Airbnb компаниас түрээслэх боломжтой футуристик байшингууд

Байгаль дэлхийд уусахыг хүсвэл

Байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компани саяхан капсул, шилэн бөмбөлөг, орчин үеийн урц зэрэг футурист өнгө аястай байшингуудын жагсаалтыг танилцуулсан байна. Эдгээр барилгууд Бали, Исланд гээд дэлхийн өнцөг бүрт байрлаж байгаа юм.

Жагсаалтын нэгдүгээрт Перу улсын Андын нуруунд оршдог Урубамба хөндийд байрлах жуулчдын цогцолбор бичигджээ. Энэхүү цогцолбор нь голын дэргэд орших хадан хавцал дээрх гурван ширхэг шилэн капсулаас бүрдсэн байна. Өдрийн цагаар эдгээр байшингуудаас байгалийн гайхамшгийг харах боломжтой бол орой нь тэнгэрт гэрэлтэх оддыг ширтэж болно.

Харин жагсаалтын хоёрдугаарт Калифорнийн Жошуа-Три элсэн цөлд байрлах бөмбөгөр оройтой байшин багтжээ. Нутгийн байгаль нь яг л Ангараг гарагийг санагдуулдаг тул өөрийгөө "Улаан нүдэн гараг" дээрх анхны хүн мэт төсөөлөх боломжтой юм. Уг байшинг амралт болон урам зориг авах зорилгоор барьсан байдаг. Тиймээс дуучид, хөгжимчид, зохиолчид ба архитекторуудын дунд энэхүү байшин нь маш эрэлттэй байдаг гэнэ. Мөн байшин дотроо маш сайн акустиктай тул зочид гитар тоглохыг хүсэх нь гарцаагүй.

Энэтхэгийн далайн эрэг дээр буюу Балид байрлах бөмбөлөг хэлбэртэй байшинд амарч, хотын чимээ шуугианаас холдох боломжтой. Энэхүү шилэн байгууламж нь тусгаарлагдсан хэсэгт оршдог тул оршин суугчдын амьдрал бусдын нүднээс далд байх болно. Мөн энд зөвхөн өөртөө цаг хугацааг зориулаад зогсохгүй ажиллахад ч тав тухтай байна.

Рейтингийн дөрөвдүгээрт Исландын хойд хэсэгт байрлах модернист загвартай байшин бичигджээ. Барилгын ойролцоо халуун рашаан, цанын бааз, гольфийн талбай, морины ферм байрладаг. Эдгээр бүх зүйлс нь зочдыг байгаль дэлхийтэй уусахад тусална.

Хамгийн сонирхолтой байшингуудын дунд Канарын арал дээр байрлах дугуй хэлбэрийн дээвэртэй барилга багтжээ. Тус байшингийн эзэд уг барилгыг зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг тул "100% байгальд ээлтэй" болсон хэмээн тодорхойлдог.

Buro.Mongolia

2018-10-22, 10:00

  • Зураг: