Хайх

Эмзэг арьс арчилгааны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Эмзэг арьс арчилгааны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Арьсны буруу арчилгаа ямар үр дагаварт хүргэдэг, мөн хэрхэн зөв бүтээгдэхүүн сонгох тухай

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үед эмзэг арьсны асуудалтай тулгарч буй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Эмзэг, мэдрэмтгий чанар гэдэг нь юуны түрүүнд арьсны хамгаалалтын функц алдагдсантай шууд холбоотой. Учир нь арьс бол бидний бие организмд хамгаалалт үзүүлдэг эрхтэн юм. Өмнө нь хэзээ ч эмзэг арьстай байгаагүй хүмүүс хүртэл хэзээ нэгэн цагт энэхүү асуудалтай тулгарах магадлалтай тул бидний хүргэх дараах мэдээлэл уншигч бүрт тустай байх болно.

Шалтгаан ба шинж тэмдэг

Тослог, хуурай, энгийн ба холимог гээд ямар ч арьс эмзэг байх боломжтой. "Энэ нь арьсны төрлөөс хамаардаггүй, харин зөвхөн арьсны нөхцөл байдлаас шалтгаалдаг асуудал юм. Хүйтэн салхи, нарны туяа, косметик бүтээгдэхүүнүүд гэх зэрэг гадны нөлөө болон антибиотик эмчилгээ, стресс, нойр ба дааврын дутагдал гэх зэрэг дотоод хүчин зүйлсэд хэт мэдрэмтгий байж, хариу үйлдэл үзүүлдэг, үүний улмаас нимгэрсэн байдаг арьсыг эмзэг гэж хэлнэ" хэмээн «ОблакаStudio» салоны гоо сайхны мэргэжилтэн тайлбарлаж байна.

"Арьсны эмзэг чанар нь генетик, буруу арчилгаа, буруу сонгосон косметик бүтээгдэхүүн, халдварт эсвэл мэдрэлийн өвчин, ходоод гэдэсний үйл ажиллагааны алдагдал, хүйтэн температур ба салхины байнгын нөлөөнөөс шалтгаалан үүссэн байх боломжтой" хэмээн Kraftway эмнэлгийн гоо сайхны хэлтсийн дарга ярилаа.

Арьсны эмзэг байдал чимчгэнэсэн, час час хийсэн, загатнасан мөн арьс татагдсан мэдрэмжүүдээр илэрнэ. "Харагдахуйц шинж тэмдгүүдээс дурдвал үүнд улаан толбо, батга, хуурайшилт, гуужилт, хагарсан арьс зэрэг хамрагдана. Ерөнхийдөө энэ нь арьсан доор тархсан байдаг мэдрэлийн төгсгөлүүд хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг асуудал юм. Энэ үед мөн арьсны гидролипидийн хамгаалалт суларч, хялгасан судсаар дамжих цусны эргэлт алдагдаж, арьсны гадаргуу хэврэг болж, арьсны ерөнхий тэсвэрлэх чадамж буурдаг" гэж «Профиль Professional Club» салоны арьсны эмч онцолж байна.

Эмзэг арьс арчилгааны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Гэрийн нөхцөл дахь болон мэргэжлийн арчилгаа


Эмзэг арьсны арчилгаа аль болох зөөлөн бөгөөд болгоомжтой байх учиртай. Учир нь хүнд шатанд орсон эмзэг арьс заримдаа ямар ч хүрэлтийг маш өвдөлттэй хүлээн авч, тэр даруйд хариу үйлдэл үзүүлэх хандлагатай байдаг. Ийм нөхцөлд мэргэжилтнүүд "бепантен" эсвэл эмийн сангийн тусгай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. "Эмийн сангаас олгогддог эмчилгээний косметик бүтээгдэхүүнүүд харшил үүсгэдэггүй тул арьсны гидролипидийн тэнцвэрийг маш сайн сэргээж өгдөг" хэмээн Kraftway эмнэлгийн гоо сайхны хэлтсийн дарга хэллээ.

Орчин үеийн зах зээлд эмзэг арьсанд зориулагдсан төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд бий. Боломжийн үнэтэй, хямд эсвэл брэндүүдийн тансаг зэрэглэлийн гээд маш өргөн сонголт бий болсон. "Ихэнхдээ ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн найрлагад байгалийн гаралтай тос, аллантоин, ретинол, ферментийн бүтэцтэй пилинг ордог байгаа. Эдгээр орцууд нь эмзэг арьсны шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг болов ч, үнэн хэрэгтээ асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чаддаггүй. Хэрвээ та маш олон төрлийн бүтээгдэхүүн туршиж үзсэн хэдий ч арьсан дээр тань шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байгаа бол арьсны эмчид хандан арьсаа оношлуулж, өөрт тохирох эмчилгээг сонгох нь зүйтэй. Зарим тохиолдолд D амин дэм уухад л арьсан дээрх шинж тэмдгүүд арилдаг. Тэгэхээр хамгийн гол нь оношилгоо хийлгэж, мэргэжилтний зөвлөгөөг авах хэрэгтэй" гэж Юлия Щербатовагийн нэрэмжит гоо сайхны эмнэлгийн мэргэжилтэн зөвлөж байна.

"Эмзэг арьсыг арчлахад юуны түрүүнд хялгасан судсан дахь цусны эргэлтийг сайжруулж, арьсны цочирдсон нөхцөл байдлыг тайвшруулж, арьсны хамгаалалтыг бэхжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр таны сонгох бүтээгдэхүүнд арьсыг тайвшруулах, чийгшүүлэх, мөн цусны эргэлтийг сайжруулах байгалийн гаралтай орц ба ханд орсон байвал сайн " хэмээн «Профиль Professional Club» салоны арьсны эмч нэмж хэллээ.

Эмзэг арьс арчилгааны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Ямар ч тохиолдолд эмзэг арьсны бүтээгдэхүүний найрлагад парабен, сульфат, шүлт, хүчил агуулагдах учиргүй. Мөн эмзэг арьстай хүн тосноос өөр бүтэцтэй цэвэрлэгчээр нүүрээ угаадаг бол цэвэрлэгээ хийсний дараа арьсан дахь pH түвшинг сэргээх үүднээс заавал тоник түрхэх хэрэгтэй. Харин мицелляр усаар нүүрээ цэвэрлэдэг бол тоник түрхэх шаардлага байхгүй. Унтахдаа илүү тэжээллэг тос түрхэж, харин өглөө илүү хөнгөн бүтэцтэй бөгөөд SPF хамгаалалттай тос түрхэх нь зүйтэй. "Тос түрхэхдээ хамар уруул хоорондох гурвалжин хэсэг, уруул, хамрын хоёр тал гэх зэрэг гадны нөлөөнд ихэд автдаг хэсгүүдэд онцгой анхаарал хандуулаарай. Эмзэг арьсанд зориулагдсан тоснууд мөн найрлагадаа гидролипидийн давхарга бий болгож, арьсыг хамгаалах чадвартай байгалийн тос болон арьсыг тайвшруулах үүрэгтэй пантенол, бисаболол гэх зэрэг орцууд агуулах ёстой. Бүтээгдэхүүний найрлагад үнэртүүлэгч орж болохгүй. Учир нь үнэртүүлэгч харшил үүсгэх магадлалтай байдаг. Долоо хоногт нэгээс хоёр удаа маск тавьж болно. Ингэхдээ пантенол, цэнхэр шавар, сквален, зуун настын найрлага дээр суурилсан нөхөн сэргээх, тайвшруулах, эдгээх үйлчилгээтэй маскууд сонгоорой. Нүүр хэлбэржүүлэх, арьсанд хүчтэй нөлөө үзүүлэх маскуудыг хориглодог байгаа. Мөн арьсыг цочроох магадлалтай пилинг ба тариурын эмчилгээнүүдээс татгалзах хэрэгтэй. Харин косметик бүтээгдэхүүний хувьд гэвэл суурь крем түрхэхийн оронд пудр сонгох нь илүү ач тустай сонголт байх болно" хэмээн «ОблакаStudio» салоны гоо сайхны мэргэжилтэн анхааруулж хэллээ.

Үүнээс гадна эмзэг арьсаа зөв арчлахын тулд зөв хооллож, тосны хүчил агуулсан хүнс хэрэглэж, мөн нүүрэн дээрх цусны судаснуудыг хамгаалах үүднээс температурын огцом өөрчлөлтөөс зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө өвлийн улиралд арьсан дээрх судаснууд гадаа хүйтэнд нарийсч, дулаан газарт тэлснээр арьс эмзэг болох хандлагатай байдаг. Энэ нөхцөлд зориулагдсан хоёр үндсэн дүрэм бий. Юуны түрүүнд гадаа гарахаасаа өмнө тэжээл сайтай тос түрхэж, мөн арьсаа аль болох халуун усаар цэвэрлэхгүй байж сураарай" гэж Орос дахь Caudalie брэндийн захирал зөвлөж байна.

цааш үзэх