Аяллын хөтөч: Грек, Португал, Дубай, Испани, Мальдив

Дуусгамааргүй амралт

Танд энэ удаагийн аяллын булангаараа нарлаг Дубай, романтик Испани, үзэсгэлэнт Португал, үлгэр домгийн Грек, нүд гялбам цагаан элст Мальдивын хамгийн тав тухтай амралтын газруудаас танилцуулж байна

 

Грек: The Romanos Resort

Газар дундын тэнгисийн эрэгт орших The Romanos Resort нь 321 вилла хауснаас бүрджээ. Амралтын газар бүхэлдээ орчин үеийн дизайн бүхий гантиг чулуун засалттай нь ирсэн зочдод маш тансаг мэдрэмж төрүүлдэг байна. Энд адал явдалд дурлагсдад зориулсан явган болон дугуйн аялал, далайд шумбах, теннисний талбай болон гольфчид тухтай амрах талбай зэрэг олон төрлийн үйлчилгээ бий. Хэрэв та Грекийн уугуул соёлыг илүү ойр дөхмөөр таньж мэдэхийг хүсвэл чидун жимс хураалцаж, тосгоны зоогийн газруудад үндэсний хоол хийж сурах хичээлд сууж болох юм. Энд л хүн төрөлхтөн философи үүсгэж, ардчиллын мөн чанарыг зохиож, хамгийн гайхалтай үлгэр домгуудыг бий болгосон байдаг.  

Харин үдшийн цагаар оддын доор задгай кино театрт кино үзэж, амьд хөгжимтэй тоглолт сонирхож болно. Мөн The Romanos Resort дэх Anazoe спа төв нь мөсөн өрөө, ургамлын гаралтай саунтай тул энд оюуны болоод биеийн алжаалаа тайлах бүх төрлийн орчин бүрджээ.  

Португал: Penha Longa Resort

Далайн хүчирхэг гүрэн байсан Португалын язгууртнууд мэт амрахыг хүсч байна уу. Хөвч ойгоор хүрээлэгдсэн өндөрлөг газарт сүндэрлэсэн энэхүү цайзад та эртний ихэмсэг байдал орчин үеийн энгийн оршихуй хоёрыг зэрэг мэдрэх болно. Үзэсгэлэнт байгальтай энэхүү амралтын газар теннис, гольф тоглох, дугуй, морь унах зэрэг цагаа хөгжилтэй өнгөрүүлэх олон сонголттой тул та хэзээ ч уйдахгүй.

Penha Longa Resort-ын өрөөнүүд саарал, бор өнгөнөөс бүрдсэн сонгодог хэв маягтай. Тэгэхдээ мөн спа төв, йогын өрөө болон бясалгал хийх задгай асар зэргийг багтаасан маш орчин үеийн зүйлстэй. Энд мөн зургаан төрлийн ресторан бий. Амьд хөгжим сонсох Arola, өвөрмөц хоол санал болгох LAB, Итали хоолны Il Mercato зэрэг газруудаас зочид өөрсдийн таашаалд нийцүүлэн сонгодог байна. 

Дубай: One & Only The Palm

Саяхан Улаанбаатарт АНЭУ-ын элчин сайдын яам байгуулагдаж, төд удахгүй бид Дубай руу шууд нислэг үйлдэх боломжтой болсон билээ. Тиймээс тийш аялахаар сонирхож буй хүмүүст One & Only The Palm зочид бууддыг санал болгъё. Энэ буудал 90 өрөө болон далайн эрэг дэх дөрвөн вилланаас бүрдсэн газар юм. Вилла тус бүр нь цэцэрлэгт хүрээлэнтэй, хувийн бассейн, нарлах хэсэг болон зоог барих асартай.

Тус амралтын газар нэр хүндтэй тогооч нарыг тодорхойлдог Мишелиний одтой тогооч үйлчлэх STAY, ZEST, 1O1 Dining Lounge гэх гурван ресторантай. Мөн энэ газар алдарт Emirates Golf Club, The Montgomerie гольфын клубээс аравхан минутын зайд байрладаг учир гольф тоглож цагаа өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүст төгс сонголт байх болно. Харин илүү их адал явдалд дуртай зочид Дубайн аяллын сонгодог хэлбэрүүд болох агаарын бөмбөлгөөр нисч, элсэн цөлд 4x4 сафари аялал хийж, эсвэл нэг бөхт тэмээ унаж болох юм.

Мөн хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрт нь тэмээ унах, хенна зурах, элсэн баримал хийх гээд олон сонирхолтой зүйлстэй ажээ. 

Испани: Puente Romano Beach Resort & Spa Marbella

Испаний эрэг дагуух асар олон амралтын газраас энэ газар нэгт маш орчин үеийн, цэлгэр өрөөнүүдтэй гэдгээрээ онцлогтой. Энэ нь хүүхдүүдтэйгээ аялж буй гэр бүл, эсвэл дөнгөж гэрлэсэн хосуудад сайхан сонголт болдог аж.  Тэнд Япон, Тайланд, Итали хоол болон цавуулаггүй тусгай орц найрлагатай хоолоор үйлчлэх нийт найман ресторан бий учраас үдэш бүр онцгой өвөрмөц амт мэдрэх боломжтой. Мөн Морокко хэв маягаар чимэглэсэн амьд хөгжимтэй задгай бааранд өрнө, дорнын холимог соёлоос мэдрээрэй.

Алжаалаа тайлах Six Senses спа төвөөс нь далай маш үзэсгэлэнтэй харагдана. Энд тансаг зэрэглэлийн зах зээлд алдартай QMS Medicosmetics, The Organic Pharmacy-гийн бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ ашигладаг байна. Харин гольфын хорхойтнуудад Marbella Club Golf Resort-д цагаа өнгөрүүлэх боломжтой.

Мальдив: Lux* South Ari Atoll

Энэтхэгийн далайд, Шри-Ланкийн баруун өмнө зүгт орших Мальдивын цагаан элстэй цэнхэр өнгийн далай өөрөө байгалийн төгс хослол болсон газар юм. Яг ийм цэнхэрлэн харагдах далайн дунд амрахыг хүссэн хүмүүст Lux Sout Ari Atoll резорт олон төрлийн амралт бэлджээ. Шөнийн тэнгэр дор задгай кино театрт тухлаж, өдөрт нь теннисний талбайд цахаа өнгөрүүлж, эсвэл зүгээр л тунгалаг цэнхэр уст далайд шумбаж, түмэн зүйлийн далайн амьтдыг энд сонирхох боломжтой.  Мальдивийн энэ орчимд далайн муур, халим зэрэг илүү онцгой амьтад бий гэдгийг сануулах нь зүйтэй байх. Гэр бүлээрээ аялах хүмүүст зориулж хүүхдийн усан спортын төв, адал явдалт аяллын хөтөлбөрийг резортын зүгээс санал болгодог байна. Энд мөн Япон, Энэтхэг, Итали болон далайн хоолоор үйлчлэх долоон ресторантай.

 

Б.Амина

2016-03-18, 10:00