Өнгөрсөн зууны хугацаанд шинэ технологи нь бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулан сайжруулсан боловч байгаль дэлхий маань золиос болсон билээ. Үүнээс үүдэн байгаль орчинд үзүүлж буй хор нөлөөг багасгах зорилготой технологиуд шинээр гарч, шинэлэг сэтгэлгээ олшрох болсон тул бид өнөөгийн тогтвортой хөгжил болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн хамгийн сэтгэл хөдөлгөм технологийн таван шинэчлэлтийг онцолж байна.
Хамтран үүсгэн байгуулагчид Акшай Сети болон Моби Ахмед нар хувцас, даавуунаас ялгардаг хог хаягдлыг багасгах зорилгоор ухаалаг мяндас үйлдвэрлэдэг Moral Fiber компанийг бүтээжээ. Тэд холимог материалтай хувцас болон даавуунаас полиэстерийг тусгаарлан салгаж авснаар дэлхийд анх удаа хуучин хувцаснаас шинэ материал боловсруулах арга замыг олсон байна. Полиэстерийг дахин боловсруулснаар дараа нь хязгааргүй тоо, хэмжээгээр дахин ашиглагдах, тогтвортой хэрэглээг дэмжих мяндас үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Энэ бол Moral Fiber компанийн хувьд зөвхөн эхлэл билээ. "Бид даавуунаас үйл ажиллагаагаа эхэлсэн ч цаашид өөрсдөд байгаа технологийг ашиглан сав баглаа, боодол, шил, хальс зэргийг боловсруулах боломжтой юм" хэмээн компанийн үүсгэн байгуулагчид хэлжээ.
Компанийн үүсгэн байгуулагч Жонатан Уэбб нь Кентаки мужийн Аппалачиа хотод шинэлэг санаа ашиглан Америкийн хамгийн том хүлэмжийг бүтээж байгаа бөгөөд уламжлалт арга барилтай харьцуулбал хөдөө аж ахуйн нөөцийн алдагдлыг багасгадгаараа онцлог юм. AppHarvest нь уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлснээр GМО буюу генийн өөрчлөлтгүй, химийн найрлагагүй, илүү хямд болон чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа билээ.
Компанийн анхны хүлэмж нь 2020 онд Кентаки мужийн Морхэд хотод нээхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд 24.3 га талбайтай энэхүү нүсэр хүлэмж нь бүхэлдээ борооны усаар ажиллаж, уламжлалт фермтэй харьцуулахад усны хэрэглээг 80% бууруулан, 4 га газар талбай бүхий хадгалах цөөрөм ашиглахаар зорьж байгаа юм. Энэ шийдэл нь ирээдүйд илүү тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх томоохон алхам билээ.
Uber-ийн өөр нэг хувилбар гэгддэг, унаа хуваалцдаг Lyft компани нь цахилгаан автомашины тоогоо асар их хэмжээгээр нэмж, хэрэглэгчиддээ цахилгаан мотортой унадаг дугуй болон скутер санал болгож, үүний зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа билээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн цаг уурын үйл ажиллагааны чуулга уулзалтын үеэр Lyft компани өөрсдийн зүгээс дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө юу хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм. "Бид хоёр хэсгээс бүрдсэн мэдэгдэл гаргасан. Нэгдүгээрт, бид өөрсдийн бизнесээс гарах бүх утаа ялгарлыг багасгана. Үүнд автомашин болон компанийн бусад бүх үйл ажиллагаа хамрагдана. Хоёрдугаарт, бид бүх цахилгаан хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах болно" хэмээн Аронс зарласан байна.
Loop компани нь хэрэглэгчдэд илүү ухаалаг байдлаар, хог хаягдалгүй худалдан авалт хийх боломжийг олгодог. Тус компани нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг дахин ашиглах боломжтой саванд савлаж, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгаа. Мөн тэдгээр бүтээгдэхүүнүүд дууссаны дараа Loop хоосон савыг эргэн цуглуулахаар ажилчдаа илгээдэг байна. Яг л олон жилийн өмнөх шилэн савтай сүү хүргэлтийн систем шиг гэсэн үг юм.
Харин хоосон, дахин ашиглах боломжтой савнуудыг цуглуулсны дараа тэд савнуудыг цэвэрлэж ариутган дахин хүргэлтдээ ашигладаг байна. Одоогоор компани нь Häagen-Dazs, Pantene, Tide, Crest, Dove, Seventh Generation гэх мэт алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Өнгөрсөн жил АНУ-д нийт 14 байгалийн гамшиг тохиолдсон нь татвар төлөгчдөд олон тэрбум ам.долларын хохирол учруулсан билээ. Гамшиг болж өнгөрсний дараа сэргээн засварлалт болон иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд эрчим хүчний систем яаралтай шаардлагатай болдог ба The Footprint Project тэрхүү хэрэгцээг тогтвортой, маш уян хатан байдлаар шийдэж өгдөг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт