Та нарны тос түрхэхдээ ямар алдаа гаргадаг вэ
Алдаанаасаа суралцаж, арьсаа зөв хамгаалж сурцгаая
Зуны халуун өдрүүд эхэлж буйтай холбогдуулан бид уншигчиддаа цорын ганц зөвлөгөөг дахин дахин давтаж хэлэхийг хүслээ. «Ямар ч тохиолдолд үргэлж нарны тос түрхэж байгаарай!». Гоо сайхны салбар дахь мэргэжилтэн бүрийн амны уншлага болсон энэхүү зөвлөгөө нь таныг залуу насныхаа гоо үзэсгэлэнг авч үлдэхэд тусалж, хөгшрөлтийн шинж тэмдгээс хамгаалж, эрүүл арьстай байлгах болно. Нарны тос түрхэхдээ гаргадаг түгээмэл алдаануудыг олж мэдсэнээр та арьсаа зөв хамгаалж сурах юм.
Та нарны тос огт хэрэглэдэггүй
Та байгалиас заяасан шаргал бор арьстай юу? Тийм байлаа ч гэсэн энэ нь нарны тос түрхэх сэдэвтэй огтхон ч хамаагүй зүйл юм. The American Academy of Dermatology байгууллагын зөвлөж буйгаар хүн болгон (арьсны өнгөнөөс үл хамааран) дор хаяж SPF 30 хамгаалалттай нарны тосыг өдөр тутамдаа түрхэж занших хэрэгтэй аж.
Та хангалттай их түрхдэггүй
Хэрвээ та нарны тосоо зөв зохистой хэмжээгээр ашиглаж байгаа бол зуны улиралд хэд, хэдэн нарны тос дуусгах учиртай. Гольфийн бөмбөгтэй дүйцэхүйц хэмжээний тос таны бүхэл биеийг бүрхэхэд хангалттай байх болно. Тийм ээ, та буруу уншаагүй. Зөвхөн нүүр, хүзүү ба гар биш, харин биеэ бүхлээр нь нарны тосоор бүрхэж, хамгаалах ёстой юм шүү дээ. Мэдээж хэрэг шаардлагатайгаас бага хэмжээний тос түрхсэнээр таны арьс түлэгдчихгүй. Гэхдээ бүтээгдээхүүний саван дээр бичигдсэн SPF хамгаалалтыг бүрэн хэмжээгээр хүртэхийг хүсвэл тосоо харамгүй түрхэх хэрэгтэй юм.
Та тосоо шинэчилж, дахин түрхдэггүй
Ямар ч нарны тосыг хоёр цаг өнгөрсний дараа эсвэл арьсаа усанд дүрж, их хэмжээгээр хөлөрсний дараагаар шинэчилж, дахин түрхэх шаардлагатай байдаг. Нарны тосыг ганц удаа түрхсэнээр арьсаа бүхэл өдөржингөө хамгаалалтад оруулсан гэж бодох нь маш том алдаа юм шүү.
Та нүүрээ будсаны улмаас тосоо шинэчилдэггүй
"Нүүрээ будсан тохиолдолд хэрхэн нарны тосоо шинэчлэх вэ?" гэх асуулт уншигчдын сонирхлыг ихэд татдаг. Юуны түрүүнд нарны тосны бүрэн хамгаалалтыг хүртэхийн тулд хоёр цаг тутамд будгаа арилган нарны тосоо түрхэж, дахин шинээр будгаа тавих шаардлагатай байдгийг онцлох нь зүйтэй байх. Хэрвээ ингэх боломжгүй нөхцөлд нарны тосоо будаг дээрээ давхарлан түрхэх бас нэгэн арга бий. Гэхдээ энэ арга нь таны арьсыг бүрэн хамгаалах чадваргүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Спрей ба нунтаг хэлбэрийн нарны тоснууд косметик будаг дээр давхарлахад хамгаас тохиромжтой байдаг. Харин тосон бүтэцтэй нарны тос хэрэглэдэг бол нүүрэндээ зөвхөн суурь крем хэрэглэж, нунтаг пудр, нүдний тениэс хол байхыг зөвлөх байна. Учир нь тосон бүтэцтэй крем ба нарны тосыг давхарлах нь гоо зүйн хувьд илүү үзэмжтэй, хамгаалалтын хувьд илүү үр дүнтэй байдаг юм.
Та буруу нарны тос сонгодог
SPF гэх ойлголт нь таны сонгосон тос нарны хэт ягаан туяаны хэр их цацрагийг хаахыг, мөн хэр их цацраг таны арьс руу хүрэхийг харуулдаг индекс юм. Ерөнхийдөө хамгаалалтгүй арьс руу хүрэх хэт ягаан туяаны цацрагийг 100% гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ танд SPF 30-тай тос байвал, 100%-ийг тэрхүү 30 гэсэн тоонд хуваана. Тэгэхээр 100:30 ≈ 3.3%. Ингээд 3.3% хэт ягаан туяаны цацраг таны арьс руу хүрч, харин үлдсэн 96,7% нь тосны SPF-ээр блоклогдоно гэсэн үг юм. 3.3% гэдэг маш бага тоо мэт санагдаж болох ч, энэ нь таны арьсыг цочроож, улайхад хүргэх хэмжээний тоо болохыг анхаарах хэрэгтэй. Тиймээс SPF 6 эсвэл 15 гэх индекстэй тоснууд арьсыг тань тийм ч сайн хамгаалж чадахгүй л болов уу.
Түүнээс гадна ихэнх хүмүүс арьсаа зөвхөн UVB цацрагаас хамгаалдаг бөгөөд UVA цацрагийн талаар мэдээлэл багатай байдаг. UVB бол арьсыг түлэгдэхэд хүргэдэг, харин UVA бол арьсан дээр хөгшрөлтийн шинж тэмдэг үүсгэдэг цацраг юм. SPF индекс нь зөвхөн UVB цацрагаас хамгаалах чадварыг харуулдаг. Тэгэхээр бүх талын хамгаалалт үзүүлэх, сайн чанарын нарны тос сонгохын тулд бүтээгдэхүүний шошгыг сайтар судлаж, хоёр цацрагаас нэгэн зэрэг хамгаалах эсэхийг шалгах хэрэгтэй юм.
Та зөвхөн спрей хэлбэрийн нарны хамгаалалт хэрэглэдэг
Спрей хэлбэрийн нарны хамгаалалт хэрэглэхэд эвтэйхэн байж болох ч, энэ нь арьсыг нэгэн жигд бүрхэхгүй, эсвэл санаандгүй байдлаар амьсгалын систем руу орон эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй олон сул талтай зүйл юм. Тэгэхээр арьсаа бүрэн хамгаалалтад оруулахыг хүсвэл аль болох нарны тос хэрэглэж байхыг бид зөвлөж байна. Гэхдээ хэрвээ та спрей хэлбэрийн хамгаалалт хэрэглэхийг илүүд үздэг бол биеийнхээ хэсэг бүрийг анхааралтай бүрхэж, хэд дахин давхарласны эцэст наранд гараарай.
Та зөвхөн гадаа гарахдаа нарны тос түрхдэг
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар та нарны тосыг жилийн 365 өдөр түрхэх шаардлагатай бөгөөд тос түрхэлгүйгээр наранд таван минут л болоход таны арьс гэмтэж эхэлдэг гэнэ. Хүмүүс ихэвчлэн зөвхөн гадаа гарахдаа эсвэл наран шарлагын газар руу явахдаа нарны тосыг түрхэж заншсан байдаг. Гэтэл нарны хорт туяа машин барих үед, оффис дотроо цонхны хажууд суух үед хүртэл арьсанд хортой нөлөө үзүүлж байдаг юм.