Эмили Ратаковксийн гоо сайханч заавал мөрдөх арьс арчилгааны чухал алхмуудыг хуваалцлаа
Нарны тос, ретинол болон бусад
Жижи Хадид, Эмили Ратаковски, Ирина Шейк зэрэг толигор, гэрэлтсэн, эрүүл арьсаараа гайхагддаг олны танил бүсгүйчүүдтэй хамтран ажилладаг Нью-Йоркийн гоо сайханч, арьсны мэргэжилтэн Фабрисио Ормонде өөрийн баримталдаг арьс арчилгааны чухал алхмуудаа хуваалцлаа. Тэрээр сүүлийн 15 жилийн турш физиологи, эрүүл мэнд болон гоо зүйн чиглэлээр мэргэшсэн бөгөөд өдөр тутам арьс арчилгаандаа хийж болох ба болохгүй ямар зөвлөмжүүдийг өгсөн талаар уншигчдадаа хуваалцаж байна.
Өдөр бүр нарны тос хэрэглэ
Арьс өнгөө алдаж, нарийн үрчлээ үүсэх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол өдөр бүр нарны тос хэрэглэх. Нарны хэт ягаан туяа хүний арьсанд маш их хортой нөлөө үзүүлдэг учир өөрт тохирох орц найрлага, боломжийн үнэ, олон талын ач холбогдол бүхий SPF-ийг тогтмол хэрэглэж заншаарай.
Батгаа шахах гэж бүү яар
Нүүрний арьсан дээрх батга, нөсөө толбо тодрох тусам бид ямар ч хамаагүй аргаар хурдан алга болгохыг хүсдэг. Гэвч гэрийн аргаар батгаа шахах нь магадгүй богино хугацаанд үр дүнтэй байж болох ч урт хугацаанд нүүрэн дээр сорви үүсгэх, мөн арьсан дотор бактери тархах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тиймээс нүүрэн дээр батга гарсан тохиолдолд хамгийн түрүүнд шалтгааныг тодруулан, тохирох арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Өөрчлөлт хий
Арьс гэдэг хүний биеийн хамгийн хүчтэй, идэвхтэй эрхтэн учраас жирэмслэлт, цэвэршилт зэрэг амьдралын хэв маягийн болон улирлын чанартай өөрчлөлтүүд дээр үндэслэн арьсандаа хяналт тавьж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, дасан зохицоход туслах хэрэгтэй.
Хэт их гуужуулах хэрэггүй
Арьсны үхэжсэн эсийг устгаж, шинэ, эрүүл арьстай болоход тусалдаг учир гуужуулагч нь арьс арчилгаанд зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн ч арьсны төрлөөс хамаарч долоо хоногт нэгээс гурван удаа л хэрэглэхэд хангалттай. Тэгвэл гоо сайханч Ормонде арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээх эрсдэлээс сэргийлэхийн тулд физикээс илүү химийн гаралтай гуужуулагчийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог байна.
Хангалттай чийгшүүлээрэй
Чийглэг байх нь өөгүй толигор арьсны гол түлхүүр. Ус хүний биеэс хэрэгцээгүй зүйлсийг гадагшлуулахад тусалдаг учраас өдөр бүр наймаас 10 аяга ус уухаас гадна арьс арчилгаандаа гиалуроны хүчил, глицерин зэрэг чийгшил сайн өгдөг найрлагууд нэмэхийг зөвлөж байна.
Цэвэрлэгээ хамгийн чухал
Нүүрний цэвэрлэгээ бол арьс арчилгааны хамгийн эхний бөгөөд чухал алхам. Учир нь шороо тоос, нүүрний будаг, арьсны тос зэрэг нь бүтэн өдрийн турш арьсны нүхэнд хуримтлагдаж, бөглөрч байдаг бөгөөд үүнийг өглөө, орой болгон зөв цэвэрлэх нь чухал. Өглөөний арьс арчилгаанд нүүрний савангаас илүү зөөлөн бүтэцтэй нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүн тохиромжтой байдаг бөгөөд ямар ч үед нүүрээ хэт халуун усаар, эсвэл хэт их угаахгүй байх нь зүйтэй.
Хангалттай нойр авах
Шөнийн нойр гэдэг бидний бие болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, маргаашийн эрч хүчийг тодорхойлоод зогсохгүй гоо сайхан, арьсны өнгө зүсэд хүртэл нөлөөлдөг чухал зүйл. Бид дотроосоо эрүүл байж л сая гаднаа гэрэлтэх боломжтой учраас дан ганц сайн бүтээгдэхүүн хэрэглэх нь хангалтгүй юм. Насанд хүрсэн хүмүүс өдөр бүр долоо болон түүнээс дээш цагийн нойр авах шаардлагатай ба тогтмол дутуу нойртой явах нь нүүрэнд сэвх, үрчлээс тогтох, нүд улайх, бүлцийх, хар хүрээ татах зэрэг олон сөрөг үр дагавартай билээ.
Ретинолд хөрөнгө оруул
Хөгшрөлтийг удаашруулж, үрчлээс болон нөсөө толбыг арилгахаас гадна батганы эсрэг өндөр үр дүн бүхий шилдэг найрлага бол ретинол. Гэвч энэхүү найрлагыг арьс арчилгааны горимдоо долоо хоногт хоёр, хэсэг хугацаа өнгөрсний дараа долоо хоногт гурав гэхчлэн аажим аажмаар оруулах шаардлагатай бөгөөд ингэснээр арьсны улайлт болон гэнэтийн цочролоос сэргийлэх боломжтой.
Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав
Толгой эргэм олон сонголт дундаас яг өөрт тохирох зөв орц найрлага бүхий бүтээгдэхүүн олох амар ажил биш. Тиймээс урт хугацаандаа цаг болон мөнгөө хэмнэхийг хүсэж байвал туршлагатай, чадварлаг, сэтгэлээсээ ажилладаг мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, мэргэжлийн түвшинд арьсаа тодорхойлуулж, бүхий л талаараа өөрт төгс тохирох бүтээгдэхүүн хэрэглэж сурахыг зөвлөж байна.