Их Британийн The Independent онлайн сонин 2019 онд очиж үзэх хэрэгтэй Европын сонирхолтой хотуудыг нэрлэсэн байна. Тэдний боловсруулсан рейтингэд Ром, Венец зэрэг жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газрууд төдийгүй Минск, Белград, Сараево зэрэг хүмүүсийн тийм ч сайн мэддэггүй хотууд багтжээ.
Минск, Беларусь
2019 оны зургаадугаар сарын 21-30 хооронд Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл хотод Европын наадам зохион байгуулагдана. Зөвхөн энэ үйл явдал Минскийг зорих хангалттай шалтгаан болох ч The Independent сонины зүгээс мөн Хуучин хотыг зорьж, баар ба кафенуудаар үйлчлүүлэхийг зөвлөжээ. Ерөнхийдөө Минск нь цэвэрхэн, аюулгүй, нөхөрсөг хот юм. Гэхдээ нутгийн оршин суугчид бүгд англи хэлээр ярьдаггүй гэдгийг анхаараарай.
Роттердам, Нидерланд
Роттердам бол Голландын хоёр дах том хот юм. Энд ирсэн жуулчдад молекулын аргаар бэлтгэсэн зоог амталж, модерн архитектурыг сонирхохыг зөвлөж байна.
Ситжес, Испани
Барселон хот үргэлж жуулчдаар дүүрсэн байдаг тул энэ жил Каталонийн эргийг зорихыг санал болгожээ. Ситжес нь гайхалтай цаг агаартайгаас гадна амттай хоолоор үйлчилдэг олон тооны ресторанууд, орчин үеийн урлагийн музейнүүд ч бий.
Арль, Франц
Энэхүү хотыг Прованс нутгийн соёлын төв гэж тодорхойлж болох юм. Тус хотын хамгийн том шүтэн бишрэгч нь Винсент Ван Гог байсан бөгөөд тэрбээр өөрийн бүтээлүүддээ Арлийн гудамж, талбайнуудыг нэг бус удаа дүрсэлж байжээ.
Сараево, Босни ба Герцеговина
Энд ирээд хамгийн түрүүнд олон тооны сүм, мөргөлийн газруудыг сонирхохыг зөвлөж байна. Дараа нь мэдээж хэрэг гудамжны хоолнууд амталж, тэр дундаа чевапчичи хэмээх нутгийн зоогийг заавал амсаж үзээрэй.
Ром, Итали
Энэ хотыг танилцуулах нь мэдээж хэрэг илүүц биз ээ. Хэрэв та өмнө нь Ром хотоор аялж, бүх түүхэн дурсгалт газруудыг үзсэн бол Тестаччо нэртэй дүүрэгт хүрэлцэн ирээрэй. Энэхүү дүүрэг нь нутгийн хоолны соёл мэндэлсэн газар хэмээн тооцогддог. Үүнээс гадна саяхан Ромд ХХ зууны урлагийг харуулсан Palazzo Merulana нэртэй цоо шинэ музей нээгдсэн байгаа.
Парис дахь Disneyland, Франц
Парис хотод үзэж, харах зүйл тоолж баршгүй олон ч The Independent сонины хамт олон үргэлж баяр хөөрөөр дүүрэн байдаг Disneyland-ыг онцолсон байна. 2019 онд энд "Оддын Дайн" киноны сэдэвчилсэн үзүүлбэрүүдийг үзэж, Хүн-Аалз, Ахмад Америк зэрэг Marvel-ын супер баатруудтай цагийг хөгжилтэй өнгөрөөж, хоёр хоногийн турш үргэлжлэх электро хөгжмийн наадамд (Electroland) оролцож болно.
Белград, Серби
Энэ жил Белград хот Европ тивийн залуусын нийслэл байх болно. Шөнийн клуб, зугаа цэнгэлээрээ Белград Берлинтэй өрсөлдөж ч магадгүй юм.
Венец, Итали
Венец хотоор аялахдаа улиг болсон жуулчдын маршрутаас аль болох татгалзахыг хичээгээрэй. Жишээ нь Дожийн ордон, вапоретто (голын трамвай) зэргийг үзэхийн оронд хотын амьдрал хэрхэн өрнөдгийг судлаарай.
Бристоль, Их Британи
Энэ намар Бристольд "The Wave" нэртэй Европын хамгийн анхны серфингийн нуур нээгдэнэ. Харин зун нь Wild Place хэмээх дархан цаазтай паркад хүрэн баавгайнуудыг харж болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт