Яагаад Tom Ford-ийн сүрчгүүд үнэртний ертөнцөд шилдэгт тооцогддог вэ?
BURO-гийн гоо сайхны редакторууд нэгд нэгэнгүй тайлбарлаж байна
Чанартай, хэзээд түрхсэн хуучиршгүй сүрчиг олж авна гэдэг басхүү амаргүй даваа гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Тэр бүү хэл маркетингийн золиос болж масс зах зээлд зориулагдсан хамгийн түгээмэл сүрчгүүдээс сонголтоо хийснээр аандаа тоосонд дарагдах шилэн бортоготой декор болон хувирах төдий зүйлд хөрөнгө оруулах тохиолдлууд ч цөөнгүй бий. Харин бид аливаа үнэртэн сонгохдоо тренд болж буй сүрчгүүдээс бус, харин тухайн сүрчгийн төрөл, бүтэц, голлох ноотууд, бүр цаашлаад сүрчгийн цаана өгүүлэгдэх түүхийн талаар бүрэн ойлголттой болсны дараа өөрт тохирсон үнэртнээ худалдаж авахыг уриалсаар ирсэн билээ. Тэгвэл яг одоо бидний анхаарлыг Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэлсэн Tom Ford брэндийн сүрчгүүд ихээхэн татаж байна. Түүхээс нь авхуулаад савлагааны дизайн нь хүртэл утга учиртай, үнэ цэн дагуулдаг үнэртнүүд бүтээж, дээд зэрэглэлийн чанар, олон жилийн судалгаан дээр суурилсан үр дүн, дахин давтагдашгүй нарийн найрлага, нямбай хийцээрээ илт цойлж буй алдарт Tom Ford брэндийн сүрчгүүдийг Beauty Success мультибрэнд дэлгүүрээс олох боломжтой юм.
Иймд энэ удаагийн нийтлэлдээ зориулж BURO-гийн бьюти редакторууд Tom Ford-ийн сүрчгүүдийн эргэн тойрон дахь шуугиан үнэний ортой эсэхийг өөрсдийн биеэр туршиж үзэн сэтгэгдлээсээ хуваалцахаар шийдлээ.
ЗАГВАР БОЛООД ГОО САЙХНЫ САЛБАРТ НОЁРХОЖ БУЙ TOM FORD
“Ямар ч сүрчиг хүн бүрд өөр хоорондоо адилгүй мэдрэмжүүдийг сэдрээх онцгой увдистай байдаг. Угтаа бол сүрчиг хувцаснаас ч илүү чухал үүрэгтэй гэж би хувьдаа боддог. Үнэр гэдэг нь яг л дуу хөгжим, эсвэл амтат хоол шиг хүний мэдрэхүйг өдөөж, сэтгэл хөдлөл, дурсамжийг ч мөн хөглөдөг. Тийм ч учраас би маш өвөрмөц, дахин давтагдашгүй сэтгэгдэл төрүүлэх сүрчгүүд бүтээхийг зорьдог юм” хэмээн хуваалцах загвар зохион бүтээгч Том Форд өдгөө хувцас загвар төдийгүй үнэртний ертөнцөд нэрээ цуурайтуулж буй эрхэм билээ. Gucci болон Saint Laurent орднуудад бүтээлч захирлын албыг хашсан тэрээр өөрийн хувцас загварын урлангаа нээж брэнд бүтээх үйл хэргээ эхлүүлээд зогсохгүй хуримтлуулсан арвин туршлага дээрээ тулгуурлан 2005 оноос үнэртэн, гоо сайхны салбарт хүч түрэн орж ирсэн нэгэн юм.
Tom Ford-ийн сүрчгүүд "niche perfume" буюу хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгддэг, онцгой статус бүхий үнэртнүүдэд тооцогддог ба зөвхөн тусгай эрхтэй дэлгүүрүүдээр борлуулагддаг онцлогтой. Tom Ford-ийн мэргэжилтнүүдийн хуваалцаж буйгаар брэндийн сүрчгүүд бүгд өөр өөр түүхийг өгүүлэх бөгөөд найрлагад нь орсон өвөрмөц ноотууд өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас түрхэн зуур холдуулж сэтгэл доторх утсыг хөндөж, уран сэтгэмжийг нь бадраан алс холын аялалд хөтлөх шиг болно гэлтэй.
ОНЦЛОХ СҮРЧГҮҮД
BLACK ORCHID
Дизайнер Том Форд цахирмаа цэцэгт үнэхээр дуртай нэгэн бөгөөд өөртөө зориулж хар өнгийн цахирмаа цэцэг ургуулж чадсан нь Tom Ford брэндийн хамгийн анхны, хамгийн сонгодог бүтээл болох Black Orchid сүрчиг бий болох эхлэл байсан гэдэг. Брэндийн нэрийн хуудас болж чадсан тус үнэртнийг түрхэх төдийд нууцлаг хэр нь маш зөөлөн хар цахирмаа цэцэг, араас нь хар шоколад болон ваниль, мөн хамгийн сүүлд нь сэнгэнэсэн модны үнэр тодорно.
Бүхэл өдрийн турш өөр өөр ноотууд ялгаруулах энэхүү сүрчиг нь өндөр гоо зүйн мэдрэмжтэй, аливаа шинэ зүйлийг эрэлхийлж, хэцүү сорилтуудаас эмээдэггүй бүсгүйд төгс тохирно гэдэгт бид итгэлтэй байна.
OMBRÉ LEATHER
Маш ховор олдоцтой, зөвхөн борооны улирлаас өмнө өндөрлөг газраас түүх боломжтой Orpur (франц хэлнээс “цэвэр алт” хэмээн орчуулагдах) цэцгийн агууламжтай Ombré Leather сүрчиг нь 2021 онд танилцуулагдсан бөгөөд брэндийн хувьд томоохон шинэчлэлийн эхлэлийг тавьж чадсан юм. Тус сүрчиг нь хүйсгүй гэх тодотголтой ба Том Форд энэхүү үнэртнийг өөрийн төрж өссөн нутаг болох Техас муж нутгийн байгаль, аж амьдралыг дурсамжаараа төсөөлөн бүтээсэн байна. Зах зээл дээрх үнэртний үйлдвэрлэлд маш их синтетик химийн найрлага хэрэглэдэг нь агаар мандал, хүрээлэн буй орчинд маш их хор хөнөөлтэйг бид сайн мэднэ. Тэгвэл Tom Ford брэнд түлхүү амьд байгалийн түүхий эд ашиглахыг зорьж байгаа нь байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд мөн аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн шинж юм.
Зөөлөн үнэртэй жасмин цэцэг болон сэнгэнэсэн кардамоны ноотуудыг хөнгөхөн арьсны үнэрээр баяжуулсан тус сүрчиг нь яг л уужим тал нутагт очсон мэт мэдрэмжийг бэлэглэнэ. Мөн энэхүү үнэртэн нь нэгэн хэвийн үнэрт дургүй, ажил хэрэгч, өөртөө итгэлтэй хэн бүхэнд зориулагдсан мэт санагдлаа.
COSTA AZZURRA
Газар дундын тэнгист орших олон янзын байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхамшигт арлын тайван, амарлингуй уур амьсгал, таатай цаг агаараас сэдэвлэсэн чамин савлагаатай Costa Azzurra. Төрөл төрлийн ургамал болон жимсний ноотууд хамгийн гүн мэдрэмжүүдийг сэргээж, эмэгтэй хүний олон талт байдлыг илтгээд зогсохгүй бүсгүйн дотоод гал цогийг бадраах мэт санагдана.
Энэхүү сүрчиг нь удаан тогтоцтой ч хурц үнэргүй, мөн хүн тус бүрийн байгалийн үнэртэй хослохоороо үгээр илэрхийлэмгүй анхилуун үнэрийг тодруулах болно.
TOM FORD-ИЙН СҮРЧГҮҮДИЙГ ХЭРХЭН ЗӨВ ТҮРХЭХ ВЭ?
Niche сүрчгүүд удаан тогтоцтой, илүү гүн үнэртдэг гэдгээрээ онцлог тул сүрчгийг бугуй, хүзүү, тохой, өвдөгний ар хэсэг, шагай гээд хаана ч бага хэмжээгээр түрхэж болно. Гэвч хувцас руу цацах, эсвэл түрхсэн хойноо арьсаа хооронд нь үрэхээс зайлсхийгээрэй. Сүрчиг хувцсыг толботой болгох эрсдэлтэй төдийгүй арьсан дээрээ түрхэн "тайван" орхиогүй тохиолдолд жинхэнэ үнэр нь гарахгүй байх магадлалтай юм. Мөн Том Фордын онцолж байснаар сүрчиг гэдэг нь юуны түрүүнд сэтгэлийн хөдлөлтэй нягт холбоотой бөгөөд танд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг биеийн хэсэг, эсвэл хүрээлэн буй орчны агаар луу цацах нь зүйтэй.
BEAUTY SUCCESS
Хаяг: Beauty Success Mongolia, Сэнтрал тауэр, 2-р давхар
Утас: 7776 8899
Facebook: Beauty Success Mongolia
Instagram: @beautysuccessmongolia