Хайх

Ач холбогдлоор нь эрэмбэлэх: Тэнцвэржүүлсэн хоолны дэглэм ба түүний дүрмүүд

Ач холбогдлоор нь эрэмбэлэх: Тэнцвэржүүлсэн хоолны дэглэм ба түүний дүрмүүд

Арга хэмжээ авах цаг ирлээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

АУ-ы доктор, И.М.Сечоновагийн нэрэмжит Москвагийн Анагаах Ухааны Их Сургуулийн ажилтан, “Just for you” эрүүл хооллолтын компанийн үүсгэн байгуулагч Ирина Почитаева бидэнд хэрхэн эрүүл ба тааламжтай хоолны тэнцвэрийг олох талаар ярьж өглөө

Брокколи ба цоохор майлзыг хараад баярладаг хүн тийм ч олон биш. Тэгсэн хэрнээ амтлаг тортыг хараад чихрийн шижин болон зүрхний титэм судасны өвчнийг ор тас мартан, хурдан идэхийг хүсдэг хүн хамаагүй олон бий. Ер нь ямар ч амттангүй хэрнээ урт амьдрал, аль эсвэл амттанаар дүүрэн хэрнээ богино амьдрал хоёрын хооронд сонголт хийх нь зөв үү?

Бүхий л эмч, мэргэжилтнүүд хэвлэл мэдээлэл ба олон нийтийн сүлжээгээр эрүүл амьдралын хэв маягийн давуу тал, хортой хоол хүнсний сөрөг нөлөөний талаар аль болох их бичиж, түгээх болсон. Тэгсэн хэдий ч хүмүүс өөрт ашигтай биш, харин өөрт таалагдах хоол хүнсээ хэрэглэсээр л байна. Харин ихэнх хүмүүсийн хорхойг хүргэдэг хүнс мэдээж хэрэг ямар нэгэн тослог, чихэрлэг, давслаг, утсан аль эсвэл шарсан зүйлсээс л бүрддэг шүү дээ.

Яагаад ийм зүйл болоод байна вэ? Хариулт нь маш энгийн. Яагаад гэвэл амттай хоол бол орчин үеийн хүн төрөлхтний хамгийн гол таашаалын нэг юм. Ийм зэргийн амархан олддог таашаалаас татгалзахад хэцүү байх нь ойлгомжтой. Тэгээд ч хортой хоол хүнс хэрэглэсний сөрөг нөлөө тэр даруйдаа биш, харин маш удаан хугацааны дараа илэрдэг учир хүмүүс ээлжит бургерээ идэж суухдаа амь насандаа аюул учруулж буйгаа ойлгодоггүй.

Тэгэхээр энэ нөхцөл байдлыг яавал дээр вэ? Амттай хоолноос авах таашаалыг эрүүл мэндтэй хослуулж болох уу?

Юуны түрүүнд маш чухал хоёр зүйлийг авч хэлэлцэх хэрэгтэй.


1. Бид жин хасах биш, харин эрүүл мэндэд тустай эрүүл хооллолтын талаар бичиж байна. Статистикийн дагуу ихэнх хүмүүс тэнцвэржүүлсэн хоолны дэглэмийг сонгохдоо эрүүл мэндийн ямар нэгэн асуудлаа шийдэх биш, яг л жин хасахыг зорьсон байдаг. Яадаг ч байсан эрүүл дэглэмийг барихаар шийдсэн нь маш сайн зүйл ч гэлээ, энэ нь таны илүүдэл жинг хүссэнээр тань хурдан хасахгүйг ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна олон нийтийн сүлжээгээр тархаж буй зарим дэглэмүүд биед огтхон ч эрүүл биш байх болно. Моно дэглэм буюу зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн ордог, мөн өөх, уураг ба нүүрс усны тэнцвэрийг алдагдуулсан дэглэмүүд удаан хугацааны эцэст бие организмд хор нөлөө үзүүлэх магадлалтай.

2. Харамсалтай нь зарим хүмүүсийн дэглэмээс зарим нэг бүтээгдэхүүнийг яалт ч үгүй хасах хэрэг гардаг. Энэ нь эмчилгээний хоолны дэглэм барих шаардлагатай, өөрөөр хэлбэл эмчийн зааврын дагуу хооллох хэрэгтэй хүмүүст хамааралтай юм. Хэрвээ эмч таныг зүрх судасны системийн доголдол, ходоод гэдэс, чихрийн шижин, хавдрын илрэл, болон бусад ноцтой өвчтэй гэж оношилсон бол элдэв янзын хоол идэж, эрсдэл гаргах хэрэггүй. Эмчийн зөвлөгөө, зааврыг дуулгавартай биелүүлэх нь зөв.

Ингэхэд та эрүүл гэдэгтээ итгэлтэй байна уу? Тааламжгүй асуулт хэдий ч, та хариултыг нь тодорхой мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ та тогтмол үзлэгт ордоггүй мөн ямар нэгэн шалтгааны улмаас орохыг төлөвлөхгүй байгаа бол дараах энгийн судалгааг хийж, өөрийнхөө эрүүл мэнд болон бие организмын байдлын талаар бага ч гэсэн мэдээлэлтэй болоорой.

1. Биеийн жингийн индексээ тооцоолоод үзээрэй. Хэрвээ 30-аас илүү байвал та тэнцвэржүүлсэн хоолны дэглэм барьж, уг тоог буруулах хэрэгтэй. Та эмчилгээний дэглэм мөрдөх ч шаардлага гарч болзошгүй.

2. Бэлхүүсний тойргоо хэмжээрэй. Биеийн жингийн индекс тань хэвийн байсан ч, эмэгтэйчүүдийн хувьд 80 см-аас дээш ба эрэгтэйчүүдийн хувьд 94 см-аас дээш тойрог хэвийн бусд тооцогдоно. Энэ тохиолдолд жингээ хасах зорилгоор тэнцвэржүүлсэн дэглэм барих хэрэгтэй.

3. Цус, шээс, биохимийн шинжилгээ өгөөд хариуг нь шинжлээд үзээрэй. Мөн бамбай булчирхайн цусны ба гормоны шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

4. Түүнчлэн та бамбайн булчирхай, бөөрний хэт авиан шинжилгээ хийлгэвэл маш сайн.

Дашрамд дурдахад, судлаачдын үзэж буйгаар ойрын 5-10 жилийн дотор биеийн галбирыг ямар нэгэн дасгалгүйгээр өөрчилж, жин хасаж өгөх төхөөрөмж гарах гэнэ. Тэдгээрийг физик хөдөлгөөний дуураймал гэж нэрлэж байгаа аж. Түүгээр ч барахгүй тэрхүү төхөөрөмжүүд бие доторх "сайн холестерины" агууламжийг дээшлүүлэх чадвартай байх магадлалтай байна. Тэгэхээр ойрын ирээдүйд таргалалттай хүмүүс эрс багасах нь ээ.

Мөн дараагийн 20-30 жилийн дотор хүний бие организмаас илүүдэл хортой токсин, "муу холестерин" бөгөөд бусад буруу хоолны дэглэмийн сөрөг үр нөлөөг арилгах нанотехнологи боловсруулагдах сурагтай байгаа.

Юутай ч одоогоор бид тэдгээр шинэчлэлтийн талаар мөрөөдөж суух л болоод байна. Тиймээс бид юуны түрүүнд эрүүл мэндээ хамгаалж ирээдүйд аливаа шинжлэх ухааны ололтуудыг ашиглахдаа бэлдэж байх хэрэгтэй.

Ач холбогдлоор нь эрэмбэлэх: Тэнцвэржүүлсэн хоолны дэглэм ба түүний дүрмүүд (фото 1)

Эрүүл хооллолтын гол давуу тал нь хүний биеийг эрүүлжүүлж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэгт оршдог юм. Эрүүл хооллолт бол богино хугацааны дэглэм биш, харин амьдралын хэв маяг гэдгийг ойлгох хэрэгтэй. Амттай мөртлөө эрүүл мэндийн шаардлага хангахгүй зүйл яах аргагүй идмээр санагдах үед яах хэрэгтэй вэ? Магадгүй зүгээр л идчих хэрэгтэй байх. Хоолны дэглэмд хэт хатуу хориг тавих нь ихэнх хүмүүсийг шантрахад хүргэдэг шүү дээ. Хамгийн гол нь долоо хоногт нэг юм уу хоёр удаа л дүрмээ зөрчиж, тэрхүү амттаныг идэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн идсэнийхээ дараа тэр чигтээ дэглэмээсээ хазайх биш, харин эрүүл хооллолтдоо үнэнч үлдэх нь маш чухал шүү.

Бас нэгэн жижигхэн нууц бий. Таны одоо идэхийг хүсэж буй тэр зүйл үнэхээр амттай гэдэгт итгэлтэй байна уу? Хариулт нь таны бодсоноос ч ярвигтай байх болно. Хүнд 9000 гаруй амталгааны нахиа байдаг. Тэд таны чихэрлэг, давслаг, гашуун ба исгэлэн амт мэдрэх процессыг хариуцдаг юм. Орчин үеийн хүнсний дэлгүүрт олдох бараг бүх бүтээгдэхүүн дотроо хүнсний нэмэлт бодис, үнэр оруулагч ба амт нэмэгдүүлэгч агуулдаг. Энэхүү бүтээгдэхүүнүүдийг удаан хугацааны туршид хэрэглэсний эцэст бидний амталгааны нахиа өөрчлөгдөж, бид байгалийн гаралтай бүтээгдэхүүний амтыг мартаж, энгийн хүнс улам л амтгүй санагдаж эхэлдэг. Бодоод үз л дээ, 100 жилийн өмнө АНУ-ын дундаж сахарын хэрэглээ жилд 2,5 кг байсан бол, өнөөдөр энэ үзүүлэлт 68 кг гэж зааж байна.

Эргээд байгалийн хүнсний амтнаас таашаал авдаг болоход хүн бүрд ондоо хугацаа шаардлагатай болдог. Ерөнхийдөө дунджаар хоёр сарын дараа гэхэд таны амталгааны нахиа хэвийн байдалдаа эргэн орох магадлалтай. Чихэрлэг амттан дотор тархин дахь таашаал авч буй мэдээллийг нэмэгдүүлж, сайн сайхан мэдрэмжийг ихэсгэдэг бодисууд агуулагддаг. Гэхдээ яг адилхан таашаалыг зөвхөн хоолноос биш, мөн хурдтай алхалт, сэлэлт ба бүжиг зэргээс авч болдог. Тэгэхээр хоёрхон сарын турш хортой хүнснээс татгалзаж, өдөр тутамдаа бага ч гэсэн хөдөлгөөн хийж эхэлснээр та хүнсний бүтээгдэхүүний бодит амтыг мэдэрч эхлэх болно. Шоколадаар бүрхэгдсэн пончик хүртэл танд тийм ч ухаан алдам сайхан амттай биш, харин зүгээр нэг нялуун, идсэний дараа таагүй амт үлдээдэг бүтээгдэхүүн мэт санагдана.

Түүнээс гадна бие организмын амин чухал бодисууд (амин дэм, эрдэс болон бусад зүйл) дутагдах үед бие организм үүнийг хоолны дуршил нэмэгдэх, мэдрэлийн төгсгөлүүд идэвхжих зэрэг олон янзаар илэрхийлдэг. Тэр үед бид тархины дохиог буруу тооцоолж биед ашигтай биш, харин огт хэрэггүй бүтээгдэхүүн хэрэглэж эхэлдэг. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд бие организмаа байнга амин чухал бодисоор хангаж байх хэрэгтэй.

Эцэст нь та эрүүл хооллолтын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрвээ танд шинжлэх ухааны судалгаа ба онол сонирхолгүй байвал, ядахдаа бодит байдал буюу эрүүл хооллолтын жорыг нэг судлаад үзээрэй. Ихэнх "хортой" бүтээгдэхүүн ба хоолыг багагүй амттай бөгөөд гол нь "эрүүл" хүнсээр орлуулж болдог юм. Аль болох хоолны дэглэм болон хоол тэжээлийн боловсрол эзэмшсэн, олноор хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн жорыг сонгох хэрэгтэй. Ингэснээр та эерэг үр дүнд хүрнэ.

Дүгнэж хэлэхэд, XXI зуны мэдээллийн бөгөөд шинжлэх ухааны ололт дунд бид "амттай аль эсвэл эрүүл мэндэд сайн" гэсэн сонголт хийх шаардлагагүй болсон. Бид энэ бүх мэдлэг, технологи, үйлчилгээг ашиглан өдөр бүр амттай бас зөв хооллох боломжтой. Мөн мэдээж хэрэг бид өөрсдөө л эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг санаж явах хэрэгтэй. Тиймээс эрүүл бас амжилттай амьдрахын төлөө хичээцгээе.

цааш үзэх