Далайн эрэг дээр амрахдаа нүүрнийхээ арьсыг хэрхэн арчлах вэ?
Найзууд ба дайснууд
Ерөнхийд нь авч үзвэл далайн уур амьсгал ба ус нь ямар ч төрлийн арьсанд эмчилгээний нөлөө үзүүлэх чадвартай бидний сайн "найз" юм. Учир нь далайн усны найрлагад бидний бие организмд зайлшгүй шаардлагатай эрдэс бодис ихээр агуулагддаг төдийгүй, мөн тослог ба эмзэг арьсанд ээлтэй, залуужуулах, арьс чангалах чанар бий.
Тослог ба эмзэг арьсыг аль болох ойр, ойрхон ариутгаж, тайвшруулж, чийгшүүлэх шаардлагатай байдгийг хүн бүр сайн мэдэх биз ээ. Тэрхүү ариутгаж, тайвшруулах үйлчилгээг далайн усны эрдсүүд төгс үзүүлдэг юм. Таныг далайн усанд сэлж байх зуур тэдгээр эрдсүүд арьс руу шингэн орж, цусны эргэлт сайжирч, хүчил ба шүлтийн ислийн тэнцвэр хэвийн байдалд ороход нөлөөлдөг. Түүнчлэн далайн ус батганаас үүсэлтэй цочролыг тайвшруулж, арьсан дээрх үрэвслүүдийг эмчилдэг. Гэхдээ хамгийн гол нь далайн эрэг дээр амрахдаа нарнаас болгоомжлох хэрэгтэй. Нарны туяа арьсны дархлааг бууруулж, гиперкератозыг ихсүүлж, батга үүсэх томоохон шалтгаануудын нэг болдог. Тэгэхээр арьсандаа хайхрамжгүй хандсан нөхцөлд далайн эрэг дээрх нар бидний жинхэнэ дайсан болж хувирах өндөр магадлалтай. Тиймээс нарлаг, дулаан орон руу нисэхээсээ өмнө арьс судлалын мэргэжилтэнтэй уулзаж, арьсныхаа нөхцөл байдлыг шалгуулж, арьс арчилгааны төгс аргачлалын талаар зөвлөгөө авах нь зүйтэй юм шүү.
Арьс арчилгааны зарчмууд
Далайн эрэг руу аялахаасаа өмнө арьсандаа массаж эсвэл пилинг үйлчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөх байна. Халуун цаг агаарт тослог арьсны судсан дахь цусны эргэлт ихсэж, өөхөн булчирхайн үйл ажиллагаа эрчимжиж, энэ бүхний үр дүнд шинэ үрэвслүүд үүсч эхэлдэг. Тэгэхээр арьсаа аль болох тайван байлгаж, ямар нэгэн цочрол үүсгэх үйлчилгээнүүдээс түр хугацаанд хол байсан нь дээр юм. Түүнээс гадна амралтын үеэрээ гликолийн агууламжтай бүтээгдэхүүнээс татгалзаж, оронд нь балжингарав ба хумсан цэцгийн ханд, ногоон цай ба SPF-ын орцтой хөнгөн найрлагатай бүтээгдэхүүнүүд ашиглах нь таны арьсанд ээлтэй.
Тэгэхээр амралтын өдрүүдээ арьсаа сайтар цэвэрлэхээс эхлүүлээрэй. Арьсаа саармаг pH үзүүлэлттэй, зөөлөн бүтэцтэй цэвэрлэгчээр бага зэргийн хүйтэн усаар цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлэснийхээ дараа арьсаа SPF агууламжтай (50-аас доошгүй), non-comedogenic тос эсвэл эмульсээр чийгшүүлэх нь зүйтэй. Таны хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдийн найрлага өөхөн булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулдаг, үрэвслийн эсрэг ба ариутгах үйлчилгээтэй байх ёстойг санаарай. Ингэснээр таны арьс ямарваа нэгэн гаднын нөлөөнд илүү тэсвэртэй болох юм.
Эмзэг арьстай хүмүүс бусдаас илүүтэйгээр нарны туяанаас болгоомжлох хэрэгтэй. Наранд биеэ шарж, жигд борлох хүсэлтэй нэгэн нь нарнаас хамгаалах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж, арьсаа нарны туяанд хуурайшуулахаас зайлшгүй хамгаалах ёстой. Ерөнхийдөө ийм төрлийн арьстай хүмүүс далайн эрэг дээр амрахдаа үрэвсэл үүсэхээс сэргийлэхийн тулд ямар нэгэн өө дарах үйлчилгээтэй крем ба өө дарагчаас татгалзсан нь дээр юм.
Далайн эрэг дээр арьсаа хуурайшуулахгүйн тулд гиалуроны хүчил, эрдэст давс, йод ба нүүрстөрөгчийн давхар ислээр баялаг арьсны "термад" усаар хөнгөхөн чийгшүүлж байхад илүүдэхгүй. Энэхүү ус нь чийгшүүлэхээс гадна мөн арьсанд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх болно. Тэгээд ч таны арьс далайн уснаас цочирддог бол, тайвшруулж, сэргээх үйлчилгээтэй термал спрей танд зайлшгүй шаардлагатай. Эцэст нь арьсныхаа хамгаалалтыг сулруулахгүйн тулд усанд ороод гарах бүрдээ SPF-тэй тосоо түрхэхээ мартуузай.