Хайх

Арьсны 5 төрөл ба төрөл бүрт зориулсан нүүр цэвэрлэгээний зааварчилга

Арьсны 5 төрөл ба төрөл бүрт зориулсан нүүр цэвэрлэгээний зааварчилга

Өдөр тутамдаа нүүрээ цэвэрлэхдээ арьсныхаа онцлогоос хамааран ямар бүтэцтэй, ямар бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй вэ?

Text: Buro.Mongolia


Юуны түрүүнд арьс бүр өөрийн онцлогтой бөгөөд зөв арьс арчилгааг зөвхөн арьсны төрөл гэлтгүй, мөн улирал, даавар гэх зэрэг хүчин зүйлсээс хамааран сонгох хэрэгтэй. Түүнчлэн зарим хүмүүс өөрийн арьсны төрлийг буруу тодорхойлох нь элбэг байдаг. Ихэнхдээ хүмүүс чийгшлийн дутагдалд орсон арьсыг хуурай хэмээн буруу оношилж байгаа харагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэрхүү арьс нь холимог эсвэл бүр тослог ч байх магадлалтай юм.

Хэвийн арьс

Бүтээгдэхүүн бүрийн савалгаа дээр «Хэвийн арьсанд зориулагдсан" гэх бичиг байх учиртай. "Ийм төрлийн арьсанд тосон цэвэрлэгч, сүүн шингэн, мицелляр гель гэх зэрэг ямар ч төрлийн бүтэцтэй бүтээгдэхүүн тохирно. Гэхдээ хэрвээ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа арьс таталдаж, эсвэл эсрэгээрээ хангалттай цэвэрхэн болоогүй мэт мэдрэмж төрж байвал өөр бүтээгдэхүүн хайсан нь дээр. Тэр дундаас нүүр цэвэрлэгээний хамгийн тохиромжтой аргачлал нь дараах систем юм: эхлээд будгаа тосон бүтэцтэй бүтээгдэхүүнээр уусган арилгаж, дараа нь зөөлөн хөөсөөр угаах" хэмээн Sweet Beauty төвийн эмч, гоо сайханч зөвлөлөө.Арьсны 5 төрөл ба төрөл бүрт зориулсан нүүр цэвэрлэгээний зааварчилга (фото 1)


Хуурай арьс

Хуурай арьсны гадаргуу ихэвчлэн үл үзэгдэх хагаралтуудаар гэмтсэн байдаг бөгөөд энэ нь арьснаас чийг алдагдахад хүргэдэг юм. Тиймээс ийм төрлийн арьстай хүмүүсийн гол зорилго нь арьс арчилгааны шат бүрдээ  арьсныхаа липидийн давхаргыг нөхөн сэргээхэд орших ёстой. "Хуурай арьс липидийн дутагдалд орсон байдаг учир аливаа хатуу бүтэцтэй бүтээгдэхүүн болон цоргоны усыг маш эмзэг хүлээж авдаг. Арьсаа цэвэрлэхдээ аль болох буцалгасан, бүлээн усаар угааж байхыг зөвлөх байна. Хэтэрхий халуун эсвэл хүйтэн ус нь арьсыг улам бүр хуурайшуулж, цочроох болно" гэж Sweet Beauty төвийн эмч, гоо сайханч ярьж байна.

"Хуурай арьс маш нимгэн бөгөөд мэдрэмтгий байдаг. Мөн үл ялиг үзэгдэх нүхнүүдтэй, гуужсан байдалтай байх нь элбэг. Хуурай арьсан дээр цагаасаа эрт үрчлээ үүсэх өндөр магадлалтай байдаг тул ийм төрлийн арьсыг маш зөөлөн байдлаар арчилж, онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс нүүрнийхээ будгийг арилгахдаа зөөлөн, ямар нэгэн гэмтэл учруулах боломжгүй бальзам хэрэглэж заншаарай" хэмээн L'Occitane-ы гоо сайхны сургалтын менежер хэллээ.

"Хуурай арьсанд гидропилик тос, сүүн шингэн, цэвэрлэгч эмульс, чийгшүүлэгч үйлчилгээтэй мицелляр ус гэх зэрэг хамгийн зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд тохирно. Найрлагадаа саван эсвэл хүчлийн орцтой бүтээгдэхүүнүүдийг мартсан нь дээр. Хэрвээ мицелляр ус ашигладаг бол дараагаар нь заавал тоникоор үлдэгдлийг нь арилгаж байгаарай. Мөн хамгийн гол нь арьсаа цэвэрлэсний дараа заавал чийгшүүлэх хэрэгтэйг сайтар санаарай" хэмээн Tevoli гоо сайхны студийн арьсны эмч зөвлөлөө.Арьсны 5 төрөл ба төрөл бүрт зориулсан нүүр цэвэрлэгээний зааварчилга (фото 2)

Тослог арьс

Тослог арьсыг сайтар цэвэрлэх нь их чухал. Гэхдээ спирт болон хүчиллэг суурьтай, хэтэрхий хатуу бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд арьс чийгшлээ алдаж, "амьгүй" болох аюултай. Нөгөөтээгүүр хангалтгүй цэвэрлэгээ хийсэн нөхцөлд арьсан дээр үрэвсэл үүсэх магадлалтай. "Ийм төрлийн арьстай хүмүүс ихэвчлэн цэвэрлэгээн дээрээ хэтэрхий их чармайлт гаргаж, эцэст нь арьсаа хэт хуурайшуулж, хатааж, бүр ч их тос ялгаруулахад хүргэдэг. Хамгийн тослог, зузаан арьсанд хүртэл би арьсны гадаргууг зүлгэдэг, хатуу бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөггүй. Ерөнхийдөө тослог арьсыг цэвэрлэх бүрдээ усаар сайтар зайлах хэрэгтэй байдаг. Харин цэвэрлэгээнд ашиглах ус нь арьсан дахь тослогийг хайлуулах чадвартай бүлээн байх учиртай. Халуун биш, бүлээн шүү. Цэвэрлэгээндээ мөн будаг арилгадаг спонж эсвэл хөвөн хэрэглэж болно" гэж Sweet Beauty төвийн эмч, гоо сайханч онцолж байна.

"Тослог арьсыг илүүдэл себумээс нь ангижруулан сайтар цэвэрлэх нь чухал тул үүнд саван хэлбэрийн бүтээгдэхүүнүүд тохирно. Гель, хөөс, эсвэл тослог арьсны мицелляр ус байж болох юм. Аль болох найрлагадаа жимсний хүчил эсвэл байгалийн гаралтай үржлийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулсан бүтээгдэхүүн сонгохыг хичээгээрэй. Мөн арьсандаа долоо хоногт нэгээс хоёр удаа салицилийн хүчилтэй лосьон хэрэглэж, себумын үйлдвэрлэлтийг тэнцвэржүүлж байх хэрэгтэй" хэмээн Tevoli гоо сайхны студийн арьсны эмч нэмж хэллээ.Арьсны 5 төрөл ба төрөл бүрт зориулсан нүүр цэвэрлэгээний зааварчилга (фото 3)

Холимог арьс

Холимог арьстай хүмүүсийн Т бүсээр тослог, хацар хэсгээр хуурай байдаг. "Арьсаа цэвэрлэхдээ зөөлөн мицелляр ус эсвэл хөөс хэрэглэж болно. Ингэхдээ Т бүсэндээ нэмэлт анхаарал хандуулж, байгалийн гаралтай үржлийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулсан лосьон эсвэл тоник түрхэж байх хэрэгтэй. Харин арьсны хуурай хэсгүүдийг сүүн шингэн эсвэл эссенцээр нэмэлт байдлаар чийгшүүлэх нь зүйтэй" гэж Tevoli гоо сайхны студийн арьсны эмч ярилаа. Гүн цэвэрлэгээ хийх үедээ нүх агшаах эсвэл үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хатуу бүтээгдэхүүнүүдийг хацрынхаа орчим хэрэглэхгүй байхыг анхаараарай.


Эмзэг арьс


Эмзэг арьс нь улайж, цочирдох хандлагатай байдаг тул арьс арчилгаандаа нэвтрүүлэх бүтээгдэхүүн бүр тань харшил үүсэхээс урьдчилан сэргийлсэн, тусгай найрлагатай байх учиртай. "Гоо сайхны мэргэжлийн брэндүүдийн санал болгодог харшил үүсгэхгүй, зориулалтын бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг зөвлөх байна. Хэрвээ тийм боломж байхгүй бол эмийн сангийн эсвэл хүүхдүүдэд зориулагдсан бүтээгдэхүүн сонгоорой" хэмээн Tevoli гоо сайхны студийн арьсны эмч зөвлөж байна.

Нүдний эргэн тойрон дахь эмзэг арьс онцгой арчилгаа шаарддаг. Мэргэжилтнүүд энэ хэсгийн арьсыг хоёр шатлалтай буюу ус ба тосноос бүтсэн тусгай бүтээгдэхүүнээр цэвэрлэж байхыг анхааруулж байна.

Мөн бүх төрлийн арьсанд хамааралтай гол зөвлөгөөнүүдээс дурдахад скрабыг долоо хоногт нэг удаагаас илүүгүй хэрэглэж, арьсаа цэвэрлэх бүрдээ эхлээд заавал будаг арилгагч ашиглаж, арьсаа хуурайшихаас сэргийлэх үүднээс шавран бүтэцтэй маскийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх