Үсэнд зориулсан эмчилгээний шингэн тоснууд хэрхэн үйлчилдэг вэ?
Мөн юунд хэрэг болдог вэ?
Клеопатрагийн цаг үеэс хойш шингэн тосны эргэн тойронд ийм их шуугиан дэгдэж байсангүй. Сүүлийн хэдэн жилийн турш шингэн тос хамгийн олон талын давуу талтай эмчилгээний хэрэгслээр нэрлэгдээд байна. Тодруулбал тэд үсний өнгийг сэргээж, бүтцийг нь бэхжүүлж, чийгшүүлж, тэжээл өгөх чадвартай. Шинжлэх ухааны өнцгөөс ярьвал шингэн тос нь үсэн дэх липидийн тэнцвэрийг тогтворжуулах үйлчилгээтэй байдаг юм.
Өнөө үед бүхий л гоо сайхны болон үс арчилгааны маркууд бүтээгдэхүүнүүддээ шингэн тос нэмж байна. Үс хэлбэржүүлэгч гель, тэжээлийн маск, ангижруулагч, мөн гадны нөлөө, халуун уураас хамгаалах бүтээгдэхүүн хүртэл найрлагадаа шингэн тос агуулах болжээ. Хамгийн гол нь орчин үеийн тоснууд нь бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан тосноос тэс ондоо, илүү дэвшилтэт бүтэцтэй болоод байна.
Эрдэмтэд шингэн тосны гинжин бүтцийг задалж, дотор нь чийгшүүлэх увьдистай хольц ба пептид гэх уургийн нийлмэл нэмэх болсон. Тэгэхээр орчин үеийн шингэн тоснууд нь зах зээл дээрх хамгийн хүчирхэг үсний тэжээлийн маскуудтай өрсөлдөхүйц хэмжээний ач тустай болсон гэсэн үг.
Гоо сайхны дэлгүүрт борлуулагдаж буй бараг бүх бүтээгдэхүүн найрлагадаа тос агуулж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Арган, ши ба дал мод, сесаме ургамал, усан үзэмний үр, чидүн жимс зэрэг байгалийн эд зүйлсээс гаргаж авсан тос нь ихэнх бүтээгдэхүүний суурь орц болж байна. Эдгээр тосны зэрэгцээ үйлдвэрлэгчид мөн бүтээгдэхүүнүүддээ эфирийн орц нэмж, ямар ч асуудалтай үс ба толгойн арьсыг эмчлэх чадвартай найрлага бий болгоод байгаа юм.
Шингэн тосны бүтэц ба онцлог
Ерөнхийдөө шингэн тос нь хоёр төрөлд хуваагддаг. Нэг төрөл нь үс угаахаас өмнө болон угааж байх үед ашиглах шаардлагатай тос бол, нөгөөх нь угаасны дараа хэрэглэх зориулалттай юм. Тэгвэл тэдний хооронд ямар ялгаа байна вэ?
Үүний хамаг учир нь шингэн тосны бүтэц дахь молекулуудын хэмжээнд оршдог. Тиймээс молекулын хэмжээ жижиг байх тусам тосны шингэх чадвар сайн. Хэрвээ микроскопоор ажиглавал хүний үс нь яг л олон давхарга хайрс шиг эд, эсээс бүтсэн модны их бие мэт харагдана. Хүний үсний бүтцийн 60% нь уураг, үлдсэн 40% нь ус байдаг юм. Тостой харьцуулбал усны молекул үсний олон давхарга руу хялбархан нэвтэрдэг. Харин тосны молекулууд жинхэнэ десантын цэргүүд шиг ажиллах болдог. Тэд үсний бүтцийн гүн рүү нэвтрэхийн тулд ойролцоогоор 14 цаг зарцуулдаг байна.
Дашрамд дурдахад шингэн тосыг халааж хэрэглэдэгт далд учир бий. Тосыг халааснаар доторх молекулуудыг буталж, үсэнд илүү хурдан шингэхэд тусалдаг юм.
Үсээ угаахын өмнө түрхэх заалттай шингэц сайтай тосыг халуун усны ууранд халааж хэрэглэх нь зүйтэй бол, угаалгын дараа түрхэх тосыг алгандаа үрж, бүлээцүүлбэл илүү зохистой байдаг. Хэрвээ та үсээ сэнсээр хатаах дуртай бол алгандаа үрж, халаасан тос таны үсийг гаднын нөлөөнөөс хамгаалж, бэхжүүлэх болно.
Олон төрлийн тоснууд хоорондоо хэрхэн ялгардаг вэ?
Хүний үс байгалиасаа агаарын чийгшлийг өөртөө шингээх чадвартай байдаг. Угаалгын үед үс эхлээд усыг залгиж, харин дараа нь усыг ууршуулж эхэлдэг. Энэ процессын явцад үсний хамгийн гаднах давхарга эхлээд өргөгдөж, дараа нь доошилдог. Энэ зэргийн ойр, ойрхон хэлбэлзэл нь үсийг гэмтээж, "ядаргаанд оруулна". Тэгэхээр үсээ аль болох бага гэмтээхийн тулд угаахын өмнө түрхэх заалттай шингэц сайтай тосыг хэрэглэхийг санал болгох байна. Уг тосны зарим молекулууд үсний их биед үлдэж, арай бага хэмжээний ус залгилахад нөлөөлөх болно.
Чидун жимс, макадамия мод, авокадо жимс, буйлс самар, ба ши модноос гарган авсан шингэн тоснууд үсний их бие рүү нэвтрэх чадвараараа тэргүүнд бичигддэг. Тийм учраас эдгээр тоснуудыг шампунь, ангижруулагч, ба тэжээлийн маскны найрлагад оруулдаг юм. Эдгээр тоснуудын араас какао, наргил, ба дал модны самарнаас гаргаж авсан "халуун бүсийн" тосны төрлүүд үсэнд шингэх чадамжаараа жагсдаг юм.
Шингэц сайтай тоснууд юун түрүүнд гэмтэлтэй, нарийн ширхэгтэй болсон, өнгөө алдсан, хугарамтгай, эсвэл буржгар үсэнд зориулагддаг. Мөн мэдээж хэрэг будагтай үсэнд сайн нөлөө үзүүлэх болно. Шингэн тоснууд үсэнд хамгаалалтын бүрхүүл үүсгэж, уургийг үснээс гадагшлахгүй байхад анхаардаг. Ерөнхийдөө яг л борооноос хамгаалах шүхэр шиг гээд ойлгочихож болно.
Толгойн арьс цочирдсон байдлыг тайвшруулахад наргил модны самрын тос тусална. Энэ нь бас үсний хагтай тэмцэхэд хэрэг болох орц юм. Наргил модны самрын тосны найрлагад E ба K амин дэм, кальц, төмөр, ба цинк агуулагддаг ба эдгээр нь мөөгөнцөр ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
Ханаагүй тосны хүчлийн агууламжаараа нэгт ордог шингэн тос бол чидун жимсний тос юм. Уг тосны найрлагад кали, кальци, төмөр, натри, фосфор, A, B4, E, K амин дэм болон бетайн амин хүчил ордог. Чидун жимсний тос нь үсийг бэхжүүлж, чийгшүүлж, сэргээх үйлчилгээтэй.
Ши модны тос үсийг чийгшүүлж, зөөлрүүлдэг. Гэхдээ энэхүү тосны шингэц нь бусдыгаа бодвол илүү удаан явагддаг. Тэгэхээр ши модны тосыг үсэндээ хоёр цагийн хугацаатайгаар үлдээх хэрэгтэй. Харин макадамия модны тос Е ба А амин дэм, цинк ба зэсээр баялаг. Тиймээс тэр толгойн арьсыг чийгшүүлж, хамгаалах чадвартай. Эдгээр хоёр тосыг хооронд нь хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.
Угаагаад хатсан үсэндээ түрхэх заалттай тоснууд тэс ондоо молекулын бүтэцтэй байдаг. Ийм зэргийн шингэн тоснууд үсний гүн рүү төдийлөн нэвтэрч чаддаггүй тул тэд зүгээр л үсний гадаргууд хамгаалалтын бүрхүүл үүсгэж, үснээс чийгшил алдахаас сэргийлдэг юм. Өөрөөр хэлбэл үсний дотроос нь тэжээл өгдөггүй гэсэн үг. Эдгээр тосыг түүнчлэн будсан үсний өнгийг сэргээх, буржгар үсийг гөлгөр болгох зорилгоор ашиглаж болно.
Татьяна Хроленко, стилист ба үсчин
"Үсний бүтэц дэх хайрс мэт харагдах олон давхаргууд нээлттэй байх нөхцөлд л тосны тэжээллэг эд зүйлс үсний гүн рүү нэвтрэн орох боломжтой. Өөрөөр хэлбэл үсээ угаахын өмнө мөн угааж байх үед тос түрхвэл хамгийн зохистой. Урт үсэнд хоёроос гурван дусал, дундаж ба богино үсэнд нэгээс хоёр дусал шингэн тос түрхэж, үсний үзүүрээс эхлэн хуйх хүртэл тарааж шингээгээрэй. Гоо сайхны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ижил хэмжээний шингэн тосыг мөн далайн эрэг дээгүүр алхахдаа, бассейнд орохдоо түрхэж байх нь ач тустай. Ингэснээр та үсээ нарны хорт туяа ба давс, хлортой уснаас хамгаална".
Жожоба ба олсны ургамал, марула ба арган модны самрын тоснуудыг эрдэмтэд үсний гүн рүү нэвтрэх чадамжгүй гэж үздэг.
Ургамлын гаралтай тоснуудаас гадна мөн эрдсийн тоснууд гэж бий. Зарим үйлдвэрлэгчид эрдсийн тостой бүтээгдэхүүн борлуулах нь элбэг байдаг. Хэрвээ таны худалдан авсан бүтээгдэхүүний найрлагад парафины тос, петролатум хүчил, цагаан эрдэс зэрэг орц багтсан байвал эдгээр нь газрын тоснууд гэсэн үг юм. Гэхдээ үүнд айх зүйл огтхон ч байхгүй. Бидний хэрэглэж заншсан вазелин хүртэл эрдэст тосны нэгэн төлөөлөгч юм. Ийм зэргийн бүтээгдэхүүн нь үсний гүн рүү нэвтрэн орохгүй. Зөвхөн гаднах давхаргыг нь бэхжүүлж, үсний өнгийг сэргээх болно.
Татьяна Старостина, үсний мэргэжилтэн Eliokap Top Level
"Бүтээгдэхүүний найрлага дэх амин дэм бүр, жижиг элемент болгон үсэнд ба толгойн арьсанд өөр өөрийн гэсэн нөлөө үзүүлдэг. Зарим орц нь үсийг ургуулж, тэжээл өгч, хамгаалдаг бол, зарим нь үс уналтыг зогсоож, чийгшүүлж, хагтай тэмцдэг. Тодорхой нэгэн төрлийн шингэн тосыг ямар байдлаар ашиглах нь маш чухал ач холбогдолтой. Шингэн тоснууд нь мөн байгалийн, эфирийн ба гинжин түвшинд задарсан гэх гурван төрөлтэй гэдгийг санах хэрэгтэй".
Байгалийн гаралтай тос нь үсний уутыг A, C, E, F ба B амин дэм болон цинк, төмөр, магни, кальци, кали гэх зэрэг бичил хэсгүүдээр баяжуулдаг.
Хамгийн гол нь одоо зах зээл дээр зарагдаж буй ихэнх "үсний шингэн тос" нэртэй бүтээгдэхүүнүүд үнэндээ дотроо ердөө л 4-6 % цэвэр тос агуулдаг бөгөөд найрлагын ихэнх орц нь төрөл бүрийн силикон болон бусад нэмэлт эд зүйлсээс бүрддэг. Тэгэхээр ийм "тоснууд" танд ач тус хүргэхээсэээ илүү муу нөлөө үзүүлэх болно. Тэгэхээр шингэн тосыг аль болох цэвэр, байгалийн байдлаар нь ашиглахыг эрмэлзээрэй.