Apple компани алдагдсан утасны мэдээллийг хамгаалах шинэ функцийг танилцууллаа

Apple компани iOS 17.3 үйлдлийн систем дээр нэмэгдсэн сонирхолтой шинэчлэлүүдийг танилцууллаа. Тус танилцуулгад багтсан шинэчлэл дундаас хэрэглэгчдийн анхаарлыг "Stolen Device Protection" функц хамгийн ихээр татаж байна. Учир нь iPhone гар утасны тоон нууц үгийг мэдэж байх төдийд “Apple ID” тохиргоог өөрчилж, “Find My iPhone” горимыг унтрааж, төлбөрийн картын мэдээлэлд хандаж, утсан дээрх аппликейшнүүдийн нууц үгийг харах боломжтой байдаг. Тэгвэл Apple компани энэхүү шинэчлэлээр дээрх асуудлыг шийдэж өгсөн системийг хэрэглэгчдэд нэвтрүүлж өгчээ.

Тухайлбал хэрэглэгч iOS 17.3 үйлдлийн системийг татан суулгаснаар утасны “Face ID & Passcode” хэсэгт “Stolen Device Protection” хэмээх шинэчлэл нэмэгдэх болно. Тус тохиргоог идэвхжүүлснээр хэрэглэгчийн нууц кодыг хэн нэгэн мэдэж байсан ч утсан дээр хадгалагдсан нууцлал өндөртэй мэдээллүүдэд хандах боломжгүй болох бөгөөд хэрэглэгчийг өөрөө мөн эсэхийг заавал баталгаажуулахын тулд "Face ID"-г давхар шаардах аж. Харин "Face ID" дэмждэггүй iPad Pro-гоос дооших загварын iPad дээр хэрэглэгчийн "Touch ID" шаардлагатай юм. Apple компанийн зүгээс “Бид хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хүчирхэг системийг нэвтрүүлэхээр хичээж ажиллаж байна. Дан ганц нууц код утасны мэдээллийг бүрэн хамгаалж өгч чадахгүй байгаа учраас энэхүү шинэчлэлийг гарсан даруйд нь суулгахыг хэрэглэгчдэдээ зөвлөе” хэмээжээ.

Мөн тус шинэчлэлд Apple Music-ийн шинэ функцийг танилцуулсан бөгөөд хэрэглэгчид тус платформоор дуу сонсохдоо найзууд болон дотнын хүмүүстэйгээ хамт плейлист үүсгэн ашиглах боломжтой болох юм.

Одоогоор iOS 17.3 үйлдлийн системийн бета буюу туршилтын хувилбар гарсан байгаа ба эцсийн хувилбар нь 2024 оны эхний хагаст багтан хэрэглэгчдэд хүрэх төлөвтэй байна.

Buro.Mongolia

2023-12-19, 11:48