Хайх

Эрүүл үс: Бидний үснийхээ эсрэг үйлддэг долоон гэмт хэрэг

Эрүүл үс: Бидний үснийхээ эсрэг үйлддэг долоон гэмт хэрэг

Ингээд та баригдлаа даа

Text: Buro.Mongolia


Бид үргэлж эрүүл үстэй байхыг хүсдэг ч гэлээ, үүний төлөө ямар нэгэн алхам хийх нь тун ховор байдаг. Тогтмол будаж, сэнсээр хатааж, хатуу шүдтэй самаар хүчтэй самнаж үснийхээ бүтцийг гэмтээдэг. Тэгэхээр одооноос эхлэн түгээмэл гаргадаг алдаануудаа тодотгож, тэднийгээ залруулцгаая

Танд тохиромжгүй үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх

Гэмт хэргийн жагсаалтын нэгт үс арчилгааны тохиромжгүй бүтээгдэхүүн сонгох явдал бичигдэж байна. Бид ихэвчлэн толгойныхоо арьсыг үл хамааран, үснийхээ төрлөөс шалтгаалж бүтээгдэхүүн сонгодог. Үсний уутанцрууд бидний хэрэглэдэг лак, хөөс, спрей зэргээс болж тогтмол бохирддогийг та бүгд хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. Хамгийн гол нь бид ихэвчлэн зөвхөн үсэндээ санаа тавьж, хуйхаа арчилж, цэвэрлэхээ мартдаг. Бидний хэрэглэдэг шампуниудын ихэнх нь үсийг чийгшүүлж, өтгөн харагдуулах зорилготой силикон орцоор дүүрэн байдаг тул тэдгээр бүтээгдэхүүн нь хуйхыг эсрэгээрээ улам бохирдуулах хандлагатай байдаг. Тэгэхээр энэ асуудлын хамгийн төгс шийдэл бол хоёр төрлийн шампунь хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг нь толгойн арьсыг харин нөгөө нь үсийг арчлах зориулалттай хоёр шампуньтай болоорой.

"Пятый элемент" эмнэлгийн үс судлаач Наталья Куган: «Шампунийг толгойн арьсны онцлогт тохируулан авах ёстой бол, ангижруулагч ба маскийг үсний төрлөөс хамааран сонгох хэрэгтэй. Хэрвээ буруу шампунь хэрэглэвэл энэ нь таны үсний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ. Ялангуяа эмзэг эсвэл мэдрэмтгий арьстай хуйханд үсний эмчилгээний заалттай шампунь хэрэглэхгүй байхыг зөвлөх байна. Учир нь тэдгээр шампуний найрлагад идэвхтэй эсийн агууламж маш өндөр байдаг юм».

Хэрвээ таны хуйхны арьс тослог бол энэ нь ширүүн шампунь хэрэглэж, тосоо арилгах зорилгоор хуйхаа аль болох их хөөсрүүлэх хэрэгтэй гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд тослог арьс нь себум үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа алдагдсаныг эсвэл чийгшил дутагдсаныг илтгэдэг. Тослогжилтын улмаас үсний уутанцарууд бөглөрч, үр дүнд нь идэвхтэй орцууд толгойн арьс руу нэвтрэн орох боломжгүй болдог. Тэгэхээр хуйхаа хэт "цэвэрлэж" хуурайшихад хүргэлгүй, мөн хэт тослогжуулалгүй алтан дундажийг баримтлаж арчлах хэрэгтэй. Ийм тохиолдолд гурван долоо хоногтоо нэг удаа цэвэрлэгээний заалттай тусгай шампунь хэрэглэж байхыг зөвлөж байна. Түүнчлэн зарим хүмүүс хуурайшилтын улмаас үүссэн арьс гуужилтыг хагтай андуурах тохиолдол байдаг. Арьсны гуужилттай тэмцэхийг хүсвэл хуйхыг тайвшруулах бас чийгшүүлэх заалттай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Харин хагийг бактерын эсрэг орцтой бүтээгдэхүүнээр дарж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд хэрвээ та өөрийнхөө хуйхны арьсны төрлийг мэдэхгүй байгаа бол мэргэжилтнээс туслалцаа аваарай.

Эрүүл үс: Бидний үснийхээ эсрэг үйлддэг долоон гэмт хэрэг (фото 1)

Спиртийн агууламжтай үсний "шингэн" хэрэглэх

Лак, мусс, хөөс гэх зэрэг үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүдийг бид яг л биеийн шингэн саван худалдан авч байгаа мэт байж болох хамгийн бага шалгуураар сонгон авдаг. Бид шошго дээр нь амласан үр дүнгийг нь анхаарч, мөн сайхан үнэртэй эсэхийг нь шалгаад л авчихдаг. Уг бүтээгдэхүүний найрлагад хэр их спирт орсон бол гэж хүмүүс тэр бүр эргэцүүлээд байдаггүй. Гэтэл спиртийн агууламжтай бүтээгдэхүүнүүд бидний үсийг хугарамтгай, нарийн ширхэгтэй, өнгөө алдсан, хэтэрхий налчгар болгоход хүргэдэг шүү дээ. Тэгээд ч лак, хөөс зэрэг бүтээгдэхүүн нь зөвхөн үс гэлтгүй мөн хуйхны арьсанд маш муу нөлөөтэй байдаг. Тэд үсний өөхөн булчирхайн үйл ажиллагааг алдагдуулж, заримдаа цочрол үүсгэдэг юм.

Тэгэхээр дараагийн удаа дэлгүүрээс үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн худалдан авахдаа найрлагыг нь сайтар уншихаа мартуузай. Сайн чанарын бүтээгдэхүүний найрлагад глицерин, пантенол, ба Е амин дэм орсон байх ёстой. Бензофенол ба бетаин гэх орцууд ч бас үсэнд ямар нэгэн хор нөлөөгүй юм. Түүнчлэн хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний үнэр хурдан арилж байх ёстойг анзаараарай.

Үсээ огт самнахгүй байх эсвэл нойтон байхад нь самнах

Энэ алдааг долгионтой үстэй бүсгүйчүүд ихэвчлэн гаргаж байгаа харагддаг. Тэд маш хөвсгөр бас өтгөн үстэй тул үсээ самнахаас төвөгшөөж энэ заншлыг ор тас мартсан байх нь их. Аль эсвэл бүр эсрэгээрээ эвтэйхэн байдлын үүднээс нойтон байхад нь самнадаг. Аль аль нь маш том алдаа юм. Бид үсээ хуурай байхад нь өдөр бүр самнаж, хуйхандаа массаж хийж байх шаардлагатай. Ингэснээр арьсны үхсэн эсүүд гуужиж, цусны эргэлт сайжирна. Харин нойтон байхад нь самнавал үс хугарч, салаалах магадлалтай байдаг. Үсээ самнахдаа ойрхон бас нарийхан биш, харин хоорондоо зайтай бас бүдүүн шүдтэй сам хэрэглэж байгаарай. Мөн чийгшүүлэх үйлчилгээтэй спрейн хамтаар үсээ самнавал илүү үр дүнтэй байх болно.

Үсний маскийг буруу аргаар хэрэглэх

Үсний маскны асуудал дээр бид бас л том алдаа гаргадаг. Үсэнд тэжээл үзүүлж, эерэгээр нөлөөлдөг гэх ойлголтын улмаас бид маскийг хэтэрхий "шуналтаж" хэрэглэх нь элбэг. Багахан хэмжээний маскийг үснийхээ уртаар нимгэн бас жигд түрхэх ёстой байтал, бид аль болох их маск авч, зөвхөн үс биш, мөн хуйхандаа хамгийн байж болох зузаанаар "нялж" орхидог. Хамгийн гол нь бид үүнийг мэдээж хэрэг муу санааны үүднээс биш, харин ч эсрэгээрээ зөвхөн сайн сайхан бодол агуулж л үйлддэг шүү дээ. Өнгөө алдсан бас хуурайшсан үсээ аль болох гоё болгох гээд л тэр.

Тэгвэл хамгийн зөв дүрэм бол гурваас дөрвөн хоногтоо үсээ ангижруулагчаар угааж, харин тав дах хоног дээр нь масктай угаах юм. Маск түрхэхээсээ өмнө үснийхээ усыг сайтар шүүх нь зүйтэй. Их хэмжээний ус нь маскийг шингэрүүлж, үйлчилгээг нь багасгана. Багахан хэмжээний маскийг гарын алган дээрээ тараан, чийгтэй үсэндээ зөөлөн түрхэх хэрэгтэй. Үүнийхээ дараа хоорондоо хол зайтай самаар үсээ самнаж, маскийг жигд тарааж өгвөл бүүр ч сайн байх болно.

Эрүүл үс: Бидний үснийхээ эсрэг үйлддэг долоон гэмт хэрэг (фото 2)

Үсээ угаасныхаа дараа алчуураар ширүүн арчих

Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн хамгийн буруу заншил бол энэ. Бид үсээ угаасныхаа дараа алчуураар аль болох хүчтэй үрж, хатааж эхэлдэг. Энэ үйлдлийг дахиж бүү хийгээрэй. Огцом хөдөлгөөн ба ширүүн бүтэцтэй алчуур таны үсийг маш ихээр гэмтээх болно. Үр дүнд нь таны үс хугарамтгай, сэгсгэр, "дуулгаваргүй" болно гэдгийг санаарай. Үүний оронд үсээ ердөө л алчуураараа ороож, тавхан минутын турш үлдээхэд хангалттай.

Хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр үсээ хатааж, янзлах

Үсэндээ индүү эсвэл сэнс ойртуулахаасаа өмнө заавал ч үгүй хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэж байх шаардлагатайг танд үсний талаар мэдлэгтэй мэргэжилтэн бүр зөвлөнө. Мэдээж хэрэг бид үсээ өдөр тутамдаа янзалж, хатаах хэрэг гардаг. Хамгийн гол нь хамгаалж л байх хэрэгтэй. Түүнээс гадна үснийхээ төрлөөс хамааран хэрэгслийнхээ халууныг тохируулах шаардлагатайг санаарай. Хэрвээ та нарийн ширхэгтэй үстэй бол аль болох бага температураар үсээ хатааж, янзлаарай. Нойтон үсийг мөн бага хэмээр, харин бараг хатсан үсийг хүйтэн агаараар хатаах нь зүйтэй.

Legend New York Tsvetnoy гоо сайхны төвийн стилист Яна Нордгеймер: «Орчин үеийн техник технологи хөгжиж, илүү аюулгүй болсон ч гэлээ та үсээ өдөр тутам гэмтээж байгааг санах хэрэгтэй. Тэгэхээр халуун хэмтэй хэрэгсэл ашиглах бүрдээ үсэндээ заавал ч үгүй хамгаалах бүтээгдэхүүн урьдчилан түрхэж байгаарай».

Хуурай шампунийг буруу аргаар ашиглах

Та хуурай шампунь хэрэглэдэг бол өдрийн эцэст үсээ угааж, түүнийгээ арилгадаг уу? Энэ их чухал асуулт юм. Учир нь хэрвээ та хуурай шампуниа арилгадаггүй бол таны хуйхны арьс цочирч, үрэвсэл үүсэх аюулд өртөнө. Хуурай шампунийг яасан ч хоёр өдөр дарааллан хэрэглэж болохгүй.

Хуурай шампунийг зөвхөн зайлшгүй шаардлага гарсан үед л хэрэглэж байх нь зүйтэй. Яагаад гэвэл түүнийг ердийн шампуний оронд өдөр тутамдаа хэрэглэснээр таны үс тэжээлээ алдаж, хуурайшна. Дашрамд дурдахад хуурай шампунийг ариун цэврийн өрөөндөө хэрэглэхгүй байхыг зөвлөх байна. Учир нь чийгтэй агаар түүний шидэт үйлчилгээг үгүй хийдэг юм.

Эрүүл үс: Бидний үснийхээ эсрэг үйлддэг долоон гэмт хэрэг (фото 3)

цааш үзэх