Хайх

Үсээ хэрхэн амжилттай цайруулах вэ? Яг л Белла Хадид шиг

Үсээ хэрхэн амжилттай цайруулах вэ? Яг л Белла Хадид шиг

Загвар өмсөгчийнхөө карьерын түүхэнд анх удаа шаргал үстэй болсон Белла Хадид бүсгүйчүүдэд үсээ цайруулах сэдлийг өгч байна

Text: Buro.Mongolia


Үсээ цайруулна гэдэг ямар ч нөхцөлд үсийг гэмтээдэг процедур юм. Гэхдээ орчин үеийн технологийн тусламжтай үсэнд үзүүлэх хортой нөлөөг багасгах бүрэн боломжтой. Нэг удаагийн оролтоор платинум блонд үстэй болно гэдэг худлаа ч зөв техник ашигладаг туршлагатай мэргэжилтний гарт та хүссэн үр дүндээ харьцангуй богино хугацаанд хүрэх болно.

Баримтлах хэрэгтэй хамгийн гол дүрэм нь үсээ зөвхөн мэргэжилтнээр будуулах хэрэгтэй. Мөнгө хэмнэх зорилгоор бодлогогүй алхам бүү хийгээрэй. Үс буцаад ургах ч удаан ургана гэдгийг мартуузай.

Мэргэжилтэн таны үсийг шинжсэний дараа хэдэн хувийн оксид ашиглан хэдэн тоноор цайруулах боломжтойг хэлж өгнө. Мэргэжилтэндээ өмнө нь үсэндээ ямар химийн гаралтай процедур хийлгэж байснаа, үсээ хэр их гэмтээж байснаа үнэнээр нь хэлж өгөх хэрэгтэй. Юуг ч нуух хэрэггүй. Хэрвээ та үсээ өдөр бүр индүүддэг бол эсвэл гурван жилийн өмнө тодорхой бус гаралтай будгаар будаж байсан бол бүгдийг нь дурдаарай. Энэхүү мэдээллийн үндсэн дээр мэргэжилтэн эрсдэлийг тооцоолж, үсийг тань цайруулах процедурын шат дарааллыг шийдвэрлэх болно.

"Үсийг эрсдэл багатайгаар цайруулахын тулд оксидын хувийг багасгаж, будгаа үсэн дээр илүү удаах хэрэгтэй гэсэн буруу ойлголт байдаг. Үсний стилистүүд заримдаа хурдан үр дүнд хүрэхийн тулд цайруулагчийг хэдэн цагийн турш үсэнд байлгаж уламжлалт 50 минутын хугацааг хэтрүүлэх явдал гардаг. Гэхдээ энэ нь үсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм. Үсэнд үзүүлэх сөрөг нөлөөг багасган шилдэг үр дүнд хүрэхийн тулд үсээ хэд, хэдэн удаагийн оролтоор алхам, алхмаар цайруулах эсвэл оксидын хувийг ихэсгэх нь хамгийн зөв алхам болно" хэмээн Redken брэндийн стилист ба технологич зөвлөлөө.

Мэргэжилтнүүдийн зөвлөдгөөр байгалийн эсвэл будагтай үсэнд 6%, нарийн ширхэгтэй эсвэл гэмтэлтэй болон өмнө нь цайруулж байсан үсэнд 3%, мөн тугалган цаас ашиглалгүй үсийг задгай техникээр будах нөхцөлд 9% ба 12% оксид ашиглах нь зүйтэй.

Үсээ хэрхэн амжилттай цайруулах вэ? Яг л Белла Хадид шиг (фото 1)

Үс болон хуйхаа хэрхэн хамгаалах вэ

"Хамгийн эрсдэл багатай будалт ч хүртэл химийн процесс гэж тооцогддог тул ямар ч нөхцөлд үс гэмтэнэ. Үсний эрүүл мэндийг хадгалан үлдэхийн тулд би Olaplex гэх зэрэг хамгаалалтын плексүүдийг хэрэглэдэг. Ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь дисульфидийн холбоосыг задрахаас сэргийлэхийн зэрэгцээ будалтын үр дүнд нөлөө үзүүлэхгүй. Өөрийн туршлагаас дүгнэн хэлэхэд плекс хэрэглэх нь үнэхээр л үр дүнтэй байдаг шүү" гэж Authentica Club салоны стилист ярилаа.

Хуйхаа хамгаалахын тулд үсээ будуулахын өмнөх 6 цагт үсээ угаахгүй байх хэрэгтэй

Харин зарим будагнууд эсрэгээрээ цэвэрхэн үсэн дээр илүү үр дүнтэй байдаг. Хэрвээ хуйх тань эмзэг бол Essence de Kydra эликсир хэрэглэхийг зөвлөх байна. Энэ бүтээгдэхүүн нь будалтын өмнө хуйханд түрхэгддэг бөгөөд будалтын явцад үүсдэг таагүй мэдрэмжийг багасгадаг юм.

Үсээ хэрхэн амжилттай цайруулах вэ? Яг л Белла Хадид шиг (фото 2)

Хүнд нөхцөлүүд

Хэрвээ та өмнө нь байгалийн гаралтай (хна, басма) будагнууд хэрэглэж байсан бол эсвэл үс тань нэлээд гэмтэлтэй бол үсээ цайруулах гэсний хэрэггүй. Ийм нөхцөлд та хүссэн өнгөө гаргаж авч чадахгүйгээс гадна үс тань бүр салж унах ч магадлалтай. Хэрвээ мэргэжилтэн үсээ цайруулж болохгүй гэж хэлсэн л бол болохгүй гэсэн үг. Үүнтэй зүгээр л эвлэрсэн нь дээр.

"Хна, басма зэрэг байгалийн гаралтай будгаар будаж байсан үсийг цайруулах үед ихэвчлэн үс тод ногоон өнгийн туяатай болдог. Ийм туяаг арилгах бараг л боломжгүй. Цорын ганц арга нь үсээ бараан өнгөөр будах байдаг" хэмээн Redken брэндийн стилист ба технологич тодрууллаа.

Үсээ цайруулсны дараа хэрхэн арчлах вэ?

Цайруулсан үс шар туяатай болдог. Тэрхүү туяаг даран илүү хүйтэн туяатай болгохын тулд хүйтэн пигменттэй будгаар үсийг давхар будах шаардлагатай болдог. Харин тэр будаг нь маш хурдан үснээс гардаг. Тэгэхлээр үр дүнгээ удаан хугацаанд хадгалахыг хүсвэл үсэндээ халуун индүү болон сэнс хүргэхгүй, мөн найрлагадаа их хэмжээний тос агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ийм нөхцөлд хөх ягаан пигмент агуулдаг тусгай бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг зөвлөж байна. Шампунь, ангижруулагч, гэрийн нөхцөлд хэрэглэдэг бальзам гээд л. Бидний зүгээс Alchemic Conditioner Silver ба Kevin.Murphy Blonde.Angel гэх бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх