоо, төрийн эрх баригчид хамтран энэ удаагийн тэмцээнийг байгальд ээлтэй байдлаар зохион байгуулж, цаашид томоохон жишиг тогтоох цогц бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэд ус болон эрчим хүчний хэрэглээг зохистой хэмжээнд бууруулахын тулд тэмцээн зохиогдож буй 10 цэнгэлдэх хүрээлэнд шинэчлэлүүд хийснээс гадна цэнгэлдэх хүрээлэн тус бүрд хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, нөхөн сэргээх гэсэн зарчмыг баримталж байгаа гэлээ. Мөн түүнчлэн хуванцар савлагаа бүхий усны хэрэглээг багасгахын тулд өөрийн усны савандаа үнэгүй ус авах боломжтой цэгүүдийг олноор байршуулж, дугуйн зогсоолуудыг нэмж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.


Хамгийн том Fan zone

Берлин хотод байрлах 18-р зууны түүхэн дурсгалт газар болох The Brandenburg Gate буюу Бранденбургийн хаалга нь Евро-2024 тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн цугларах хамгийн том цэг болоод байна. Аварга том дэлгэцийн дор олон мянган хөгжөөн дэмжигчид цугларан, хамтдаа үнэ төлбөргүй тоглолт үзэх боломжийг олгодог хөгжөөн дэмжигчийн цэгүүд ямагт цэнгэлдэх хүрээлэнгээс дутахааргүй уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Тэгвэл Герман болон Шотландын шигшээ багуудын дунд болсон нээлтийн тоглолтын үеэр Бранденбургийн хаалганы ачаалал дээд цэгтээ хүрч, цагдаагийн байгууллагаас ахин хүн нэмэгдэх боломжгүй тул зорьж ирэхгүй байхыг өөрсдийн сошиал хуудсаар дамжуулан анхааруулсан байна.

Buro.Mongolia

2024-06-18, 15:14