Боксын төрөлд хоёр ялалт
Олимпийн наадамд юу, юу болж байгааг шөнөжин шууд үзэх боломжгүй байгаа хүмүүс олон бий. Мөн Олимпийн наадамд ямар, ямар монгол тамирчин оролцож байгааг одоо хүртэл мэдэж амжаагүй хүмүүс ч цөөнгүй байх шиг. Тэдгээр хүмүүст бид өдөр бүрийн тоймыг хүргэж байна
Рио-де-Жанейро хотод болж буй XXXI дэх удаагийн Олимпийн наадамд монгол улс амжилттай оролцож байна. Амжилт гэдэг бол зөвхөн медаль авахын нэр биш гэдгийг спорт сонирхогчид цөм мэднэ. Шагналт тав юм уу, наймдугаар байранд орж чадсан байна гэдэг нь, эсвэл Олимпийн дэвжээн дээр нэг ч атугай ялалт байгуулна гэдэг нь өөрөө тодорхой хэмжээний ололт юм. Өнгөрсөн шөнө манай улсын тамирчдаас жудо бөхийн хоёр, боксын хоёр, хүндийг өргөлтийн нэг тамирчин хүчээ үзлээ.
Боксын 56 кг-ийн жинд хүч үзэж буй Э.Цэндбаатар маань Кенийн тамирчинг ялж шилдэг 16-д шалгарсан байгаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Беларусийн боксчин ба тэд наймдугаар 15-нд тулалдах болно. Мөн 64 кг-ийн жинд өрсөлдсөн Б.Чинзориг маань Катарын тамирчиныг ялснаар наймдугаар сарын 15-нд удаах тоглолтоо хийх эрхээ авлаа.
Хүндийг өргөлтийн тэмцээний 69 кг-ийн жинд оролцож буй М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 237 кг-г өргөж шагналт наймдугаар байрт орлоо. Түүнийг Монголын хүндийг өргөлтийн спортын шинэ түүхийг бичиж байна хэмээн спортын мэргэжилтнүүд үнэлж байгаа юм.
Харин жудо бөхийн хувьд Л.Отгонбаатар маань ээлж, дараалласан хүнд тулаануудыг хийж шагналт тавдугаар байрт орлоо. Тэрээр эхний учраандаа дэлхийн аварга Кубын бөх Э.Гонзалезийг буулган авч, шөвгийн наймд үлдсэн. Гэвч Л.Отгонбаатар дараа нь Гүржийн бөх В.Липартеланид торгуулиар ялагдаж, дагах барилдаан хийх болсон ба хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын бөхөд ялагдсан юм.
Энэ жил анх удаагаа Олимпийн наадамд оролцож буй Н.Наранжаргал 70 кг-ийн жинд Гүржийн бөх Э.Стамд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Сонирхуулан хэлэхэд Монгол улс Олимпийн түүхэндээ нийт 55 жудоч илгээсэн өндөр амжилт үзүүлсэн ба энэ жил долоо нь анх удаагаа Олимпийн наадамд оролцож буй юм.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-нд биднийг Олимпийн алт, мөнгөн медальт, монгол түмний бахархал болсон Н.Түвшинбаяр аваргын тоглолт хүлээж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт