Ваннд орохын ач тус
Халуун устай ваннд орох нь гүний булчинг сулруулж, булчин зангирах, толгой өвдөхийг багасгахаас гадна булчингийн уян хатан чанарыг сайжруулдаг. Энэ үйлдэл нь массаж хийлгэхтэй ижил үр дүнтэй бөгөөд өдөржин ширээний ард суудаг хүмүүсээс авахуулаад тамирчдад хүртэл бүгдэд сайн нөлөөтэй. Халуун ваннд орсны дараа сунгалтын дасгал хийснээр булчингийн байрлалыг тогтворжуулан, яс үе мөчний тогтолцоонд ирэх даралтыг ижил хуваарилан өгч булчин-ясны тогтолцооны үйл ажиллагааг дэмжих боломжтой.
Халуун ваннд орж амсхийх нь сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг. Ингэж амарч байх зуураа сонирхолтой ном сэтгүүл уншиж, хөгжим сонсох нь таныг тайвшруулж, аливаа асуудалд илүү сэргэг толгойтойгоор хандахад тань тусална. Өдөр тутмын завгүй амьдралаасаа богино хугацаанд ч болов амралт авч байх нь чухал тул ваннд орж байх хугацаандаа интернэтээ салган, утсаа хаагаарай. Энэ мөч нь зөвхөн булчингаа амраагаад зогсохгүй тархиа ч алжаалаас нь тайлах үнэт хугацаа юм шүү.
Ванны ус хөлс гарам халуун байх хэрэгтэй. Хөлс ялгарах явцад биеэс хор гадагшилдаг. Өдөр тутам усанд орох нь биеийн эвгүй үнэрээс сэргийлж, деодарант зэрэг бодис хэрэглэх шаардлагагүй болгодгийг анзаарсан л биз дээ. Халуун ус нь мөн олон тооны нян, вирусыг устгаснаар ханиад, томуу, бусад халдварт өвчнөөс сэргийлнэ.
Хөлрөх явцад хурдасдаг тунгалагийн тогтолцооны үйл ажиллагаа нь хорыг биеэс гадагшлуулахын зэрэгцээ дараагийн удаа хор, нян, вирусыг биеэс зайлуулах чадамжтай шинэ урсгалуудыг бий болгоно. Тунгалагийн тогтолцоо нь дархлааны үйл ажиллагааг дэмжиж байдаг. Халуун ванн нь тунгалагийн тогтолцоог эрчимжүүлснээр эрүүл мэндийг сайжруулна.
Цусны урсгал хурдсах нь гэмтсэн эдийг тэтгэдэг цусны эсүүдийн тэжээлийг ихэсгэх замаар бүх биеийн тогтолцоог сайжруулдаг. Мөн үхсэн эсүүд биеэс хурдан зайлуулагдан эрүүл байх, эрч хүчтэй байхын үндэс болно.
Арьсаа чийгшүүлэн, үхсэн эсүүдийг арьсны гадаргуугаас гуужуулахын тулд тос нэмээрэй. Наргил модны, оливийн тос зэрэг байгалийн гаралтай тоснууд биеийг тань чийгшүүлэн, цаашид хуурайшихаас сэргийлнэ. Бие угаагчийг (loofa or sea sponge ) ашиглах нь арьсны үхсэн эсүүдийг биеийн гадаргуугаас арилган, хүчтэй химийн бодис ашиглалгүйгээр арьсыг тань гэрэлтсэн харагдуулна. Халуун ваннд тогтмол орж, арьс гуужуулагчийг ашиглах нь хуурай, хайрслаг арьсанд цэг тавихын сацуу үүнээс үүдэн гардаг арьс загатнах шинжийг алга болгоно.
Ханиад, томуунаас сэргийлэхийн тулд дархлалын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Судасны болон тунгалагийн тогтолцоог идэвхижүүлэх нь дархлалын тогтолцооны өвчин үүсгэгч нян вирусыг устгах үйл ажиллагааг дэмжиж өгдөг бөгөөд ингэснээр өвчин үүсдэггүй. Багцлаад хэлэхэд халуун ваннд орох нь эрүүл мэндийн олон талын ашиг тустай байгалийн шалгарсан арга билээ.
Хэрвээ таны даралт хэт өндөр ба хэт нам бол халуун ваннд орох нь асуудал үүсгэж болно. Халуун ваннд орсны дараагаар аажим сэрүүцээрэй. Ус хөрөхийг хүлээх эсвэл бага багаар хүйтэн ус нэмэн биеийн халуунаа хэвийн хэмжээнд хүргэснийхээ дараагаар ваннаасаа гарахыг зөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөө аваарай.
Дотоод шүүрлийн үйл ажиллагаанд саад болох, хөхний хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг нийлэг үнэртүүлэгч бодисоос татгалзах хэрэгтэй. Эфирийн тос (нэг, хоёр дусал) зэрэг байгалийн гаралтай эсвэл ванилла (хүнсний дэлгүүрт худалдаалагддаг) ванндаа нэмснээр тансаг үнэртэй, биед хоргүй амрах орчинг өөртөө бүрдүүлээрэй.