Тренд болоод буй фитнесс хэрэгслийн талаарх таны мэдэх хэрэгтэй мэдээлэл
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар хүмүүс гэрээсээ ажиллаж, гэртээ спортоор хичээллэж хэвшсэн. Ингэхдээ гэртээ дасгал, хөдөлгөөн хийж буй ихэнх хүмүүс фитнессийн зориулалттай нэмэлт хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаар хангалттай мэдлэггүй байдаг. Мөн өөртөө тохирсон хэрэгсэл сонгохгүй байх тохиолдол цөөнгүй билээ.
Алдартнуудын жишээнээс харахад Жессика Альба резин ашиглах дуртай. Харин Риз Уизерспун ердийн дээс ашиглахыг илүүд үздэг гэнэ. Түүнчлэн спортоор хичээллэдэг хүмүүсийн өөр нэгэн хэрэглэх дуртай төхөөрөмжөөр хүндрүүлэгч сонгогдоод байгаа юм. Тус төхөөрөмжийг хийж буй дасгалаа илүү хүндрүүлэхийн тулд түлхүү ашигладаг билээ. Бид энэ удаад уг төхөөрөмж нь танд хэрэгтэй эсэх, мөн үүнийг хэрэглэснээр ямар ашиг тус авч болох талаар мэдээлэл бэлтгэлээ.
Хүндрүүлэгчийн ач тус
Хүндрүүлэгч нь хийж буй дасгалын өгөөж болон эрчмийг нэмэгдүүлдэг. Ихэнхдээ хүндрүүлэгчийг хөлийн шагайн хэсэгт зүүдэг ч зарим дасгалуудыг хийхийн тулд гартаа ч зүүх тохиолдол бий. Ерөнхийдөө хүндрүүлэгчийг хаана зүүх нь яг ямар булчингаа хөгжүүлэхийг хүсэж байгаагаас шалтгаалах юм. Энэхүү хэрэгсэл нь дасгал хийх явцад нэмэлт ачаалал өгдөг тул илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Ингэснээр хүссэн үр дүндээ хурдан хүрэх боломжтой бөгөөд биеийн булчингууд сайн хөгждөг байна.
Хүндрүүлэгч булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлөх үү?
Уг хэрэгслийн тусламжтайгаар дасгалын эрчим нэмэгдэх ч энэ нь булчингийн массыг мөн адил эрчимтэй нэмэгдүүлнэ гэсэн үг биш юм. Фитнесс дасгалжуулагчдын онцолж буйгаар хүндрүүлэгч нь харьцангуй бага жинтэй байдаг учраас булчин нэмэгдэхэд хувь нэмрээ оруулдаггүй байна. Гэсэн хэдий ч уг нэмэлт хэрэгсэл нь дасгал хөдөлгөөнийг гүйцэтгэх явцыг улам хүндрүүлдэг тул илүү их калори шатаахад тусалдаг аж.
Хүндрүүлэгчийг хэрхэн зөв ашиглах ёстой вэ?
Хамгийн гол дүрэм бол спортоор хичээллэх үйл явцад садаа болж, хүндрэл учруулах хүндрүүлэгчийг бүү сонгоорой. Хэт хүнд, тавгүй мэдрэмж өгөх хүндрүүлэгч нь ач тусаа хүргэхийн оронд таныг улам л хурдан ядраахаас гадна эрчимтэй дасгал хийж хэвшээгүй хүнд бэртэл, гэмтэл ч учруулж болзошгүй юм.
Тэгвэл хэрхэн өөрт тохирсон хүндрүүлэгчийг сонгох вэ?
Ямар дасгалд хүндрүүлэгч ашиглах хэрэгтэй байдаг вэ?
Хүчний дасгал буюу суулт, хайч суулт, хөлөө ээлжлэн өргөх, “glute bridge” буюу өгзөгний гүүр зэрэг дасгалууд хийх үедээ хүндрүүлэгч ашиглахыг дасгалжуулагчид зөвлөдөг. Түүнчлэн аэробикаар хичээллэж байхдаа, эсвэл “step platform” буюу фитнессийн тусгай тавцан дээр гарч гүйцэтгэдэг дасгал хийхдээ хүндрүүлэгч зүүвэл илүү сайн үр дүнд хүргэхийн зэрэгцээ зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа сайжирдаг байна.
Хүндрүүлэгчтэй гүйж болох уу?
Гүйхдээ хүндрүүлэгчээс татгалзах нь зүйтэй юм. Учир нь хүндрүүлэгч бидний үе мөч, булчинд хэт их ачаалал өгч, гэмтээх ч магадлалтай байдаг байна. Мөн хүндрүүлэгч гүйж байх үед ердийн хөлийн хөдөлгөөнд саад болдог тул бэлтгэл тань үр дүнгүй болж болзошгүй хэмээн фитнесс дасгалжуулагч Сандра Альварес хэлсэн юм.
Өөр ямар тохиолдолд хүндрүүлэгч хэрэглэх хэрэггүй вэ?
Хэрэв та өвдөг, ташаа, нуруу болон бусад үе мөчний асуудалтай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа хүндрүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Нэмэлт жин таны үе мөчид сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт