Хайх

Толгой эргүүлэм: Үсний сүрчиг ямар хэрэгтэй вэ

Толгой эргүүлэм: Үсний сүрчиг ямар хэрэгтэй вэ

Сайхан үнэрийн хүч чадал

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид үсний сүрчиг гэж юу болох талаар судалгаа явууллаа. Энэ нь ямар ч нэмэргүй бүтээл үү эсвэл бүсгүй хүнд заавал байх зүйл үү?

Үнэндээ бол үсний сүрчигт зориулсан жижиг ном байх ёстой гэж бид бодож байна. Хамгийн анхны үсний сүрчгийг Estée Lauder компани 1970-аад онд гаргасан бөгөөд харамсалтай нь тухайн үед энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн дунд сонирхол төрүүлж чадаагүйн улмаас зах зээлээс төд удалгүй хасагдсан байдаг. Харин 40 жилийн дараа л үсний сүрчгийн эрэлт хүмүүсийн дунд үүсч, энэ бүтээгдэхүүн эргэн ирэх боломжтой болсон юм.

Үсний сүрчгийг гоо сайхны зах зээлд олон төрлөөр нэрлэдэг. Та жишээ нь  бүтээгдэхүүний шошгоноос "Hair Perfume", "Hair Refresher", "Silk Perfume" гэх зэрэг нэрс олж харах боломжтой. Гэхдээ хамгийн зөв бас түгээмэл нэр нь "Hair mist" юм. Эдгээр бүх бүтээгдэхүүн нь сүрчгээ сам руугаа цацдаг байсан эртний аргыг халж чадсан ба үсэнд үндсэн зөөлөн үнэр шингээдэг.

Сонгодог сүрчиг ба үнэртэй усыг бид хүзүүнийхээ хажуугаар, бугуй ба цээж хэсэгтээ түрхдэг бол үсний mist-ийг өөрийнхөө урд цацаж манан үүсгээд үсэндээ шингээх хэрэгтэй. Түүнээс гадна үсний сүрчиг нь ерөнхийдөө зөөлөн үнэртэй байдаг тул биедээ хэрэглэхэд ч бас тохиромжтой.

Үсний сүрчгийн найрлагад бидний толгойн арьсыг гэмтээх магадлалтай спирт огт агуулагддаггүй давуу тал бий. Ихэнх бүтээгдэхүүнүүдийн найрлагад 1-2% үнэртүүлэгч бодис, амин дэм, нарнаас хамгаалах, чийгшүүлэх мөн гялалзуулагч бодис ордог. Нэг үгээр бол үсний сүрчиг нь ангижруулагч ба бальзамын үйлчилгээг нэмэгдүүлж, үсийг хүнд бас тослог болголгүйгээр шинэхэн мэдрэмжтэй үлдээдэг юм.

Толгой эргүүлэм: Үсний сүрчиг ямар хэрэгтэй вэ (фото 1)

Хуурай шампуний адил үсний сүрчгийг ч бас хэмжээ хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг үсэндээ олон давхарлаж түрхэх нь толгойн арьсыг тослогтуулж, үсний өнгийг алдагдуулж, хуурай болгох аюултай байдаг. Ерөнхийдөө үсэндээ ямар нэг бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх үед хүчилтөрөгчийн хүртээмж багасаж эхэлдэг. Тиймээс үсний сүрчгийг долоо хоног тасралтгүй хэрэглэж болохгүй. Өдөрт 1-2 удаа үс рүүгээ цацаж, зарим өдрүүдэд завсарлага авч байх нь хамгийн зөв шийдэл юм. Эс тэгвээс таны үс маш хурдан бохирдох магадлалтай.

Eliokap Top Level компанийн үсний мэргэжилтэн Татьяна Старостина

"Хэрвээ үсний сүрчгийн найрлагад спирт агуулагдаж байвал энэ нь үсийг маш ихээр хуурайшуулах аюултай. Түүнчлэн зарим бүтээгдэхүүнд синтетик гаралтай үнэртүүлэгч бодис багтсан байдаг нь үсэнд их муу юм. Тосон суурьтай үсний сүрчгээс бас татгалзах хэрэгтэй. Ялангуяа эрдсийн тостой сүрчгээс хол байхыг зөвлөх байна. Тэд үсийг хүнд ба бохир болгох магадлалтай. Харин байгалийн гаралтай үнэртүүлэгч багтсан сүрчиг нь тогтмол хэрэглэхэд тохиромжтой төдийгүй, үсэнд ямар ч гэмтэл учруулдаггүй.

Бас нэг зүйлийг сануулж хэлэхэд үс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд өөрийн гэсэн үнэр бий. Ихэнх тохиолдолд таны шампунь эсвэл үсний тосны үнэр сүрчигтэй тань холилдож, эвгүй үнэр үүсгэдэг. Тиймээс таны ашигладаг үс арчилгааны бүтээгдэхүүнүүд ч бас байгалийн гаралтай байвал их сайн. Ийм төрлийн арчилгааны бүтээгдэхүүнүүд үсийг бага ч болов уу эмчилж, таагүй үнэрийг дарж, үсний сүрчигтэй тань сайхан хослоно.

Зарим үйлдвэрлэгчид мөн үсний сүрчгийн найрлагад хэт ягаан туяаны шүүлтүүр оруулдаг. Энэ нь зуны цагт их тустай байдаг шүү. Гэхдээ мэдээж хэрэг сүрчгэнд найдаж, үсэндээ ямар нэгэн хамгаалагч тос түрхэхгүй байх нь ухаангүй хэрэг юм.

Үсний сүрчгийг зуны улиралд хэрэглэх нь хамгаас тохиромжтой байдаг. Тэд таны хайртай үнэрийг үсэнд тань зөөлөн шингээж, хажуугаар зөрсөн хүн бүрийн анхаарлыг татаж чадна. Мөн ийм сүрчиг хэрэглэснээр та ойр орчны муухай үнэрийг хэзээ ч үсэндээ халдаахгүй байх болно. 

цааш үзэх