Зөвхөн өөртөө зориулах цаг: Ганцаараа аялахад тохиромжтой 10 газар

Хаашаа явах вэ?

Та хэзээ нэгэн цагт зөвхөн өөрийнхөө хүссэн газарт очиж, бие даан аялж үзэхийг хүсч байгаагүй гэж үү? Ганцаараа аялах нь өөрийн хүслээр амарч, бодлоо цэгцлэн, шинэ хүмүүстэй танилцах гайхалтай боломжийг өгдөг. Бюро 24/7 бие даасан, зоригтой аялагчдад зориулаад 10 сонирхолтой газар санал болгож байна.

Вирпазар, Монтенегро

Үзэсгэлэнт Вирпазар хотод жуулчдын хөл хөдөлгөөн бага учраас зэн амралтанд хамгийн тохиромжтой. Оршин суугчид таныг бахархалтайгаар хотынхоо цорын ганц ATM машин руу хүргэж өгөх зуураа түүхэн дурсгалт газруудын талаар ярьж өгнө. Жишээ нь Скадар нуурын эрэг дээр орших эртний сүмүүд, 200 төрлийн усны шувуу болон нутгийн загасан зууш ба дарсаар үйлчилдэг агуйд байрлах 10 хүний багтаамжтай мини ресторануудын талаар та олж мэдэх болно. Мэдээж танд дарсаа ганцаараа шимж суух хэрэг гарахгүй. Учир нь сомелье буюу дарсны мэргэжилтэн, тогооч, бараг л загасчны ажлыг нэгэн зэрэг хийдэг рестораны эзэн танд хань болно.

Фигерас, Каталон

Сальвадор Далигийн төрсөн нутаг болох Фигерас нь тэр чигтээ нэг хүний сюрреалист төсөөлөл мэт санагдана. Тиймдээ ч энэхүү хотоор ганцаараа аялахад тохиромжтой. Алдарт аварга том "өндөгнүүдтэй" дундад зууны үеийн театр-музейд зочлоод үзээрэй. Эндээс та "Далай руу харж буй нүцгэн Гала" зураг 18 метрийн цаана очиход хэрхэн Линкольны хөрөг болон хувирахыг харж болно. Энэхүү музейн хөтчийг хүлээгээд нэмэргүй. Учир нь Сальвадор Дали энд ирсэн хүн бүр хөндлөнгийн хэн нэгний тусламжгүйгээр өөрийнхөө өнцгөөс музейг нээх боломжтой байхыг захьжээ.

Дублин, Ирланд

Хэрэв Фигерас хот Далигийн төрсөн газар бол Дублин хот нь Оскар Уайльд, Жеймс Жойс болон Шоу, Стокер нарын эх орон юм. Шүтэн бишрэгчид өөрсдийн гэсэн "Жойс Блумын нэг өдөр"-ийг хялбархан зохион байгуулж, Виктория хатны үеийн уушийн газар орж, дүнсгэр цэцэрлэгт хүрээлэнгүүд ба Сэндимаунт эргээр зугаалж болно. Мөн Гэгээн Патрикийн сүм болон Лепреконы үндэсний музейд зочлох хэрэгтэй. Дублины бүх зам "ганцаардмал" аялагчийг ямар ч тохиолдолд Тэмпл-Бар луу хүргэх болно. Харин энд ирээд хоёр дах шар айргаа ууж эхлэхэд л "ганцаардмал" гэдэг үг ор мөргүй арилна.

Фарерын арлууд

Амьдралдаа ганц удаа ч болов ертөнцийн захад очиж ганцаардлыг мэдэрч үзэх хэрэгтэй. Фарерын арал дээр өөрийгөө дэлхийн цорын ганц хүн мэт төсөөлөх бүрэн боломжтой. Үүний тулд Торсхавн хотоос гарч, гол арлыг хөндлөн гатлаарай. Харин цааш явган алхаж, завиар явж, автобусанд шахцалдаж болно. Сонирхуулахад нисдэг тэрэг энд микро автобуснаас дутахааргүй энгийн нийтийн тээвэр юм. Алслагдсан гэрэлт цамхаг, үзэсгэлэнт арлууд болон гайхамшигтай байгалийн дүр зургийг эндээс олно.

Бат, Их Британи

Нэгэн цагт рашаан сувиллын газраараа алдартай байсан Бат хот нь өнөөдөр тайван амрахад тохиромжтой газар болон хувирчээ. Английн энэхүү хотод эхлээд ромын легионууд дараа нь Лондонгийн хээнцэр залуус ирж амардаг байв. Бат хотод Жейн Остин ба Чарльз Диккенс нарын зохиолын үйл явдлууд өрнөж байсан бол номын хуудаснаас гадуур Их Британийн язгууртнуудын далд явуулга болдог байжээ. Цаг хугацаа өнгөрөхөд язгууртнууд жуулчдаар солигдож, Бат хот аялал жуулчлалын хот болж хувирсан ч одоо хүртэл сэтгэл хөдлөм байдлаа огтхон ч алдаагүй хэвээрээ байгаа.

Кутаиси, Гүрж

Шинэ хүмүүстэй танилцаж, үргэлж шинийг эрэлхийлдэг бол шууд л Гүрж явах тасалбар захиалах хэрэгтэй. Танд Тбилиси, Батуми ба шинээр моодонд орж байгаа Кутаиси хотын иргэдтэй яриа өрнүүлэхэд маш амархан байх болно. Кутаисид тавдугаар сарын эхээр Кутаисоба буюу "Хотын өдөр"-ийг тэмдэглэдэг. Энэ өдөр хотод зочилсон хүн бүр Гүржийн ард түмний найрсаг занг мэдэрнэ. Өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн хотын иргэд гудамжинд алтан товч цэцгийн баглаа худалдаалдаг уламжлалтай болжээ. Цэцгийн худалдаанаас олсон орлогыг хандивын үйл ажиллагаанд зориулдаг байна. Баярын төгсгөлд ганцаараа аялж буй жуулчин үймээн, шуугиантай гүрж айлын ширээнд сууж үргэлжлүүлэн найрлах өндөр магадлалтай.

Камакура, Япон

Токио хотоос нэг цагийн зайд байрлах Камакураг хот гэхээсээ илүүтэй тосгон гэж хэлж болох юм. Камакурад эртний, түүхэн дурсгалт сүм, хийдүүд хадгалагдан үлдсэн байгаа. Камакура хотод даваа гарагт ирээд баасан гараг хүртэл саатаарай. Энэ хугацаанд та Цуругаока толгодоор аялж, "Улаан торий" буюу японы уламжлалт хаалгуудыг тоолж, нил ягаан өнгийн төмсөөр хийсэн зайрмагийг амталж амжина. Харин амралтын өдрүүдийг хотоос гарч, эртний сүм хийдийг үзэж өнгөрүүлээрэй. Хэрэв аз таарвал цэцэглэж буй сүүлчийн сакураг харж ч магадгүй.

Хонг Конг, Хятад

Хонг Конгод ганцаараа аялж байгаа жуулчны бүх мөрөөдөл биелнэ. Яарч сандралгүй Disneyland-ээр зугаалж, зүүрмэглэж буй хулсны баавгайнуудыг харж, үүр цайтал далайн эргээр сэлгүүцэж болно шүү. Мөн Азийн хамгийн аюулгүй хот гэгдэх Хонг Конгийн Виктория оргил дээр гарч, өндөр байшингуудын дотор байрлах технологийн дэвшилтэт спа салонуудаар үйлчлүүлээрэй.

Амстердам, Голланд

Ганцаараа аялж буй хүмүүст Амстердам үргэлж нээлттэй байдаг. Та цэцгийн зах дээр очиж, Ван Гогийн музей үзэж, эрэг дагуу байрлах олон кафены нэгт хооллож, дугуй түрээсэлж, 1,500 гүүрний аль нэгт нь очин хүслээ шивнэх гээд энд хийх зүйл маш их. Харин та амьтны хүрээлэн ба "Улаан дэнлүүний гудамж"-ийн алийг нь сонгохоо өөрөө шийдээрэй.

Красная Поляна, Орос

Энд та уулын цэвэр агаар, гол горхи гээд байгалийн сайханд амрах болно. Мөн ямар ч замын түгжрэл, өндөр үнэ байхгүй тул сүүлийн үед Красная Поляна жуулчдын очих дуртай газар болоод байгаа юм. Явган аялал хийж, далайн эргээр зугаалж, серфингийн нэг төрлөөр хичээллэж, эсвэл ууланд хоноглоорой. Хэрэв энэ бүгдийг хиймээргүй байвал зүгээр л зочид буудлынхаа өрөөнд хэд хоног хэвтэж болно. Сүүлд нь сануулахад ганцаараа аялахын утга учир нь өөрийнхөө хүссэн зүйлээ хийж амрахад л оршдог гэдгийг битгий мартаарай.

Buro.Mongolia

2017-02-04, 10:00

  • Зураг: