Байгаль орчинтойгоо танилцах алтан боломжийг бүрдүүлэх хачирхалтай зочид буудлууд
“Bubble” буюу бөмбөлгөн зочид буудлын өрөөнүүд нь тунгалаг бөмбөгөр хэлбэртэй бөгөөд энгийн бус газар байршдагаараа онцлог юм. Анх 2018 онд энэхүү бөмбөлгөн зочид буудлууд олны дунд тренд болж, жуулчдын амрах дуртай байршлуудын нэг болсон байна. Тунгалаг материалын ачаар өрөөн дотроосоо орчин тойрны бүх хэсгийг ажиглан харах боломжтой төдийгүй зарим буудлын өрөө тусгай ханатай байдаг тул зочид гаднаасаа харагддаггүй билээ. Иймэрхүү бөмбөлгөн төрлийн буудалд бууснаар байгальтай уусан нэгдэж, ер бусын, мартагдашгүй мэдрэмжийг авдаг учраас жуулчдын дунд нэр хүнд нь өссөөр байна. Бид хамгийн содон зохион байгуулалттай бөгөөд үзэсгэлэнтэй газруудад байрлах бөмбөлгөн зочид буудлуудын жагсаалтыг танд хүргэж байна.
Bubble Lodge Bois Chéri, Маврикий
Bubble Lodge нь Маврикий улсын Кап Малоро тосгоны түүхэн цайны талбайд байрлаж байна. Тэндээс Бойс Чери ширэнгэн ойн гайхамшигт үзэмжийг харах боломжтой юм. Өрөөнүүд нь тав тухтайгаас гадна содон зүйлсээр тоноглогдсон байдаг. Жишээ нь шөнийн цагаар навчсыг гэрэлтүүлдэг чийдэн, одод ажиглах зориулалттай SkyView програм гэх мэт тоноглолуудыг ашиглаж болох юм. Түүнчлэн зочид олон төрлийн цай амтлах, завиар аялах болон загасчлах боломжтой. Нэмж дурдахад, зочид буудал нь өөрийн гэсэн ресторантай бөгөөд өрөөнд тань шууд халуун хоол хүргэж өгөх байна.
Himmelbett, Швейцар
Швейцарын баруун хойд хэсэгт байрлах энэхүү зочид буудлаас зүүд мэт сайхан байгалийн гоо үзэмж харагддаг байна. Гурван суурин бөмбөлгөн өрөөнөөс нь Констанс нуур, усан үзмийн талбай, цэцэрлэгт хүрээлэн харагддаг бөгөөд дөрөв дэх өрөө нь хоёр сар тутамд шинэ байрлал руу нүүдэг билээ. Charterhouse Ittingen хэмээх нэртэй өрөөний зочид Иттинген Картузийн хийд дэх музей болон Тургау урлагийн музейг (Kunstmuseum Thurgau) үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин BBZ Arenenberg бөмбөлгөн өрөөнд байршиж буй зочид Наполеоны музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой билээ. Мөн гурав дах өрөөний дэргэд улирлын чанартай фермийн ресторан байдаг тул шинэ ургацын хүнсээр хийсэн зоог барихыг бид зөвлөж байна.
Five Million Star Hotel, Исланд
Тухтай дулаахан өрөөнөөсөө хойд туйлын туяаг үзэх хамгийн тохиромжтой буудал Исланд улсад байрлаж байна. Five Million Star Hotel нь Рейкьявик хотоос нэг цагийн зайтай байрладаг. Зочдын тав тухад зориулж тусгай халаалттай өрөө, нийтийн гал тогоо болон ариун цэврийн өрөө байдаг. Өвлийн улиралд хойд туйлын туяаг ажиглахад тохиромжтой байдаг бол зуны урт өдрүүдэд цагаан шөнө гэх үзэгдлийг харж, нутгийн содон шувууд болон амьтдыг судлах нь гайхалтай сайхан байна.
Nuit Nature, Франц
Комбл тосгонд байрлах Nuit Nature-ийн зочдыг үнэгүй өглөөний цай, оргилуун дарсны амталгаанд оролцох боломж, мөн мэдээж Монблан уулын гайхалтай үзэмж хүлээж байна. Уг бөмбөлгөн буудал нь ердөө ганц л өрөөтэй бөгөөд тансаг зэрэглэлийн дизайнерын тавилгаар бүрдсэн юм.
Finn Lough, Хойд Ирланд
Finn Lough бол Хойд Ирландын Лоу Эрне хотын эрэг дээр байрлах томоохон амралтын газар билээ. Бөмбөлгөн өрөө бүр том ор, сонгодог тавилга болон дурантай. Мөн бүх өрөөнүүд нь хувийн ариун цэврийн өрөө, кофены машинтай бөгөөд тунгалаг хана нь эргэн тойрон дахь байгальтай уусгаж өгнө.
Aurora Bubbles, Nellim Wilderness Hotels, Финланд
Aurora Bubbles зочид буудал нь нэрэндээ тун тохирсон газар юм. Учир нь бөмбөлгөн өрөөнүүдээс нь хойд туйлын туяа маш тод харагддаг байна. Уг зочид буудлын байршсан Финландын хойд хэсэгт туйлын туяаг жилийн 200 орчим шөнө ажиглаж болно. Тус буудлын бөмбөлөг нь бусдаасаа арай өөр бөгөөд мод болон органик шилээр хийгдсэн. Түүнчлэн өрөөнүүд шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд хамгийн чухал нь хүйтэн улиралд ч дулаанаа сайн хадгалдаг байна. Өөр нэгэн таатай бонус бол өрөө бүрээс үзэсгэлэнт Инариярви нуур цэлийж харагддаг бөгөөд цастай өвлийн улиралд хөлдсөн нуур дээр гулгах сайхан байдгийг жуулчид онцолсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт